Лу.Болд: УИХ хулгайгаар С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан
“Комментатор” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Лу.Болдтой хөөрөлдсөн сонирхолтой ярилцлагыг уншигч танаа толилуулья.
–Монголын улс төр халж, бүр “буцалж” байна.
-Улс төрийн тун ээдрээтэй, мөн эгзэгтэй цаг үеийг туулж байна.
–Монгол Улсын эдийн засаг ихээхэн хүндэрснийг 2019 оны Улсын төсвөөс бэлхнээ харж болно. Дээр нь монголын төр дампуурлын ирмэг дээр иржээ гэж дүгнэж болохоор байна?
-Программын хэлээр яривал эхний код нь яаж орно, цаашаа вирустээд явдаг. Манай нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд яг тийм зүйл өрнөж байна. Монгол Улс хугарлын ирмэг дээр ирсэн. Шударга ёс дээр суурилж шинэчилж чадвал зөв гольдрилдоо орно, чадахгүй аваас төгсөнө. Ийм л салаа замын уулзвар дээр бид бүгд зогсч байна.
–Гүнзгий хямрал нүүрлэлээ, улс төр, нийгэм, эдийн засгийн?
-Өнөөдрийн задрал бол жам ёсны асуудал. Хямралд бас сайн тал бий. Хятад ханз тэмдэглэгээгээр хямрал гэдэг нь боломж гэсэн тэмдэглэгээ, утгыг бас багтааж байдаг гэдэг. Өнөөдөр Монгол Улсад нүүрлэсэн их хямрал бас нэгэн шинэ боломжийн эхлэлийг тавьж байна. Манайх шиг улс төр нь нурж унаж буй улс орон шинэ боломжийг эрэлхийлэх нь юунаас ч илүү эрхэм чухал.
–Ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр нэг талдаа гарсан. Эсрэг талд нь УИХ-ын дарга зогсч байна. Дээрээсээ эхлэлтэй ийм л нэг том зодоон үргэлжлээд багагүй хугацаа өнгөрлөө?
-Төрөө тал талаас нь түшээд бэхжүүлэх ёстой субъектүүд шүү дээ, уул нь. Гэтэл улс төрийг хэн нэг нь эзэгнэх ёстой гээд буруу ойлгочихсон. Тэгээд зодолдоод л байдаг. Өчигдөр ч зодолдож байсан, өнөөдөр ч үргэлжилсээр. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэж буй хойно, энэ зодоон төгсгөлгүй. Энэ зодооны үр дүнд, төрөө хумсалж, нурааж, хязгааргүй шуналаар захирах гэж оролддог, энэ аймшигтай тогтолцооноосоо салаасай билээ гэж ерөөх байна. Зодолдож байгаад, дахиад л өөр хоорондоо эвлэлдэн нэгдчих вий. Тэгвэл аюул нүүрлэнэ. Тэр тохиолдолд хувьсгалын замаас өөр сонголт үлдэхгүй болов уу гэж болгоомжлох юм.
–Засгийн газар саа өвчин туссан гээд мэргэжилтнүүд өмнө оношилж байсан. Тэгвэл УИХ-ын 40 орчим гишүүн чуулганд оролцохгүй гэсэн гарын үзэг зурсан. Тэгэхээр Монголын төр бас тэр чигтээ саажиж эхэлж байна. Та тэдэнтэй нэгдэж гарын үсгээ бас зурсан?
-Би дэмжиж зурсан. “А”, “Б” бүлгийн аль нэг нь ялах нь чухал биш. Гол нь асуудлын мөн чанар. Түүхийг сөхвөл, нэг тал нь ялаад л, дутагдал илэрсэн талаа нураагаад л, явж ирлээ шүү дээ. Ялсан тал нь дутагдлаа нуугаад л өнгөрдөг. Энэ зурагдсан пянз мэт түүхийн хүрдэнд цэг тавья. Аль аль талынхны бузар булхай ил боллоо. Хариуцлагаа аль аль тал нь хүлээе. Монгол Улс аль нэг бүлэглэлийг дагасан удирдагчаас хагацаж, үндэсний эрх ашгийг дээдэлсэн удирдагчийг хүсэмжилж байна.
–Өнөөдөр яаж ийгээд аргацааж болох байх. Гэхдээ маргаашдаа асар их хор холбогдол дагуулна, энэ байдал цаашид үргэлжилбэл…
-Үнэн. Асуудал нийгмийн шударга хуваарилалт, шударга ёс алдагдсанд оршиж буй. Бүгд ижил тэгш эрхтэй байж чадаж байна уу. Гэдгээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Монгол бол цөөхөн хүн амтай, төрийн зөв зохицуулалт хийж чадвал ард иргэд нь чинээлэг сайхан амьдрах бүрэн бололцоотой улс орон. Монголын давуу талаа тодотгож, бүх бололцоог эрэлхийлье. Ард иргэдийн мэдэлд баялгийг жинхэнэ утгаар нь шилжүүлье. Баталгаа нь төр өөрөө болог. Монголын газар нутаг дээр уул уурхай ажиллуулах хүсэлтэй хэн нэгэн зах зээлийн үнээр нь тэр уурхайг ард иргэдээс аваг. Газрын асуудал мөн адил.
–Дэлхийд үлгэрлэн дуурайх олон орон байна даа. Тавхан сая хүн амтай Дани улс бол үүний нэг. Хүн ам багатай ч хөгжлөөрөө дэлхийд маш өндөрт явдаг.
-Тийм. Монголын ард түмэн их европжуу соёлтой шүү дээ. Маш их бие даасан сэтгэлгээтэй, дээд тэнгэртэйгээ өөрсдөө харьцдаг өвөрмөц чадвартай. Европ дотроо хойд европтой илүү төстэй. Магадгүй тиймээс ч Шведэд монголчууд олноороо, сэтгэл хангалуун амьдардаг байх. Сайхан ойлголцож байна тэдэнтэйгээ, мөн Герман, Голландад ч мөн адил. Энэ улс орнууд бол дэлхийд хөгжлөөрөө, аз жаргалын индексээр дээгүүр жагсдаг. Швед, Данийг хуулж чадсан Азийн орон гэвэл Сингапур, Хонконгийг нэрлэх болов уу. Тэгтэл Монголчууд би дандаа энэ Африк, Азийн хамгийн муу тогтолцоог дуурайдгаа болимоор байгаа юм.
–Хамгийн аз жаргалгүй орны тоонд Монгол, Африкийн орнуудтай сүүл мушгидаг.
-Манай тогтолцоо болохгүй байгаа хэрэг. Сонин уншина гутамшиг, телевиз үзнэ гутамшиг, тэгээд амьдралаа хартал гутамшиг. Тэгтэл бололцоогоо, баялагаа, түүхээ харахад Монголд бүх зүйл, ид шид нь бүрдчихсэн байдаг.
–Манай нийгэм уруудан доройтсоны нэг учир холбогдол нь нийгмийн хяналт маш муу, хариуцлагын тогтолцоо алдагдсан гэж үздэг. Дээр нь монголын хэвлэл мэдээллийн байгууллага сулхан ажиллаж байна уу гэж дүгнэж болох?
-Суурь нь буруу тавигдсан болохоор дээр нь ямар ч гоё нэр зүүсэн орд харш босгох гээд нэмэргүй. Шударга бус тогтолцоо, хяналт тавьдаг шүүдэг, хууль хяналтыг хэрэгжүүлдэг тэр байгууллагууд бүгд худалдагдсан. Мэдээллийг түгээгч хэвлэл мэдээллийн салбар ч мөн адил худалдагдсан, дарамтлагдсан, эсвэл өмчлөгдсөн байдалтай. Ингэхлээр огт хөдлөх арга байхгүй. Тэгэхээр сууриа засахаас буюу, улс төрд бол өөрчлөлтийг толгойноос нь цэгцлэх л ёстой.
–Загас толгойноосоо өтдөг гэдэг. Толгойноос нь буюу, дээрээс нь өөрчлөлтийг эхэлбэл амжилтад хүрнэ?
-Тийм. Доороос нь янзлана гэвэл зөвхөн хувьсгал шүү дээ. Тэр бол дэндүү их үнэ төлдөг сонголт. Тэр үнэ цэнэтэй хувьсгалаа Монголчууд аль 90 онд хийчихсэн. Таван жил тутамд хувьсгал хийгээд байвал тэр улс дампуурна. Хувьсгал хиймээргүй байна. Гэвч энэ цаг үед, энэ тогтолцоогоо янзалж авахгүй бол маш эвгүй л дүр төрх хүлээгдэж байна.
-60 тэрбум, ЖДҮ буюу “А”, “Б” бүлгийн зөрчлийн тухайд?
-Аль алинтай нь хариуцлага тооцох учиртай. Бие биенээ барьцаалаад, харилцан ацаглаад байж боломгүй. Шаардлагатай гэвэл УИХ-аа тараа, дахин сонгууль хий. Дүнг ард түмэн тавина. Ингэж байж нийгэм өөрөө цэвэршинэ.
–Спортоор зүйрлэбэл ойлгомжтой байх болов уу гээд нэг жишээ татъя. Испанийн Ла Лигийн хамгийн хүчирхэг Реал Мадрид баг дасгалжуулагч Зиданыг багаа орхисноос хойш нилээн бүдэрлээ. Эзэд нь хариуцлага тооцож, гэрээг нь цуцалж, дасгалжуулагчийг нь явууллаа. Мэдээж эзэд нь шийдвэр гаргаж буй ч хэн шахав гэхлээр тухайн багийн хөгжөөн дэмжигчид шахсан байдаг. Эзэд нь биш мөртлөө хөгжөөн дэмжигчид нь эзэддээ тэгэж хүчтэй нөлөөлдөг ажээ?
-Тэд бол манайхаар энэ баялгийн хувьцаа эзэмшигчид гэсэн үг. Тэд яаж контролддог вэ гэхээр “Бид билет авдаг юм” гэдэг. Хэдийгээр хувь эзэмшдэггүй ч гэсэн билетийг худалдан авдаг учир тэднийг үл тоовоос өөрсдөө сүйрэх аюултай. Үүнийг л харилцан мэдэрч буй хэрэг. Харилцан хамааралтай хариуцлагын тогтолцоо гэж үүнийг л нэрлэнэ дээ. Тэгэхээр тэр багаар зүйрлэвэл, Монголын ард түмэн бол тэдгээр намуудын улс төрийн тоглолтын билетийг худалдан авдаг, тэгснээрээ санхүүжүүлж, хөл дээр нь босгодог хөгжөөн дэмжигчид байгаа юм. Нэгэнт зүйл дэлгэгдэж ил боллоо. Дараачийн сонгуульд аль багийг дэмжиж, билет худалдан авахаа шийдэх болж дээ.
-2019 оны Улсын төсвөөс энэ Засгийн газар, энэ УИХ бол маш хариуцлагагүй гэдэг дүгнэлтийг хийж болно гэж үзэж байна?
-76 жалгын босс ирээд л, төсөв, улсын бодлого гэх зүйл хамаагүй гээд жалга жалгандаа, хэн нь илүү гэхэв гээд бүгд найман тэрбум төгрөгийг тус тус хуваарилаад авчихсан. Үр дүн нь орон нутаг ч, улс орон ч хөгжихгүй. Эцсийн эцэст парламентын хамгийн гол хэлэлцдэг зүйл нь төсөв. Яагаад гэвэл улсын төсөв чинь мөнгө. Мөнгө чинь зөв хуваарилагдаж байж ард түмэн төрдөө итгэдэг. Тийм учраас мөнгө зарах эрхээсээ илүү, энэ ард түмэнд мөнгө шударга зөв зарцуулагдаж байгаа гэсэн итгэл нь чухал байдаг. Тийм учраас парламентын хяналт нь төсөв дээр онцгойлон анхаардаг. Гэтэл бид одоо тойргын хяналтын буруугаас болоод нөгөө төсвийн мөнгийг дундаа оруулж байгаад, хоорондоо яриад хуваачихсан байдалтай байгаа. Энэ бол гунигтай дүр төрх, хамгийн харамсалтай үр дүн. Тиймээс цаашдаа сонгуулийн хуулиа өөрчилж, тойргоо томсгох хэрэгтэй.
–Та парламентанд олон удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр ч олон удаа томилогдсон. Үе үе санаанд оромгүй шинэ санаа оноо дэвшүүлдэг.Тухайлбал, улстөрч хүн хэвлэл мэдээллийн байгууллагыг эзэмших нь маш буруу үзэгдэл юм гэж хэлээд өөрийн мэдлийн хэвлэлүүдээсээ татгалзсан мэдэгдэл хийж байсан. Энэ бол монголд хамгийн анхны жишээ байх?
-Би улс төрд орохоос өмнө бизнесийн салбарт хүчээ сорьсон. Түүний нэг нь Голомт банк. Монголдоо томоохонд орох тэргүүлэх банк болтлоо хөгжсөн. Банкныхаа гол өмчлөгч байх шаардлагагүй гэдэг ухамсартай шийдвэрийг 2013 онд гаргасан. Та санаж буй байх. “Eagle”, “Боловсрол”, “News.mn” зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгож, хөл дээр нь босгосон. Олон жилийн туршлага, энэ чиглэлээр юм бүтээх юмсан гэж маш их эрмэлздэг байсан миний хүсэл мөрөөдөл нөлөөлсөн гэж хэлж болно. Тэгээд би улс төрөөрөө дагнан явахын тулд өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс ухамсартай татгалзах шийдвэр гаргаж, нийт улстөрчдөд уриалсан.
Монголын нийгэмд бий болсон шударга бус тогтолцоог таслан зогсоох гол вакцин нь бол хэвлэл мэдээлэл байгаа юм, уг нь. Тэр вакцинаа бид вакцин биш болгочихоод байгаад эмгэнэл оршино. Дараагийн ээлжинд томоохон бизнес эрхлэгчид бас тунгаана биз. Улстөрчдийг хэвлэл мэдээлэл эзэмшихийг, түүгээрээ дамжуулан нийгэмд нөлөөлөхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Монголд хэвлэлийн эрх чөлөө бол байгаа. 1990 оны хувьсгал бол үнэхээр хэвлэлийн эрх чөлөөг бол өгсөн. Гагцхүү чөлөөт, хараат бус хэвлэл нь алга болчихсон. Хэвлэлийн эрх чөлөөг хангаж, хэрэгжүүлж байгаа ганц зүйл бол цахим орчин болсон. Гэхдээ төлбөртэй түмэн аккаунтууд бас бий болчихсоныг дурдах л хэрэгтэй. Тэр нь эрх чөлөөг багасгаж байна. Энэ байдлаар яваад байвал арван жилийн дараа энэ цахим орчин ч байхгүй болно. Хяналтад орчихно. Ингэх юм бол энэ ард түмэн ерөөсөө гарах гарцгүй болно. Хэвлэл мэдээллээ базчихсан, бизнесээ барьчихсан, төрөө, албан тушаалуудаа наймаалцчихсан. Ийм л нийгэмд бид амьдарч байна. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарт маш том аюул нүүрлэж буйн илрэл.
–С.Зориг агсны хэрэг. 1998 оны хэрэг 20 жил болж байна?
-Энэ парламентад гэхэд л сүүлийн хоёр жилийн турш энэ асуудлыг байнга л нэхэж шаардаж сууна. Яг энэ асуудлаар ОУ-ын парламентын хуралд нь оролцлоо. Энэ талаар гарч байгаа шийдвэрүүдийг монголд танилцуулах, нэхэх, цаашлаад энэ талаар тусгайлсан түр хороо байгуулах гэх мэт. Урагшилдаггүй. Бид дотроо уусчихаад, үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйлд будилчихаж. Эмнэлгийн хэлээр бол тухайн хүн юугаа өвдсөнөө сайн хэлж мэдэхгүй баахан өвчин тоочдог. Түүн шиг л юм болж байна. Тэгвэл сайн эмч өвчтөнийг нэг хараад л оношилж чаддаг. ОУ-ын парламент, хүний эрхийн хороо гэдэг дэлхийн том мэргэжилтнүүд. Танайд энэ зүйл чинь ийм байна, энэ нь болохгүй байна, ийм хууль зөрчсөн байна гэж шууд хэлчихэж байгаа юм. Гэтэл манайхан цааргалаад. Түр хороо байгуулна гэснээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Ийм л янзтай ажиллаж байна. Хойшлуулсаар байгаад энэ парламент тарж, дараагийнхтай золгодог доо. Тийм л юм болох нь дээ, янз.
–Хамгийн гол нь энэ хэрэгт жирийн олон иргэдийг хамаатуулан хүчээр шүүж, хэрэг тохсон гэж хуульчид үздэг?
-Маш том эргэлзээ бол ганц амьд гэрч нь шүүх хуралд ороогүй. Ойлгомжгүй болсон асуудал байна. Хоёрдугаарт, хуульзүйн сайд нь гэмгүй гурван хүнийг шийтгэсэн шүү гэдгийг гурван шатны шүүхээр шийдсэн. Дээр нь хамгийн аймшигтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн энэ УИХ 2017 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн С. Зоригийн хэргийн хэлэлцэх хугацааг хулгайгаар дуусгачихсан. Өргөн бариагүй хуулийг хулгайгаар гаргасан. Тэрэнд нь оролцсон хүмүүс гэх юм бол аймшиг.
–Ч.Сайханбилэгийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголдоо авчрах нэрээр зувьчуулсан. Өнөөдөр тэдэнтэй хариуцлага тооцно, “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчид буцаан авна гэсэн МАН-ын сонгуулийн амлалт замхарлаа?
-УИХ-ын чуулган нээгдэхэд л, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр тоглож байж та нар ард түмний саналыг луйвардан авсан. Эрдэнэтийг та нар өөрсдөө авсан шүү гэж УИХ дээр би хэлсэн. Миний хэлсэн өнөөдөр нотлогдож байна. АН руу тухайн үедээ чихээд байсан МАН өөрсдөө авсан учраас асуудлыг шийдэхгүй өдий хүрлээ. Ард нийтийн хяналт дор Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг компаниудыг авч байж, зөв хөгжинө. Ингэж байж уул уурхайн хөгжил зөв гольдролоор явах бүрэн бололцоо бий болно. Энийг улстөрчид хүсэхгүй байгаа юм. 10 жил ярьж байна. Үлгэр зохиож байна. Ард иргэдийг чилээж, горьдоож, 1072 хувьцаа гэж худлаа бичилт хийгээд л. Одоо бас эрдэнийн хувь хүртээнэ тараана гэж горьдлого үүсгээд л. Сонгуулиа анаж байна.
Төр засгийн үүрэг зорилго тун тодорхой, уул нь. Саартай нь тэмцээд, сайныг нь дэмжээд л явах зарчим. Хийх, тулгамдсан ажил уул овоо шиг овоорсон ч хийж шийдэж байгаа нь алга. Нийслэл, Иргэдийн хурал дээр жишээ авъя. Утаа, түгжрэл гэж ярьж, шийдэж байна уу. Үгүй. Иргэдийн амжиргаа, гэр хорооллын хөгжил ярьж байна уу. Үгүй. Зөвхөн л албан тушаал, томилгоо л хэлэлцдэг болсон. Гурав дахь жил рүүгээ орлоо. Их хурал ч ялгаагүй. Сайд томилох, төсөв мөнгө хуваарилах, ЖДҮ. Улс орны хөгжлийг огт ярьсангүй. С.Зоригийн хэргийг илрүүлэхийг хүсч байгаа эсэх бол Х асуудал. Өөр хоорондоо зөвхөн албан тушаал булаацалдах. Ийм л ажлыг гурван жил МАН “эрхэллээ”.
Парламентаа ч ардчилалгүй, нийгмээ ч хяналтгүй, ийм олиггүй тогтолцоог бий болгосон.
–Монголд чадварлаг боловсон хүчин их. Даанч тэднийг ашиглахгүй юм?
-Даанч тэдэнд ямар ч ирээдүй байхгүй. Яагаад гэвэл тэд нар дээшээ гарахын тулд бүх хүн чанараа, ёс суртахуунаа гээх хэрэгтэй болно. Амьдрал ахуй, ирээдүй, хүн чанараа золиосолж адгийн этгээдийн дүрд шилжиж байж сая нэг тэдний багийн гишүүн болно.
–Монголчууд, Монгол Улс эрдэнэс баялгийнхаа жинхэнэ эзэн нь болж, зөв ашиглаж чадахгүй байна. Эрдэнэс Тавантолгой гэхэд л Эрдэнэтээс хэд дахин том орд. Эрдэнэс Тавантолгойнхоо нүүрсийг худалдсан Монголчууд өндийгөөгүй атал, зөвхөн нүүрсийг нь авч борлуулж ирсэн Хятадын Винсвэй (одоо нэрээ өөрчилсөн) гэж компани, түүний эзэн нь дэлхийн топ баячуудын нэг болчихсон. Нүүрсээ гаргаад байсан монгол нь хөгждөггүй, нүүрсийг маань аваад байсан компани хөгжин дэвжжээ. Нэг тийм гажиг тогтолцоо байна
-Оюутолгой ч гэсэн ялгаагүй. Нээчихсэн байсан. Гэтэл түүн дээр жирийн дунд зэргийн хөрөнгөтэй Канад эр ирээд л дэлхийн топ баячуудын нэг болоод л. Зөвхөн тэр компанийн хувьцааг шилжүүлээд л тийм болоод гараад явчихаж байгаа биз дээ. Бид юутай үлдсэн гэхээр бид хэрүүлтэйгээ л үлдсэн. Хэрэлдээд л бие биенээ хардаад л. Ажил нь явдаггүй, төр нь 30 хувь хэрэгжүүлж байгаа нэртэй, ямар ч үүрэг байхгүй.
–Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагыг уншсан. Оюутолгой монголд ашиггүй тухай хэлсэн байсан. Өндөр албан тушаалын хүмүүс мэдээллийг бүрэн авч чадахгүй байна гэдэг бол хачирхалтай санагдсан?
-Яахав, хүсэхгүй байна л гэсэн үг байхгүй юу. Эрх нь бол байж байгаа. 30 хувийг эзэмшигч, хэрэгжүүлэгч нь төр өөрөө. Төр хүсэхгүй байна л гэсэн үг.
-“Эрдэнэт” үйлдвэр гэхээр, Монголын үе үеийн ерөнхийлөгч нар энэ үйлдвэртэй нэр холбогддог. Өөрийг чинь нэлээн шахаж, хэрэг бус зүйлээр ял тохох оролдлого байсан гэж би хувьдаа харж байсан.
-Эдийн засаг, улс төрийн сонирхлоороо нэгдчихсэн энэ хэсэг бүлэглэл хүмүүс өнөөдөр нэгдсэн ч маргааш дайсан болж магадгүй, нэг тийм тогтворгүй байдалтай яваад байна. Тэд хамтарч “хэрэггүй” хүмүүсээ шахан зайлуулдаг. Намайг сайдаас огцруулах шалтгаан олдоггүй. Тэгээд сайдаас чөлөөлөхийн тулд Гадаад яамыг татан буулгасан. Төсөөл дөө. Тэгэхээр миний хувьд маш том хэмжээнд огцорсон хүн болж байгаа юм. Яам татан буугдсан. Гэхдээ би совесть зааж, яамаа эргээд байгуулахын төлөө зүтгэсэн. Би дахин сайдад нэр дэвшихгүй. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон гурван яам байдаг. Гадаад яам, Батлан хамгаалахын яам, Сангийн яам. Энэ гурван юмаа мэддэг улс чинь тусгаар улс байдаг юм. Гадаад яамаа үгүй хийж арай болохгүй гэж учирласан. Ичсэндээ тэд дахиад гадаад хэргийн яам гэж байгуулсан л даа. Тэгээд шинэ сайд тавьсан. Тэр шинэ сайдаар л хэд хэдэн зүйлийг хийлгэх гэж байж гэж сүүлд ойлгосон. Тэр үед би АСЕМ-ын эрхийг авчихсан байсан. АСЕМ-ыг нэг тэрбумаар хийхээр төсөвлөсөн байсан. Гэтэл тэд АСЕМ-ыг айхтар том бизнес болгож хувиргасан. 22 тэрбумаар төсөвлөж, 19 тэрбумыг үрж зарсан.
–Тэгэхээр ямар ч тоглолт хийж чадах том бүлэглэл байгаа нь анзаарагдаж байна?
-Чи намайг мэдэж байгаа. Хулгай, луйварт оролцоно гэвэл би үгүй л гэнэ. Би шууд л өргөдлөө бариад л очно. Би батлан хамгаалах яамны сайд байсан, хоёр жилийн өмнө би өргөдлөө өгөөд явсан. Энэ салбарыг үнэхээр ийм дорд үзэх юм бол, бас эзэн оролцогч нь би болох гээд байна, тиймээс намайг огцруулж өг гээд гарсан. Тэр салбарт чинь хөрөнгө мөнгө, төсөв гэх мэт бүх зүйлийг нь зохих ёсонд болгож өгсөн. Тэрний цаана энэ энхийг сахиулах чадвар оролцоо нэмэгдэж, энэ салбарын орлого улсаас өгч байгаа мөнгөнөөс давсан.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилдаг жилийн өмнөх жил Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй “Эрдэнэт” үйлдвэр “сайн мэдээний аян” өрнүүлэх бүтэн жилийн гэрээ байгуулж, санхүүжилт гаргаж хэвлэлд хуваарилсан. Тухайн үедээ үзэл санааг нь дэмжиж байлаа. Гэтэл тэр нь алсаас бэлдсэн, тодорхой зорилго, тавилттай, зохион байгуулалттай төсөл байж. Дараа нь УИХ-д суудалтай том жижиг бүх нам хамтарсан засгийн газар байгуулсан. Тэгэж байж “Эрдэнэт”-ийг хувьчилсан.
-Би хамтарсан засгийг эсэргүүцсэн. Яах гэж сонгууль хийсэн юм бэ?
–Бүгд нийлээд төрийн өмчийн хороог татан буулгасан. “Эрдэнэт” үйлдвэрийг хариуцдаг байсан Төрийн өмчийн хороог татан буулгаснаар энэ эрхийг Сангийн яаманд төвлөрүүлсэн. Сангийн яамны сайдаар тухайн засагт сангийн сайдаар ажилласан Ж.Эрдэнэбат хожим 2016 оны УИХ-ын дараа ерөнхий сайдаар томилогдсон. Үүнд ямар нэг холбоос байна гэж хардаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол маш эртнээс зохион байгуулалттай хийсэн улс төрийн нүүдэл. МАН, АН-ын хамтарсан маш том бүлэг төрийн өмчийг өөртөө хулгайлсан гэж хараад байгаа юм.
-Гэвч энийг бол хэзээ ч шалгахгүй, бүр хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр Б.Хурцын гаргаж тавьсан Хойд Солонгосын бичиг гээд л ямар ч үндэслэлгүй, тамга тэмдэг ч үгүй бичгийг хэрэг болгож, намайг гүжирдэн, хэдэн жил шалгаж байна. Хаадаг ч үгүй хэрэг болсон. Юу болов гэхээр, бид шалгаж байна гэнэ. Наад материалаа үзүүлээч гэхээр “нууц” гээд л.
–Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн цагаас монголын хууль шүүхийн байгууллага бол захиалгатай ажилладаг гэсэн дүгнэлтийг ард иргэд өгөх болсон. Дуртай хүнээ захиалгаар намнадаг болсон гэж улстөрчид ч дүгнэдэг.
-Дан ганц сүүлийн ерөнхийлөгч гэлтгүй, 28 жилийн хур зовлон нь энэ л дээ. Ямар хэмжээнд, хэний талд гэдгээрээ далайц хэмжээ нь өөр байж л магадгүй. Эрдэнэтийг авах хэмжээнд хүрч байгаа нь бол хүмүүст цочирол өгч байгаа байх.
–Нэг зүйл орхигджээ. Тэр нь шүүх засаглал гэж хэлэхийг Олон улсын байгууллагын мэргэжилтнээс сонссон. Таны бодол?
-Орхигдсон биш. Тэрэн дээр очуулахгүй байгаа хэрэг. Хууль тогтоох засаглал нэртэй хуйвалдааны засаглал болчихсон.Америкт гэхэд шүүх нь ерөнхийлөгчтэйгөө хэрхэн тэмцэлдэж байна. Шүүх нь үнэхээр бие даасан гэдгээ харуулж байна.
–Та бид бүх хуульчдыг худалдагдсан гэж хэлээгүй?
-Тийм. 5-10 хувь нь дээр ярьсанд хамаарч буй. 90 хувь нь бид нартай адилхан хохирогчид байдаг. Тэд нар дээр л тэр зовлон нь очиж байгаа. Муу нэрийг давхар зүүдэг.
–Та бидний ярилцах цаг бол өндөрлөх тийшээ хандаж байна. Та энэ улс төрийн үйл явцыг яаж харж байна?
-Тэр сценари хаана, яаж бичигдэж байгааг бүү мэд, хаашаа яаж ч эргэж мэднэ. Цаад намагны үзүүр их гүнзгий учраас мэдэхгүй. Ингэж дуусаасай гэсэн миний хүсэл өөр. Энэ хоёр том бүлэглэл үзэлцэж, бие биенийхээ булхайг ил гаргалаа. Одоо эд нарт бултах газар байхгүй. Тийм оролдлого хийх юм бол хувьсгал руу очно.
–Та өнөө цаг үеийг хэрхэн дүгнэж байна. Яах ёстой цаг үе вэ?
-Одоо хариуцлагаа тооцож, энэ үнэн дээрээ дараагийн сонгууль руугаа явахаас өөр арга байхгүй. Ямар ч байсан шалгуулах хүмүүс нь шалгуулна биз. Их хуралд 57 гишүүн байвал Их Хурал хүчинтэй. Тэгээд сонгуулиа зарлаад, сонгуулийн ба намын хууль гэх мэт энэ бүхнээ ард түмнийхээ хяналтан доор бие даасан экспертүүдээр шүүлгээд үнэн зөв хууль гаргах хэрэгтэй. Үүдээ түгжиж байгаад л бүх зүйлээ янзалмаар байгаа юм. Одоогийн Монгол улс бол яг л 29 оны Америк. Улс төр нөхцөл байдал нь. Бүх зүйлээ цэгцэлье. Ирэх сонгуулийг 1990 оны сонгууль шиг цэвэр ариун ямар нэг мөнгө тараах юмгүй, давхар луйвардах асуудалгүй, шударга ил тод хийх хэрэгтэй. Монгол Улсад өнөөдөр шинэ эхлэлийн цаг ирсэн байна гэж харж байна. Харин өөрөөр гэвэл хувьсгал. Хувьсгал бол хохирол, хүчирхийлэл, сайнтай муу нь заавал хамт дагаж орж ирнэ. Дахиад бид цаг алдана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: