“Роснефть”-ийн шатахууны үнэ тонн тутамд 82-148 ам.доллараар буураад байна

712-15452104975c1a06a501dbeАМГТ-ны газрын мэдээлж буйгаар энэ 12-р сар гарснаас хойш ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй шатахууны хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 82-оос 148 ам.доллараар буурч, Аи-92 автобензин тонн нь 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болоод байна.

Үүнтэй холбоотойгоор манай импортлогч компаниуд дотоод дахь шатахууны үнээ лирт тутамд эргээд 100 орчим төгрөгөөр доошлуулаад байгаа билээ. Шатахууны үнэ ийнхүү буураад байгаа нь ирэх оны эхний улиралд инфляцийн түвшин бага зэрэг буурахад нөлөөлнө гэсэн төлөвтэй байна. Учир нь бензин, шатахууны үнийн өсөлт нийслэл хотын инфляц 9.3 хувь болж нэмэгдэхэд 1.5 хувиар нөлөөлж буйг саяхан Үндэсний статистикийн хороо болон Монголбанкнаас мэдэгдээд байсан юм.
Олон улсын таваарын зах зээл дээр 2016 оны эхний улирлаас хойш үнэ нь тасралтгүй өсч ирсэн газрын тосны тухайд манай улсад нийлүүлдэг ОХУ-ын шатахууны хилийн үнэ дэлхийн зах зээлийн ханштай холбоотойгоор өсч ирсэн нь манайд нөлөөлсөн. Газрын тос экспортлогч орнууд олборлолтоо бууруулахаар тохирсноос үл хамааран “Брент” маркийн нефтийн үнэ буурсаар байна.
Ирэх 2 дугаар сард нийлүүлэх “Брент” нефтийн нэг баррелийн үнэ энэ 7 хоногийн эхний өрдүүдэд өмнөх арилжааны хаалтын ханшаас бараг 4 хувиар буурч, 57,27 долларт хүрсэн байна. Энэ нь 2017 оны 10 сараас хойших хамгийн доод үнэ болж байгаа юм.
Америкийн Баруун Техасын нефтийн нэг баррелийн үнэ 48.44 доллар орчимд байна. Энэ сарын 7-нд ОПЕК болон тус нэгдэлд багтдаггүй орнууд олборлолтын хэмжээгээ дахин бууруулахаар тохирсон юм. Тэр дагуу ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хоногт олборлох нефтийн хэмжээг энэ оны 10-р сарынхтай харьцуулахад 1.2 сая баррелиар бууруулахаар болсон юм. Түүний дараахнаас нефтийн үнэ өссөн боловч удалгүй буцаад буурч эхэлсэн. Энэ зуур ОПЕК болон тус нэгдэлд багтдаггүй нефть экспортлогчдын тохиролцооны талаар зах зээл дээр зарим сэжиг таамаг байгааг шинжээчид тэмдэглэж байна. “ОПЕК-ийн орнууд болон ОХУ олборлолтоо бууруулах амлалтаа хэр хэмжээгээр биелүүлэх гэдэг асуулт ямагт байдаг” гэдгийг “Рэймонд жеймс энд ассошиэйтс” санхүүгийн компанийн шинжээч Павел Молчанов хэлж байна.
Илүүдэл нефтиэ зах зээлээс татахад нь ОПЕК-т зургаан долоо хоног орчим ордог. Үүний зэрэгцээ нефтийн хамгийн том үйлдвэрлэгч Саудын Араб улс нефть олборлолтыг бууруулахын эсрэг байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шахалтанд орж байгааг шинжээчид дурдсан байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих