800 тэрбум төгрөг зарцуулсан ч утаа улам ихсэв
-30 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ МӨНГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ-
Улаанбаатар хот тэр аяараа өтгөрсөн хар утаан дунд сүүмэлзэн байна. Гэр хорооллын айлуудын яндангаас хөө тортог болсон хар утаа олгойдож, үзэгдэх орчин харагдахгүйд хүрээд хагас сар боллоо. энэ гамшигт байдлыг хэд дэх жилдээ бичиж байгаагаа ч мэдэхээ байлаа. Хүйтний эрч чангарч эхэлсэнтэй зэрэгцэн нийслэлийн гэр хороолол тэр чигтээ утаа “үйлдвэрлэж” байна. Түлж болох бүхнийг ард иргэд түлшиндээ хэрэглэж, тэр хэрээр нүүрс, модны үнэ ч тэнгэрт хадаж байгаа бололтой. Үүнээс гадна агаарын бохирдлыг улам нэмж байгаа нэг зүйл нь гал түлэхэд бэлэн болгож жижиглэсэн хаягдал дугуйг захын хорооллоор 500-1000 төгрөгөөр худалдаалсан хэвээр байна. Амьдралын боломж тааруу айлууд даарч, хөлдөхгүйн тулд хаягдал дугуй, гялгар цаас, хуванцар сав, шахмал хөөсөнцөрийн хаягдал, үхсэн муур, нохойны сэг зэмээр хүртэл гал түлж байгааг төр засгийн удирдлагуудаас эхлээд бүгд мэдэх болсоор бас л олон жилийн нүүр үзлээ.Утаанаас үүдэлтэй өвчин эмгэг үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. Бүр тодруулбал, гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн цуснаас хар тугалга их хэмжээгээр илэрснийг мэргэжлийн байгууллагынхан онцлон хэлж буй. нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн тэнхимийн багш нар улаанбаатар хотын Баянхошуу, да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон авч, цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийсэн. Шинжилгээний үр дүнгээр Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалны хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн байна.
Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй гэх судалгааг олон нийтэд танилцуулсан нь утаа аюулын харанга дэлдэж байгаагийн тод илрэл юм. Хар тугалга хүнийг маш их уур уцаартай болгодгийг судлаачид бичих болсон. Түүнчлэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой гэж тодорхойлжээ. Тэдний хийсэн судалгаагаар Улаанбаатарын нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй ес дахин их байна хэмээн тооцоо судалгаа гаргасан байдаг. Гэвч төр засгийн удирдлагууд, ядаж Агаарын бохирдол бууруулах ажлын хэсэг, хариуцсан алба, хэлтсийнхэн нь утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарт баригдаж нүдэнд харагдахаар нэг ч ажил хийсэнгүй өнөөдрийг хүрлээ.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Монголын үе үеийн улстөрчид утаатай хатуу тэмцэнэ гэдгээ янз бүрийн аргаар илэрхийлж байв. “Утааг бууруулах чиглэлээр ийм ийм ажлуудыг шат дараалалтай хийнэ. Тэдэн он гэхэд Улаанбаатар ямар ч утаагүй болно. Энэ жил утааг 20 хувь бууруулах тооцоо гаргасан” гэх мэтээр ярьдаг ч утаа улам өтгөрсөөр, ард иргэд, бяцхан үрсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсээр байна. Түүнчлэн утааг бууруулахаар шахмал түлш, гэрийн дулаалга, утаагүй зуухыг улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг гаргаж тарааж байгаа нэрээр их хэмжээний мөнгө “идсэн” нэр бүхий улстөрч, дарга, мэргэжилтнүүдийн тоо толгой, утаатай зэрэгцэн өсч байна. Өөрөөр хэлбэл, утаа улстөрчдийн мөнгө олох нэг төрлийн арга хэрэгсэл болоод удаж байна. Ингээд уншигч та бүхэнд утааг бууруулах чиглэлээр хийсэн томоохон төсөл хөтөлбөр, ажил болон зарцуулагдсан мөнгөн дүнг хүргэе.
800 ТЭРБУМ ТӨГРӨГ УТААНД ЗАРЦУУЛСАН НЭРИЙДЛЭЭР САЛХИНД ХИЙСГЭЖЭЭ
2008-2016 он хүртэл зөвхөн найман жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах ажилд аудит оруулсан байна. 2008-2016 онд нийтдээ утаанд зарсан 164 тэрбум төгрөг, 153 сая ам.доллар буюу 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Тэгвэл үүний задаргааг үзье. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хамгийн түрүүнд 8500 өрхөд гурван тэрбум төгрөгийн гэрийн дулаалга тараажээ. Мөн тээврийн хэрэгслийн утааг бууруулна хэмээн татвар төлөгчдийн мөнгөнөөс 9.8 тэрбумыг зарцуулсан боловч бэлтгэл хангаагүй гэх үндэслэлээр бүрэн хэрэгжүүлээгүй байна. Ингээд удалгүй Цэвэр агаар санг байгуулсан түүхтэй. Цэвэр агаар сангийн хийсэн ажил, санхүүгийн тайланг авч үзье. Тухайлбал, Засгийн газар 2010 онд Цэвэр агаарын санг байгуулж 2015 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ сангийн тайланд Аудит хийхэд зөвхөн зар сурталчилгаанд л гэхэд хэдэн зуун сая төгрөгийн зардал гаргасан байсан аж. Тодруулбал, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, Агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг мэдээллийн сайтуудад шилжүүлжээ. Мөн Цэвэр агаар сангийн дотоод зардалд 2011-2015 оны хооронд 932 сая төгрөгийг зарцуулсан гэх баримт байна. Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайланд 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Иймээс удалгүй Цэвэр агаар санг татан буулгасан түүхтэй. Тэгвэл 2012-2013 онд боловсруулсан зуух буюу утаагүй зууханд нийт 68 тэрбум төгрөг, гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн цахилгааны хөнгөлөлтөд 60 мянган айл хамрагдсан байна.Ийнхүү агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийн 80 тэрбумыг “Цэвэр агаар сан”-гаас гаргасан бол Засгийн газар 70 тэрбум, “Мянганы сорилтын сан”-гаас 50 тэрбум төгрөг олгожээ. Энэхүү хөрөнгийн 80 гаруй хувь нь нийслэлд зарцуулагдсан байна. Харин 2013- 2014 онд агаарын бохирдлыг бууруулахад нийслэлд 22 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2015 онд агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн билээ. 2017 онд таван тэрбум төгрөгийн 3.5 тэрбумыг нь шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаа гэсэн дөрвөн чиглэлд зарцуулсан байдаг. Утаагүй түлшний үйлдвэр барихад тендерт шалгарсан “Намир инвест” компанийн охин компани болох “Аморе интернэшнл” ХХК, ОХУ-ын “Сибтермо” компанитай хамтран 17 тэрбум төгрөгийн төсөвт ажил эхлүүлсэн байдаг. Гэтэл дээрх компани одоо хүртэл утаагүй түлшээ үйлдвэрлэж чадаагүй сууж байна. Өнөөдрийг хүртэл 17 тэрбум төгрөгийн шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй гол шалтгаан нь тус компанийнхан тоног төхөөрөмжөө өөрсдөө зохиосон гэнэ. Ингээд зохиосон тоног төхөөрөмжүүд нь хоорондоо таарахгүй байгаас болж 17 тэрбум төгрөг салхинд хийсээд байна. Эн мэтчилэн утааг устгахад зарцуулсан тэрбум тэрбум төгрөгийн зардлыг тоочвол толгой эргэм их юм гарна. Эцсийн үнэн гэвэл утаа улам ихэссээр байна.
Ийнхүү утаанд улсын төсөв болон гаднын хөрөнгө оруулалттай нийлээд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан орон сууцжуулах тооцоогоор 800 тэрбум төгрөгөөр 30 мянган өрхийг орон сууцжуулах боломжтой гэнэ. Орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувийг урьдчилж төлсөн тохиолдолд иргэд орон сууцтай болох юм гэдгийг онцолж байсан. Тэгвэл 30 мянган айл өрх гэдэг нь хамгийн их утааны бүсэд амьдарч байгаа Баянхошуу, Зуун айл, 32-ын тойрог, Толгойт орчмын айлуудыг орон сууцанд хамруулж болох хэмжээний мөнгийг салхинд хийсгэж, ямар ч үр бүтээлгүй зүйлд зарцуулсан гэсэн үг юм.
Э.Хүрэлбаатар
ӨДРИЙН СОНИН
URL: