Харьд одоод хар гэрт орогсод олширсоор
Манай улсын иргэд яах гэж хилийн дээс алхдаг вэ. Аялал зугаалгаар, ар гэрийн уулзалтаар, цаашлаад арилжаа наймаа эрхлэх зэрэг хэдхэн зорилготойгоор харийн орон уруу хүлгийн жолоо залдаг гэвэл хилсдэхгүй. Гэтэл гадагш гарсан монгол иргэд зорьсон зорилгоо умартан, хэрэг төвөгт холбогдох боллоо гэх мэдээлэл нэлээдгүй чих дэлсэх болов. Тэр бүү хэл гэмт хэрэгт холбогдон эрхээ хязгаарлуулж, ял эдлэх тохиолдол эрс нэмэгдэж байгааг албаныхан хэлж буй. Тодруулбал, 2008 онд манай улсын 101 иргэн гаднын улс оронд гэмт хэрэгт холбогдож, 117 хүн хорих ял эдэлж байв.
Гэтэл 2009 оны эхний есөн сарын байдлаар 116 хүн гэмт хэрэгт холбогдож, 124 нь хорих ял эдэлсэн байдаг. Эл тоог өнгөрсөн онуудтай харьцуулахад гадаадад ял эдлэгсдийн тоо жил тутам өссөн дүн харагдана, Түүнчлэн манай иргэд гадагш гарсан хойноо хар тамхи гэгчийн хүрээлэлд орж, их мөнгөнд толгойгоо мэдүүлснээс гэмтэн болох тохиолдол өссөөр байгаа. Хятадад ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хар тамхины хэрэгт холбогдсон нь нэн харамсалтай. Өмнөд хөршид өнөөдрийн байдлаар манай улсын 100 гаруй хүн ял эдэлж байгаагийн 17 нь хар тамхины хэрэгт холбогдоод байна. Үүний нэг томоохон жишээ бол манай улсын иргэн Л.Байгалмаа 2009 онд хар тамхи зөөвөрлөж яваад баригдан, Хятадын шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазын ял сонсч байсан явдал юм. Эл хэрэгт манай улсын засгийн газар нэлээд анхаарал хандуулсны эцэст уг ялыг бүх насаар хорих болгон өөрчлүүлсэн.
Энэ үйл явдал монголчуудад төдийгүй гаднын бусад орнуудад томоохон цочрол өгсөн нь саяхан. Гэтэл манайхан энэ мэт үйлдлээс цочроо аваагүйгээр үл барам дахин ийм төрлийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ирсээр байна. Сүүлийн үеийн мэдээллээр манай улсын хоёр залуу 500 граммаас дээш хэмжээтэй хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Бээжин хотын цагдан хорих төвд саатуулагдаад байгаа билээ. Тэд Таиланд, Макао зэрэг орноор дамнуулан брэндийн бараа тээвэрлэснийхээ хариуд ихээхэн хэмжээний мөнгө авдаг байсан хэмээн мэдүүлээд байгаа аж. Тэдний өгсөн мэдүүлэг үнэн эсэхийг тус улсын хууль тогтоох байгууллага хараахан тогтоогоогүй байгаа. Ямартаа ч тэд манай улсаас Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн тоог хоёроор нэмсэн. Хятад улс 50 граммаас илүүтэй хар тамхи зөөвөрлөж яваад баригдвал цаазын ял сонсгодог хатуу хуультай.
Гэтэл дээрх залуус эл тоог даруй арав дахин нугалахаар их хэмжээний хар тамхи авч явсан нь тоглоом биш юм.
Харийн оронд гэмт хэрэгт холбогдсон хэн боловч тухайн улс орныхоо хууль цаазад захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэг хийсэн л бол өршөөлгүй гэсэн үг. Дээрх хоёр залуу хар тамхины хэрэгт холбогдоод удаагүй байтал манай улсын гурван иргэн Сингапур Улсад бүлэглэн хулгай хийж байгаад баригдаж, тус улсын шоронд хоригдож байгаа тухай мэдээлэл чих дэлсэх нь тэр. Х.Хашбат, В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нар өнгөрсөн аравдугаар сарын 16-нд Clark Quay гэх олон нийтийн газар нэгэн эмэгтэйн халааснаас гар утсыг нь хулгайлж байгаад баригдсан байна. Мөрдөн байцаалтын явцад өмнө нь ч хэд хэдэн удаа зээлийн карт хулгай хийн ашиглаж байсан нь тогтоогджээ. Түүгээр ч зогсохгүй залуус Сингапурыгхулгай хийхэд тохиромжтой газар хэмээн тооцоолсноо ч мэдуүлсэн байх юм.
Бүлэглэн ихээхэн хэмжээний эд зүйл хулгайлсан залууст Сингапурын шүүхээс удаа дараа хулгай хийсэн гэсэн үндэслэлээр 4.5-6.5 жил хорих ял ногдуулаад байна. Энэ мэтээр монголын иргэд харийн нутагт эх орныхоо нэрийг торны цаанаас дуудуулж яваа жишээ олныг дурдаж болохоор байна. Гэхдээ манай улс харьд ял эдэлж байгаа иргэдээ ор тас орхидоггүй. Эх оронд нь авчрах талаар ихээхэн хөөцөлдөж, багагүй ажил хийдэг. Үүний нэг жишээ бол хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс 15-20 жилийн ял сонссон эгч дүүсийг ялтан солилцох гэрээний дагуу эх оронд нь авчирсан явдал юм.
Эл үйл явдал мэдээж элэг нэгтнүүдийнх нь хувьд таатай байгаа нь дамжиггүй. Гэвч харьд эрхээ хязгаарлуулсан хэн бүхнийг ялтан солилцох гэрээгээр эх орондоо авч ирнэ гэвэл улс хоорондын болон дипломат харилцаанд харшлах талтай. Нэг үгээр хэлбэл ялтан солилцох гэрээ гэгч тийм ч амар бүтчих ажил биш гэдгийг холбогдох яамныхан хэлдэг. Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдон, ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь БНХАУ-д байгаа нь хоёр улс хил залган оршдогтой холбоотой.
Улс хооронд зорчих визтэй байсан бол манай иргэд хүссэн цагтаа, дураараа өмнөд хөрш рүү зорчих, цаашлаад гэмт хэрэг үйлдэх нь юу л бол. Европт тэр дундаа алс холын орнуудад манай иргэд хэрэгт холбогдох нь харьцангуй бага. Ийн бодохоор монголчууд эрх чөлөө гэгчийг эсрэгцүүлж ашиглаад сурчихсан ч улс шиг. Ямартаа ч бид гурван сая хүрэхтэй үгүйтэй атлаа хүн амын тоогоороо дэлхийд толгой цохидог, тэрбум 300 сая хүн амыг барьж байдаг цагдан хорих төвийн “зочдын” тоог нэмсээр байгаа нь нэн харамсалтай. Харьд одогсдыг хязгаарлаж, хянахгүй бол хаяанд байгаа Хятад Улсдаа хазаарлуулж дуусах вий.
mongoliin unen
URL: