Батж.Батбаярын хүү тендер нэрээр тэрбум төгрөг завшиж, түүнийг нь гардан зохион байгуулсан төрийн албан хаагч ажлаасаа халагджээ
Шинэ оны өмнөхөн Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн нэлээдгүй бужигнаж, зарим нь ажлаасаа халагдахад хүрчээ. Эх сурвалжийн өгүүлснээр эл бужигнааны эхлэл нь будлиантаж орхисон тендерээс үүдэлтэй бөгөөд энэ бүхнээс үүдэн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Бямбаа ажлаасаа халагдсан байна. Мөн түүнээс гадна эл хэрэгт УИХ-ын эрхэм гишүүний нэр холбогдсон нь өнгөрсөн сонгуулиар Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан Батж.Батбаяр болоод түүний хүү Баттулга нар юм.
Эл бүх дуулианы учрыг тодруулбал, хотын утаанаас эхтэй юм байна. Учир нь тус яамныхан байсхийгээд хотын хорт утаатай тэмцэх тендер зарладаг бөгөөд нийслэлчүүдийг уушгигүй болгоод буй “утаан мангас”-ыг хэмжих багаж, тоног төхөөрөмж оруулж ирэх тендерийг өнгөрсөн оны эхээр зарлажээ. Тухайн үед нэг тэрбум төгрөгийн өртөгтэй гэх эл тендерийг тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Бямбаа ахлаж байсан нь хожим ажлаасаа халагдах гол сэжим нь болсон байна. Тодруулбал, эл тендерийг зарлах үед анх таван компани тус яаманд материалаа ирүүлжээ. Эдгээрийн дунд эрхэм гишүүний хүү Б.Баттулгын нэр дээр байдаг “Спейшл” компани ч багтаж. Гэтэл Бямбаа дарга ямар үндэслэлээр гэдэг нь мэдэгдэхгүй шалтгаанаар уг тендерийг хойшлуулсаар нэг л мэдэхэд эрхэм гишүүний хүүгийн компани ямар ч өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулан нэг тэрбумыг халааслаж орхижээ. Тухайн үед өрсөлдөгч компаниуд нь Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаас эл асуудлыг тодруулахад “Ялалт байгуулсан компанийн тухайд бидэнд ашигтай, боломжийн санал ирүүлсэн. Мэдээж тийм байхад ялалт байгуулалгүй яах вэ” хэмээн амыг нь таглаж. Гэтэл асуудал үүгээр дууссангүй.
Уг нь аливаа тендерт ялалт байгуулсан компани тухайн бараа материалаа богино хугацаанд оруулж ирж, суурилуулах мөн чанарын баталгаа гаргаж өгөх ёстой. Энэ бол наад захын үүрэг нь. Харамсалтай нь, эрхэм гишүүний хүү Б.Баттулга тендерт ялсан даруйдаа таг алга болжээ. Жил гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөх тоног төхөөрөмжийнх нь сураг гараагүй байна. Гайхсан яамныхан хийгээд Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн учрыг олохоор Төрийн захиргаа удирдлагын газрын даргадаа хандаж. Нэхэл дагал болсны ачаар саяхан л нэг юм тоног төхөөрөмжийнхөө барааг харжээ. Гэвч өнөөх нэг тэрбум төгрөгийн өртөгтэй гэх тоног төхөөрөмжийг ашиглах ямар ч боломжгүй, эвдэрхий байсан тул Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн авахгүй хэмээн буцаажээ. Ингээд л маргаан дэгдэж, татвар төлөгчдийн өчнөөн төгрөгийг салхинд хийсгэсэн эл хэргийн буруутан нь хэн бэ хэмээн багагүй хугацаанд эрэлд хатсаны эцэст уг тендерийг анхнаас нь будлиантуулсан Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Бямбааг ажлаас нь халжээ. Харин уг тендерт луйвраар ялсан, эвдэрхий тоног төхөөрөмж нийлүүлсэн Батж.Батбаяр гишүүн болон түүний хүү Баттулга нарт харин ямар ч хариуцлага хүлээлгээгүй байна.
Үнэндээ бол эрхэм гишүүний хийгээд түүний хүүгийн компанийг тойрсон луйвар үүгээр дуусахгүй. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь Бүрэнхааны фосфоритын ордод тодорхой тооны лицензийг ч Б.Баттулга Их хурлын гишүүн эцгийнхээ нэр, эрх мэдлийн ачаар өөрийн болгосон гэцгээдэг. Түүгээр ч зогсохгүй төрийн өмчөөр хайгуул хийсэн газар дахь хайгуулын лицензийг зургаахан сарын дотор ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болгож өөрчлүүлсэн баримт нь байдаг бөгөөд энэ асуудлыг АТГ-ынхан хүртэл шалгасан удаатай. Үүнээс гадна эрхэм гишүүн болоод хүүгийнх нэр холбогдсон бас нэг дуулиантай асуудал дуулддаг нь тэрбээр өөрийн сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алт олборлох нэрээр их хэмжээний газар хууль бусаар авсан тухай юм. Тухайн үед эл асуудлаар нутгийн иргэд мэдээлэл хийж, “Батж.Батбаяр буюу “Молекул”-ын хүүгээс бид ядаж 30 га газраа авмаар байна. Яагаад гэвэл түүний хүү Баттулгын “Спейшлмайнз” компани Баян-Овоо сумын нутагт 1052 га газрыг авч, гадуур нь хашаа барьсан. Гэтэл тэр хашаанд хоёр ч айлын өвөлжөө орсон бөгөөд үүнээс гадна нутгийн иргэдийн явдаг гол замыг хаасан ба мөн нутгийн иргэдийн амь залгуулдаг байсан алтны шороон ордыг хүртэл авчихаад байгаа. Уг нь бид тэр газрыг нутгийн удирдлага болон иргэдийн хамт гурвалсан гэрээ байгуулан гар аргаар алт олборлох зорилгоор авсан. Гэтэл эрхэм гишүүний хүүгийн “Спейшлмайнз” компанийнхан тэр газарт эзэн сууж, нутгийн иргэдийг хийх ажилгүй, идэх хоолгүй болголоо. Уг нь бид эл асуудлаар УИХ-ын гишүүн Батж.Батбаяртай уулзсан ч “Тэр чинь надад огт хамаагүй асуудал. Манай хүү та нартай уулзахгүй, уулзах шаардлага ч байхгүй” гэлээ хэмээн мэдээлж байсан.
Эцэст нь хэлэхэд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батж.Батбаярын хүүхэдтэйгээ хамтран хийдэг луйвар уул уурхайн салбараас хальж, төрийн байгууллага руу орсны нэг жишээ дээр дуулгасан Ус цаг уурын хүрээлэнтэй холбоотой тендер байсан бололтой.
Л.Оюунгэрэл
URL: