С.Чинзориг: Жирэмсэн болон 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг сувилалд амраахад 5 тэрбум төгрөг шаардлагатай
Утааны улирал эхэлж, хүүхдүүд ханиад томуу тусч байгаатай холбогдуулан Ерөнхий сайд чиглэл өгөн жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг амралт сувиллын газарт амраах санал гаргасан. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай яам Сангийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтраад тогтоол боловсруулж нөгөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр санал нэгдсэн. Хэд хэдэн арга хэмжээг төлөвлөж байна.
Нэгдүгээрт, утааны оргил үед хамгийн их бохирдолтой байгаа бүсүүдэд амьдарч байгаа жирэмсэн эх болон бага насны хүүхдийн тоог нарийвчлан гаргах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулан ажилладаг амралт, сувиллын газруудын хэд нь өвлийн улиралд ажиллаж байгааг тодруулна. Улмаар жирэмсэн болон 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг Эрүүл мэндийн даатгалын сан, Халамжийн сангаас зардлыг нь гаргаж гэрээтэй амралт, сувилалын газруудад тав хоног амраана. Бидний урьдчилсан тооцоогоор найман тэрбум төгрөг зарцуулна гэж үзэж байгаа.
Гэхдээ хамрах хугацааг нь багасгаад арванхоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 25-ны хооронд амраахаар таван тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байна. Нэг тэрбум гаруй төгрөгийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үлдсэн хэсгийг нь Халамжийн сангаас зарцуулахаар төлөвлөж байгаа” гэлээ.
Б.Анир
URL: