Дональд Трамп Сири улсаас цэргээ татах тушаал өглөө

5c1a824148a43

АНУ-ын цэргүүдийг Сири улсаас бүрэн гаргах тушаалыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өгсөн байна. Энэ тухай Блүүмберг агентлаг албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, цэргээ богино хугацаанд татах тухай төрийн тэргүүнийхээ өгсөн тушаалыг Америкийн цэргийнхэн биелүүлж эхэлсэн байна.

Сири дэх террорист “Лалын улс” бүлэглэлийг АНУ ялсан бөгөөд энэ бол Америкийн цэргүүдийн тэнд байсны цорын ганц зорилго байсан гэж Трамп лхагва гарагт Твиттер хуудсаараа мэдэгджээ.

Трампын засаг захиргаа Америкийн цэргүүдийг Сирээс нэн даруй гаргахаар төлөвлөж байгаа тухай The Washington Post сонин урьд нь цэргийн эх сурвалжийн мэдээллийг иш татан мэдээлсэн байна.

Блүүмберг агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, дээрх шийдвэр нь АНУ-ын улс төрийн бодлого эрс өөрчлөгдсөнийг харуулж байна.

Америкийн цэргүүд Сирийг орхиж байгаа нь тус улсын дэмжлэгтэйгээр өдийг хүртэл “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж ирсэн “Өөрийгөө батлан хамгаалах ардын хүчин” /ӨБХАХ/ хэмээх курдуудын бүлэглэлийг Туркийн цэргүүдийн “өршөөл энэрэлд” үлдээж байгаа болохыг ажиглагчид онцлон тэмдэглэжээ. Туркийн эрх баригчид ӨБХАХ-ийг устгахыг эртнээс зорьж байгаа юм. Энэ бүлэглэлийг Анкара “Курдын ажилчны нам”-ын Сири дэх салбар гэж үздэг. Тус намыг Туркт хориглосон бөгөөд террорист байгууллагуудын тоонд оруулсан билээ.

Сири улсаас цэргүүдээ татах асуудлыг АНУ хэлэлцэж байна гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. Чавушоглугийн хэлснээр, цэргүүдээ Сирээс гаргахаар төлөвлөж байгаа тухайгаа Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд хэлсэн аж.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг Вашингтон бараг устгасан бөгөөд цэргүүдээ татах шийдвэрийг маш хурдан гаргахаар төлөвлөж байна гэж Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байжээ. Үүний дараахан Америкийн цэргүүдийн Сирид байх хугацааг түр сунгах шийдвэрийг Трамп зөшөөрсөн боловч цэргүүдийг урт хугацаанд байрлуулахыг урьдын адил эсэргүүцсэн хэвээр байна гэж Америкийн Засгийн газар Reuters агентлагт мэдээлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих