Шилжинэ гэдэг шившиг шүү, улстөрчид өө
Удтал хүлээлгэсэн Сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэцэд очоод унах магадлал бий гэдэг болгоомжлолыг улстөрчид эхнээсээ гаргаж байна. Дөрвөн жил УИХ-д сууж, тойрогтоо тэрбум тэрбумаар нь зарцуулсан хүмүүсийг шинээр УИХ-д нэр дэвшихээр гарч ирж байгаа хүмүүстэй харьцуулахад ямар ялгаа харагдах билээ гэдгээс эхлээд адил тэгш эрхийн тухай асуудлыг ярихад уртаас урт дараалал үүснэ.
Яг нарийндаа ачааны хүндийг үүрч сонгуульд өрсөлдөж байгаа гишүүн, намаасаа 28-д жагсаад гарч байгаа нэр дэвшигч хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. Өөрөөр хэлбэл дээрх 28 нэрсийн жагсаалтад багтагсад тэгш бус байдлын тухай ярихад зайлшгүй хүргэнэ. Тийм учраас л шилжинэ гэдэг заалтыг чинь онцлоод шившиг шүү гэдгийг аминчлан хэлье, улстөрчид өө.
Сонгуулийн хууль дуншиж, дуншиж батлагдсан. Хамгийн хачирхалтай нь 48/28 гэдэг холимог хувилбар буюу 28 нэр дэшигчийг намын даргын үзэмж, үнэлгээ, намд хандивласан хөрөнгийн хэмжээгээр сонгох эсэх одоохондоо нууцын зэрэглэлд багтчихаад байна. Түүгээр ч зогсохгүй сонгуульд ялагдаад өвдөг шороодсон нөхдийг УИХ-д шахахдаа их аятайхан нэр өгч, шилжинэ гэдэг нэр томъёогоор халхавчилсан байх юм. Харин хамгийн гол гаргалгаа болох нам доторх 28-ын жагсаалтыг хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг нь аль аль намын дарга нарын толгойны өвчин болох нь гарцаагүй. Намынхаа рейтингийг ард түмний дунд өсгөх ажлуудад идэвхтэй оролцож, цэвэрлэгээ хийсэн улстөрчдөө намууд хэрхэн үнэлэхээс их зүйл шалтгаална. Нөгөө талаар дөрвөн жилийн турш нойр хоолгүй намынхаа төлөө зүтгэсэн хүмүүс 28 дотроо багтах уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Хэдийгээр сонгогчдоос авсан саналын тоогоор эрэмбэлэгдэнэ гэж байгаа ч дотоод тэмцлийг хурцатгаж, дэвэргэхэд хүрч болзошгүй. Гэхдээ л ирэх сонгуулиар ард түмний сонголтыг авч чадаагүй 28 хүн шилжинэ гэдэг шившигтэй байдалд хүрэх нь ойлгомжтой.
Шороотой бөх туг тойрдоггүй шиг 48 дотор орсон нэр дэвшигчид 28-аас дээш хувийн санал авбал жагсаалтад орно гэдэг цөөн хэдхэн хүний эрхийг дархалж байгаа хэрэг. Тэгээд ингэж өвдөг шороодсон атлаа ичих ч үгүй туг тойрно хэмээн “шилжиж”, УИХ-ын 76 гишүүний нэг болохын төлөө сэрүүн зүүдэлж байгаа эрх баригч хоёр намд хангалттай бий. Харамсалтай нь эрх мэдэлд хүрч байвал ямар ч үнээр хамаагүй гэж шийдсэн улстөрчдийн хувьд Сонгуулийн хуулиар өөрсдийгөө дахин сонгогдох боломжийг хааж, сонгогчийн саналаар бус намын үүрэг даалгавраар УИХ-д дахин сонгогдохыг юу юунаас илүүд үзэх боллоо. Мэдээж гурав дахь улстөрийн хүчнийг хэлж болох ч цаад утгаараа тэдэнд сонгогдох боломж багатай хууль батлагдсан учраас эрх баригч хоёр намынхан хэмээн тодотголоо. Зөвхөн ард түмэн намын нэрээр халхавч хийн шилжсэн 28 хүнд наанадаж очоод ажиллах тойрог, сонгогчид байхгүй. Тэд зөвхөн УИХ-ын гишүүн гэдэг сэтэр зүүсэн улстөрийн намуудын утсан хүүхэлдэйн дүрд тоглоно. Яагаад гэвэл тэднийг ард түмэн сонгоогүй. Бас улстөрч гэдгийг нь хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Ичмээр шүү.
Энэхүү шилжих тухай заалт нь Сонгуулийн шинэ хуулийг гацаанд оруулж мэдэхээр байна гэдгийг зарим улстөрч ил тод хэлсэн. Гэвч АН-аас угшиж гарсан шилжих тухай заалт нь Сонгуулийн хуулийг гацаанд оруулж мэдэх төдийгүй хувь улстөрчийг ч хэн бэ гэдгийг илчлээд өгөх заалт болсон гэдгийг эрх биш эдгээр хүмүүс гадарлаж буй биз ээ. Нөгөө талдаа инээдтэй байдалд хүргэхээр байна.
Галт тэрэг хэдийнэ хөдөлсөн ч дараагийн зогсоол гэж бий. Тэр нь Үндсэн хуулийн цэц. Асуудалд хэрхэн хандах нь тодорхойгүй ч эдгээр сонгогч ч үгүй, тойрог ч үгүй 28 улстөрчийг УИХ-д суулгаад чухам юу хийлгэх нь тодорхойгүй. Магадгүй тойроггүй учраас гадаад томилолтоор ажиллах бололтой. Тийм болохоор нэртэйгээр нь Сонгуулийн хуулийнхаа шилжих заалтад хамрагдах улстөрчдийг гадаад харилцааны мэргэжилтэн байна гэж нэр цохоод заачихвал болох юм биш үү, эрхэм гишүүд ээ.
URL: