Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав АТГ-т байцаалт өглөө

38426Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав өчигдөр АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн. Түүнээс энэ талаар  тодруулахад “АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн, хэрэг шалгагдаж  байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Энэхүү шалгалтын дараа мэдээлэл өгнө” гэсэн юм.

Өнгөрөгч долоо хоногт  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Манай компанийн данснаас Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн данс уруу мөнгө шилжсэн” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан АТГ-т шалгагдаж байгаа бололтой.

Гэхдээ энэ асуудал одоо л хөндөгдөж байгаа шинэ асуудал биш, анх энэ тухай 2014 онд Хуульзүйн сайд Х.Тэмүүжин олон нийтэд дэлгэж байсан. Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томилох асуудал чуулганаар хэлэлцэгдэх үед тэрээр  “Х.Тэмүүжин гүтгэлэг тараасан. Хууль зүйн сайд хүн аливаа юмыг нягталж байж, нийтлэх учиртай баймаар юм. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна” гэж мэдэгдэж байсан юм. Мөн тухайн үед “Алтан дорнод монгол” компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтан дорнод монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлнэ. Ямар учиртай гүйлгээ болохыг тэр л хэлэх учиртай. “NRI” бол зөвхөн Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. “NRI LLC” компани бол “Алтан дорнод монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан дорнод монгол” ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй” гэж мэдэгдсэн.

Харин “Алтан дорнод монгол” компанийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа “Т.Ганболд Алтан дорнод монгол компанийг С.В.Паушокоос худалдан авахын тулд дөрвөн сая ам.доллар төлсөн” гэж мэдэгдэж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих