Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан төрийн үйлчилгээний төлбөрийг хялбар төлнө
Төрийн банк нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголбанктай хамтран картын системдээ хөгжүүлэлт хийж Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Засгийн газрын харьяа агентлагуудын үзүүлж буй Төрийн үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан бүх банкны картаар төлөх боломжтой болох бөгөөд эхний ээлжинд Дүнжингарав төвд Төрийн банкны ПОС төхөөрөмжүүдийг байршуулах ажлыг өнөөдөр /2018.12.20/ зохион байгууллаа.
Мөн Төрийн банкнаас харилцагчдадаа илүү шуурхай, илүү хялбар үйлчилгээг хүргэх зорилгоор Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон мэдээлэл солилцох програм хангамжийг банкны бизнес нэгжүүдийн шаардлагын дагуу хөгжүүлэн нэвтрүүлж, 19 төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүхий орлого, зарлагын АТМ болон 1000 орчим ПОС төхөөрөмжийг тус тус шинээр ашиглалтад оруулсан билээ.
Түүнчлэн, Төрийн банк “Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журам”-ын дагуу газар хөдлөлт, гал, усны гамшиг гэх мэт байгалийн давагдашгүй болон бусад сөрөг хүчин зүйлс тохиолдох эрсдэлийг багасгаж, банкны системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор банкны нөөц дата төвийг Дархан-Уул аймагт шинээр байгуулж, Монголбанкнаас тавьсан шаардлагыг хамгийн түрүүнд хангасан банк болсон байна.
URL: