Йеменд гал зогсоох хэлэлцээрийг хэдхэн минутад зөрчив

5c1856f9071e6Йеменд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш хэдхэн минутын дараа талууд уг хэлэлцээрийг зөрчлөө гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдээлэв.

Сөргөлдөгч талууд Ходейда боомт хотод гал зогсоох хэлэлцээрийг орон нутгийн цагаар мягмар гарагийн оройноос эхлэн мөрдөж эхлэхээр тохиролцсон билээ. Гэсэн хэдий ч Йеменд тусламж нэвтрэх гол цэг болдог Ходейда хотод хусит босогчид болон Засгийн газрын хүчний хооронд мөргөлдөөн болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Шведийн Стокгольм хотноо НҮБ-ын зохион байгуулсан уулзалтын үеэр сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрийг пүрэв гарагт байгуулахаар тохиролцсон юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү үйл явдлын талаар хэлэхдээ, дөрвөн жил орчим үргэлжилсэн иргэний дайныг төгсгөл болгоход чиглэсэн нааштай алхам боллоо гэж байсан юм.

Нийслэл Сана хотоос баруун зүгт 140 километр зайд оршдог Ходейда боомт хот нь йеменчүүдийн хувьд хоол хүнс, шатахуун түлш хийгээд эм тариа импортлох төв цэг болдог ажээ.

Йеменд 22 сая гаруй хүнд ямар нэгэн тусламж хэрэгтэй байгаа бол 8 сая иргэн дараагийн хоолоо хэзээ идэхээ ч мэдэхгүй амьдарч байна.


URL:

Сэтгэгдэл бичих