АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмлээ
АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 25 пунктээр нэмэгдүүлж 2.25-2.5 хувь болголоо. Энэ тухай тус сангийн бодлого боловсруулагчдын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ.
Бодлогын хүүг ийнхүү нэмнэ гэж таамаглаж байв. Урьдчилсан таамгаар, бодлогын хүүг 25 пунктээр нэмэгдүүлэх магадлал 70.8 хувьтай байсан бол харин хэвээр хадгалах магадлал 29.2 хувь байсан байна.
Үүнээс гадна, Bloomberg агентлагийн санал асуулгад оролцсон 92 шинжээчийн 90 нь хүүг 25 пунктээр нэмнэ гэж таамагласан бол ердөө хоёр нь 2-2.25 хувьд хэвээр хадгална гэж үзжээ.
АНУ-ын ХНС 2016 оны эцсээр бодлогын хүүгээ 0.25-0.5 хувиас 0.5-0.75 хувьд хүргэж нэмж байсан бөгөөд энэ нь 2008 оноос хойш өсгөсөн хоёр дахь тохиолдол аж. Америкийн санхүүгийн зохицуулагч ийм шийдвэр гаргаснаа ажилгүйдэл, инфляцын түвшнийг бууруулах, мөн 2016 онд ДНБ-ий өсөлтийг дэмжих зорилготой холбон тайлбарлаж байв. 2017 оны хувьд бодлогын хүүг гурван ч удаа нэмсэн бөгөөд оны эцсээр 1-1.25 хувьд хүрсэн байна. 2018 он гарснаас хойш мөн гурван удаа өсгөсөн нь гуравдугаар сарын 21-нд 1.5-1.75 хувьд, зургадугаар сарын 13-нд 1.75-2 хувьд, есдүгээр сард 2-2.25 хувьд хүргэжээ. 11 дүгээр сарын 8-нд болсон Төв банкны удирдлагын хуралдааны үеэр 2-2.25 хувийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.
ДНБ-ий өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ
Америкийн Төв банк энэ жилийн ДНБ-ий өсөлтийн урьдчилсан таамгийг 3.1 хувиас 3 хувь хүртэл, 2019 оныхыг 2.5 хувиас 2.3 хувьд хүргэж бууруулжээ. Санхүүгийн зохицуулагчийн урьдчилсан таамгаар, АНУ-д ажилгүйдлийн түвшин 2018 онд 3.7 хувь, 2019 онд 3.5 хувьтай байх аж. АНУ-ын суурь инфляцын түвшнийг энэ жил 2 хувиас 1.9 хувьд, ирэх онд 2.1 хувиас 2 хувьд хүрч буурна гэж урьдчилан таамаглажээ.
ХНС дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийг ажиглаж, АНУ-д үзүүлэх үр дагаврыг тооцоолсоор байна гэж мэдээлэлд дурдсан байна.
АНУ-ын эдийн засгийн хувьд таатай он жил
2018 онд АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт 2008 оны эдийн засгийн хямралын хойших хамгийн өндөр гарлаа гэж ХНС-ийн дарга Жером Пауэлл мэдэгджээ.
Тэрбээр ХНС-гийн удирдлага буюу Нээлттэй зах зээлд ажиллагаа явуулах Холбооны хорооны хуралдааны дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд үг хэлсэн байна. “Америкийн эдийн засгийн хувьд 2018 он санхүүгийн хямралын дараах хамгийн таатай жил боллоо. Эдийн засгийн өсөлтийн хурдац урьдчилсан таамгаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Ажилгүйдлийн түвшин буурч, инфляц 2 хувьд хүрч өссөн бол хөгжлийн хэтийн төлөв эерэг үзүүлэлттэй гарлаа” гэж Пауэлл хэлээд АНУ-ын эдийн засгийг “маш эрүүл” хэмээн онцолсон байна.
2008 онд дэлхийн санхүүгийн хямрал эхэлж, улмаар дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамарсан билээ. Уг хямралыг хэд хэдэн хүчин зүйлтэй холбодог. Тухайлбал, эдийн засгийн ерөнхий мөчлөг, үл хөдлөх хөрөнгийн хямрал болон нефть зэрэг түүхий эдийн өндөр үнэ нөлөөлсөн гэж үздэг.
Америкийн түүхэн дэх хамгийн том дампууралд тооцогддог тус улсын хөрөнгө оруулалтын дөрөв дэх том банк Lehman Brothers-ийн 2008 оны дампуурал хөрөнгийн зах зээлийг уналтад хүргэсэн юм. “Их 20”-ийн орнуудад эдийн засгийн уналт дунджаар есөн сар буюу 2009 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: