БОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Өчигдөр
Өглөөнөөс хойш жижигхэн өрөөгөө орвонгоор нь эргүүлэх шахав. Олддоггүй шүү! Сонин юм даа. Надаас нэг их холдоогүй л баймаар юм. Гар утас дуугарах чимээнээр сэрснээ санаж байна. Нойрмог нүднээ A хэмээх нэртэй хүнээс ирсэн мессэж нэг тодроод нэг бүдгэрч байв. “Өчигдрийг сайхан өнгөрүүлсэн шүү”. Юу билээ гэж нүдээ нухлан тодруулж харвал яах аргагүй “Өчигдрийг сайхан өнгөрүүлсэн шүү” гэх өгүүлбэр. Ингээд миний эрэл эхэлсэн юм. Орноосоо өндийн босож, эхлээд тархиндаа нэгжлэг хийж үзэв. Мартсан биш, ерөөс өчигдөр гэдэг зүйл миний тархинд алга болжээ. Бодлоо нэг нэгээр нь нэхэн, хилийн боомтонд сэжигтэй этгээд цагдаад шалгуулж буй мэт хайв. Ор тас алга.
Дахин тэмдэглэлээ эргүүлж үзлээ. “10 дугаар сарын 15, өрөөнөөсөө бүтэн өдөр гарсангүй, барьж суусан номоо ч уншиж дуусгаагүй” гэх уржигдрийн он сартай тэмдэглэл минь, дандаа буруу биччихээд шууд дээр нь сараачиж балладаг дадалтай минь хамт хамгийн сүүлчийн хуудсан дээр урам муутайхнаар өөдөөс ширтэж байх нь тэр. Тэгээд номын тавиур, хувцасны шүүгээ, орны доогуур, угаалгын өрөө байж болох бүх л газарт эрж үзэв. Тэнгэр минь, миний өчигдөр алга болжээ. Огтоос алга…
Архи ууж тасарсан гэхэд бүхэл бүтэн нэг өдөр уумааргүй юм. Тэгээд ч одоо ямар ч шартсан ул мөр алга бөгөөд хэрэв согтсон бол ууж эхэлсэн үеэ санах ёстой доо. Харин уржигдар гэх өдөр дунд ангид байхдаа хамт нэг ширээнд сууж байсан одоо нэрийг нь санахгүй байгаа ангийн охин шиг л санаад бүүр түүр.
Одоо яадаг билээ. Нэг өдөр бодоод алга болсон өчигдөр шигээ олигтойхон хариулт олсонгүй. Сүүлдээ залхаж эхэлснээ “за яавал чиг яаг” гэж бодоод A руу залгав. Харилцуурын цаанаас эмэгтэй хүний уяхан хоолой дугарч:
- Байна уу ?
- A мөн уу ?
- Цо юу даа ?
- Тийм байна.
- Чиний залгахыг хүлээгээд
- Айн?
- Орой зургаан цагт Кингс уушийн газар уулзья! гээд намайг “За” гэхээс өмнө утсаа таслав. Очих уу, яах уу гэж хэсэг түдгэлзсэнээ уулзахаар шийдлээ.
Орой хэлсэн газар нь давхиад очсон надаас түрүүлээд ирчихсэн сууж байв. А урт гэзгээ задгайлан, цав цагаан цамц өмсөж, нүдээ онигордуу болгон будсан нь нэг л дур булаам ажээ. Бид хоёр нэг нэг хундага дарс авснаа энэхэн тэрхэнийг ярилцаж эхлэв. Би ч тойруулж тогшуулж яаж асуудаг билээ гэж бантаж байтал миний тогтворгүй байхыг мэдсэн бололтой гэнэт тэр асуув.
- Яасан? Өчигдрөө хайгаад л байна уу ? Би хариу юу хэлэхээ олж яадан мөрөө хавчис хийв.
- Чи санахгүй байвал би хэлээд өгөх үү ?
Би хэсэг эргэлзсэнээ:
- Тэгвэл ч сонин юм болно доо
гээд хариу инээмсэглэх гэсэн ч хацар татвагнаад үрчийж байх шиг санагдав.
Тэгээд миний өчигдөр юу хийсэн талаар бүсгүй санаагаараа залж гарав бололтой. Эхлээд намайг түүнд дурлалаа илчилсэн гэх, дараа нь бид хоёр Парис явж төмөр суварга нь доор нар шингэхийг харсан, бас Испани явж, Real Madrid багийн тоглолтыг хамт сонирхсон, намайг ямар галзуу дэмжигч байсныг, мөн Өвөрхангай явж Эрдэнэзуу хийдээр орсон, Занабазарын урлал, Цагаан дарь эх хэчнээн гайхалтай байсан… бас бид хоёр шөнийг хамт өнгөрүүлж үүлэн борооны ажил хийсэн тухай, хэчнээн жаргалтай байсан… гээд бүр нэг цаг үед багтамгүй зүйлсийг нүдэнд үзэгдтэл ярьж гарав. Эхлээд надад үнэмшилгүй уйтгартай санагдсанаа, сүүлдээ аюумшигтай мэт бодогдов. Угаасаа би мэдэхгүй юм чинь миний гээсэн өчигдөр үнэн тийм ч юм бил үү? Тийнхүү тэр миний өчигдрийг бүр энэ насандаа дахиж юу ч хийгээд утгагүй болтол, хаа ч явж юу ч үзсэн сонин биш болтол дэндүү гайхалтай хүүрнэжээ. Нэг мэдсэн би согтсон байв. Өөрийнхөө гайхамшигтай өчигдрийг олсон би шөнө дөлөөр энгэр заамаа ярж, хүйтэн салхи сөрөн, гудамж уруудан дуу аялан байр луугаа алхаж явав.
Өглөө, дэрний хажууд утасны хонх жингэнэх дуунаар сэрлээ. Нойрмог нүдээ нухлан байж, утсаа дурамжхан шүүрч аван үзвэл, дэлгэцэн дээр “A танд зурвас илгээжээ” гэсэн мөр зурайж харагдав…
Ө.Балжинням
URL: