Эмгэнэл

0_500x500

Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Бүргэд овогт Цэндийн Шинэбаяр 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас

зуурдаар таалал төгсч, бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдлоо.
Ц.Шинэбаяр нь 1960 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай гэдэг газарт, одоогийн Энгэр шанд багийн нутагт Цэндийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороо, Дашбалбар сумын дунд сургууль, Сүхбаатар, Дорнод аймгийн арван жилийн нэгдүгээр сургуульд бага, дунд боловсролыг эзэмшсэн. 1983 онд Политехникийн дээд сургуулийг Уулын ашиглалтын инженер мэргэжлээр, 1991 онд Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн захиргаа, бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн юм.
Тэрээр ажил хөдөлмөрийн замналаа Дорнод аймгийн Дулааны цахилгааны станцад инженерээр эхлүүлсэн бөгөөд 1983-1996 онд инженер, цехийн дарга, Дулааны цахилгаан станцын даргаар ажиллаж байв. 1999-2004 онд “Адуунчулуун” ХК-ийн ерөнхий захирлаар ажиллахдаа зүүн бүсийг цахилгаан, дулаанаар хангах цаг наргүй хөдөлмөрийн талбарт залуу нас, эрдэм мэдлэг, оюун бодол, ухамсарт амьдралаа зориулсан эрчим хүчний салбарын шилдэг сэхээтэн байв.
Ц.Шинэбаяр 1996-1999 онд “Найнги” ХХК-ийг үүсгэн байгуулж ажиллах хугацаандаа Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил тутам шалгарч байсан, фермерийн аж ахуй ба уламжлалт хүнсний технологийн шинэчлэлийг аймаг, орон нутагтаа нэвтрүүлсэн чадварлаг бизнесмен байлаа.
Ц.Шинэбаяр 1992-2000 онд Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2004-2008 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Тэрээр ард түмний элч төлөөлөгчийн хувьд улс орны нийгэм, эдийн засагт өгөөжтэй, ард иргэдийн аж амьдралд хүртээмжтэй баялгийн шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэгч байлаа. Түүний өргөн гүнзгий мэдлэг, шударга зан чанар, ажил хөдөлмөрийн арвин туршлага Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн шударга харилцааг үүсгэх эхлэлийг тавихад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Ц.Шинэбаярын улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад ойн медалиудаар тус тус шагнаж байжээ.
Талийгаачийн чин сэтгэл, гавьяа зүтгэл, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, үнэнч шударга, тууштай дайчин, ажилч хичээнгүй зан чанар, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн дурсагдана.
Та минь эх дэлхийнхээ хөрсөнд энх мөнх нойрсовч үйл хэрэг, үзэл санаа тань үеийн үед үргэлжлэн дэвжих болно.
Ум сайн амгалан болтугай.
ЭЭЖ, ХАНЬ, ҮР ХҮҮХДҮҮД, АХ, ЭГЧ, ДҮҮ, НАЙЗ НӨХӨД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД

 

 


URL:

Сэтгэгдэл бичих