Төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг ТНБД болгочихоод ингэж түвэг удах хэрэг байна уу?
-Төрийн албыг төрлийн алба болгож, холион бантан хутгалцаж буй Төрийн албаны зөвлөлийг татан буулгаж, шинэчлэн байгуулах цаг болжээ-
Төрийн албыг, ялангуяа өөрийн танхим, багийг өндөр хариуцлагатай, ёсзүйн хэм хэмжээ өндөр нөхдөөр дүүргэнэ. Хэл амтай, татлаа түлхээтэй, хариуцлага алдсан шударга бус нөхдийг хөөж явуулна гэсээр хөөрхий Хүкийн тэмцэл бардам ам, шалдан гуя төдийхөн үлдэхвий.
Ядаж хэдэн яамдынхаа дарга нарын ёс зүйн хэм хэмжээг тултал тогтоож, түүндээ нийцсэн нөхдийг тохирох албанд нь томилчихооч дээ. Төрийн албаны тухай хуулийн 10.4-т чинь “5.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” хэмээн онцгойлон заасан байдаг даа, уг нь. Энэхүү 5.1.2 нь Төрийн захиргааны ажилтнууд гэсэн байгаа юм.
Харамсалтай нь төрийн захиргаа, яам тамгын ажилтнууд нь ажлын байрандаа нэг нэгнээ хөнөөж, зодож нүдэн, улмаар хов жив хэрүүл уруулаас огт салахгүй нь эмгэнэл. Эрчүүдийн нь зодоон нүдээн, хүн амины хэрэг шүүхийн шатанд явах зуурт бүсгүйчүүд нь “бандааж лээвчикний” асуудалд орооцолдон хөгөө чирж байх. Цаашилбал УДШ-д ажиллаж байхдаа төрийн томилгоо авч АНУ-ыг зориод тэндээ хууль бусаар “харлаж” үлдсэн тухай мэдээлэл ч чих халууцуулах боллоо. Хэрэв энэ үнэн бол юун дотоожны хэрэг, улс орны дипломат ёсонд шившиг болох асуудал биш гэж үү? Энэ мэт асуудлаа эргэж харахгүй бол монгол төр хэн дуртай болгоны шүдэнз зураад, дотоожоо тайлаад дураараа тарвалзаж болох ёс бусчуудын талбар болж гүйцэх нь.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 10.1-т Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж тодоос тод тусгасан байна. Тийм байтал төрийн албаны мэдлэг, туршлагагүй нэгнийг бүхэл бүтэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилчихоод ингэж түвэг удах ямар хэрэгтэй юм бэ. Өмнө Элсэлтийн ерөнхий шалгалтын тест задрахад хариуцлагыг нь Сайддаа үүрүүлээд хөөгөөд явуулчихсан. Яасан гэж тестийн нууцлалын хариуцлагыг Төрийн нарийн бичгийн дарга бус Сайд үүрсэн нь тэр билээ.
Уг нь Төрийн нарийн бичгийн дарга хүн чинь төрийн албанд хангалттай олон жил ажиллаж туршлага, мэдлэг, ур чадварыг бялууртал эзэмшсэн, жинхэнэ мэргэшсэн нэгэн байх ёстой биш үү. ЭМЯ хүртэл ТНБД болох хүнийг “төрийн албанд 10 гаруй жил ажилласан туршлагатай байх” гэж заан, цензур тогтоосон байхад БСШУСЯ яагаад шалгуур, хэм хэмжээ заадаггүй хэрэг вэ.
Сүүлийн үеийн томилгоонууд дотор БСШУСЯ-ны бодлого, асуудлыг хэнбугай ч хийчихнэ, ойлгочихно гэсэн үзлээр хандаж, албан тушаалыг өртэй фракц, бүлэглэлүүдэд бэлэг төдийхнөөр шидээд байгаа бусармаг байдлыг зогсоовол яасан юм бэ, Ерөнхий сайд аа. Улсын боловсрол, соёлыг сэм сэмээр устгах гадны нөлөөлөл үйлчлээд байгаа юм биш биз.
Нэг хэсэг мүүний шашинтнуудаар Боловсролын яамыг дүүргэлээ хэмээн шуугиж байсан бол одоо христчидээр бүл нэмчихлээ гэх шүүмжлэл тасрахаа болилоо. Энэ улсын хамгийн эмзэг, чухал салбарыг эрхбиш эргэж харан, хариуцлагатайгаар цэвэрлэх цаг нэгэнт болсон бололтой. Нөгөөтэйгүүр, төрийн албыг төрлийн алба болгож, холион бантан хутгаж буй Төрийн албаны зөвлөлийг ч татан буулгаж, мэдлэгтэй чадвартай, өндөр ёс зүйтэй, шударга нөхдөөр сэлгэх шаардлага зайлшгүй бий болжээ.
Нийгмийн толь
URL: