МҮЭ: Шинэ оныг багш нарын жагсаал цуглаантайгаар угтахаас өөр аргагүй байна
Энэ оны есдүгээр сард боловсролын салбарын ажилтан, багш мэргэжилтнүүд ажил хаялт зарлан даамжирсны эцэст БСШУСЯ, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон багш ажилчдын цалинг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр байгуулсан билээ.
Хэлэлцээр байгуулан төрийн албан хаагчдын цалинг 2018-2019 онд нэмэгдүүлэх шийдвэрт хүрснээр багш, мэргэжилтнүүдийн ажил хаялтыг зогсоосон. Гэвч уг шийдвэр хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн талаар өнөөдөр багш, шинжлэх ухаан үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлийнхээ үеэр: “Боловсролын яам дээр очиход бүх төсвөө хуваарилсан гэж хэлдэг. Хэдхэн хоногийн дараа шинэ он гарч төрийн сан хаана. Энэ байдлаараа он дамнаж цалингийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэхгүй өнгөрөх гэж байгаа байх” хэмээсэн юм.
Ийнхүү есдүгээр сараас хойш хэрэгжиж эхлэх төсвийг хүлээсэн багш, ажилчид “Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хүлээ” хэмээн ярьж хэрэв цалингаа нэмэхгүй бол шинэ оныг жагсаал цуглаантайгаар угтахаас өөр аргагүй боллоо. Засгийн газраас багш нарын цалинг нэмэх, төсөв мөнгөгүй гэдэг нь худлаа. Өнгөрсөн хугацаанд албан тушаалаа ашиглан тэрбум, тэрбум төгрөг хууль бусаар завшдагийг ЖДҮ-чдын жишээнээс бид хангалттай харсан хэмээн санал гомдлоо илэрхийллээ.
Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Энэ оны есдүгээр сарын 14-ны өдөр БСШУСЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сангийн яам, Засгийн газраас томилогдсон эрх бүхий хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг үндэслэн зургаан зүйлд нэмэлт хэлэлцээр байгуулсан. Гэвч тус хэлэлцээрийн хэрэгжилт дөрвөн сарын турш хэрэгжсэнгүй. Багш нарын ихэнх нь нэмэгдэл авч чадаагүй, мөн орон нутгийн багш нар ч тэр нэмэгдлийг авсан ганц ч багш байхгүй. Шинжлэх ухааны салбарынхан ч энэхүү нэмэгдлийг огт хүртээгүй учир өчигдрөөс эхлэн Сангийн яамны гадаа 10-12 цагийн хооронд жагсаал хийсэн. Бид гэрээ хэлэлцээрээ тохирсон зүйлээ л шаардаж байна. Түүнээс биш шинэ зүйл гарган төрд дарамт шахалт учруулах төсвийг шаардаагүй. Жагсаал өнөөдөр болон, маргааш ч үргэлжлэх болно. Гэрээ хэлэлцээрээс гадна холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага шаардаж байна. Тэд ажлаа хийж чадахгүй байгаагаас нийгэм хямарч, Монголд хариуцлагын зуд нүүрлэчихлээ” гэв.
Ийнхүү тэд цалин нэмэгдэх хэлэлцээр батлагдсан ч хэрэгжихгүй байгаад бухимдалтай буйгаа илэрхийлж, энэ асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч ажиллахыг шаардсан юм.
Ерөнхий сайд болон Сангийн яам, Яам Тамгын газарт бичиг хүргүүлсэн ч аль нэг албан тушаалтны сейфэнд ороод гацдаг. Энэ асуудлаар аль хэдийнээ нүүр нүүрээ харан ярилцсан бол шийдэгдэж болох байсан асуудал шүү хэмээж байв.
Fact.mn
Т.Номун
URL: