Тэд Улаанбаатарын утааг арилгахыг хүсдэггүй
Утаа аюулын харанга дэлдээд нэлээдгүй хэдэн жил өнгөрлөө. Энэ хугацаанд улс төрчдийн ахин дахин сонгогддог нэг шалгарсан арга нь “Нийслэлийн утааг арилгана” гэсэн мөрийн хөтөлбөр билээ. Тэд сонгогдоод утаа гэж юу болох талаар мартаж орхидог. Утааг арилгахыг ч хүсдэггүй байх.
За тэгээд “Утаагүй Улаанбаатар” гэдэг иргэдийн хувьд мөрөөдөл нь болж гэхэд нэг их дэгстэхгүй байх. Жил бүр л намраас эхлээд утаа гэж ярьцгаадаг. Ярилцсаар, шийдэл хайсаар байгаад өвлийг авна. Хавар, зундаа мартаж орхино. Ийм циклээр эргэлдэж сар жилийг ардаа хийх хооронд үрс минь хордож үхэж байна.
Өчигдөр Засгийн газраас утааны голомтод байгаа жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг эрүүл агаарт үнэ төлбөргүй тав хоног амраах тухай ярилцаж, энэ долоо хоногийн сүүл гэхэд эцэслэн шийдэх гэнэ.
Өнөөдрийн байдлаар утааны голомтын бүсэд 39,242 ээж, 0-5 насны 65,413 хүүхэд байгаа судалгааг ХНХЯ хийсэн. Эдгээр ээж, хүүхдүүдийг 29 амралтын газарт 18 ээлжээр амраахаар ярьж байгаа гэнэ. Харин энэ сүрхий ажилд нь 8.7 тэрбум төгрөг шаардлагатай.
Мөн тав хоног эрүүл агаарт амрахын тулд амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 409 ба түүнээс доош оноотой байх шаардлагатай. Энэ нь өрхийн амьжиргаагаа чадан ядан залгуулдаг ч угаалгын машинтай айлын хүүхдүүд бол “хордож үх” гэсэнтэй адил сонсогдож байгаа юм.
Тав хоног амраад ирэхэд эх хүүхэд эрүүлжиж, нийслэлийн утаа арилахгүй. Эргээд л хордоно гэдэгийг эдгээр томчууд тооцоолох чадамжгүй бололтой.
Харин иргэдийн хувьд энэ ажлыг “мөнгө идэх гэсэн нэг санаа, хорооны ажилчдын гараар ороод зорилтот бүлэгтээ хүрч чадалгүй талаар болно” хэмээн харж байна.
Өнгөрсөн жил БНХАУ Бээжин хотын утааг ор мөргүй арилгаж чадсан. Гэтэл манайх нэг сая иргэнтэй нийслэлийнхээ утааг арилгаж чадахгүй амралт, сувилал ярьж алх цохин суух ч гэж дээ.
Үүнээс харахад төрийн томчуул утааг арилгах бодолгүй. Харин ч утаа ихсэх тусам тэдний мөнгө олох үүсвэр нь нэмэгддэг гэж хардахаар байна.
Ийм ард иргэдээр доог тохуу хийсэн хачин санаа сэдэж, хий дэмий мөнгө үрж байхаар гэр хорооллын янданг цөөлмөөр байна. Яаж гэж үү? Адгийн наад зах нь 8.7 тэрбумаараа шөнийн цахилгааны тарифыг тэглэ. Ингэснээр олон айл цахилгаан халаагуур хэрэглэж, утаа багасхад нөлөөлнө. Эсвэл орон сууц байрьж цөөн хэдэн ч болов янданг үгүй хийж болно.
Амралт нэрээр төсвийн хэдэн төгрөгийг үрэн таран хийхийн оронд гарт баригдаж нүдэнд харагдахаар зүйлд зарцуулбал иргэд баярлахсан.
нийтэлсэн: М.Март
эх сурвалж: Fact.mn
URL: