М.Энхболдыг тойрсон “гал” ба улс төрийн соёл, төрийн ажлын ёс зүйг цэгнэх нь

15450371625c17656a516b7

Хууль тогтоох дээд байгууллагад нүүрлээд байгаа “Тэг зогсолт”  гурав дахь долоо хоногтоо нүүрлэх нь тодорхой болчихлоо.  Учир нь УИХ-ын 38 гишүүн М.Энхболдыг огцортол чуулганы  хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, гарын үсгээ зурчихаад байгаа бол өчигдөр АН-ын бүлгийн гишүүд спикерийг огцрох шаардлагад нэгдэж, эс хэрэгжүүлбэл УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Ингэж даамжирвал нэг хүний албан тушаалын явдал эцэстээ өдгөөгийн парламент орших эс оршихуйн асуудал болж хувирах шинжтэй.

Ямартай ч УИХ-ын даргыг тойрсон “галын шугам” улам тэлж байх шиг байна. Тэгэхээр одоо  нийгэмд илүү мэдрэгдэж байгаа дүр зургаараа бол төрийн гацааг М.Энхболд гэх ганц хүнд үүрүүлэх  хандлага түлхүү түрүүлж яваад байна.

Тэр хүн гавьяа, гайтай аль нь ч байлаа гэсэн  үүсээд буй нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж мэдэрч байгаа нь тодорхой зүйл. Хэл ам, хэрүүл тэмцлийн бай болсон энэ албан тушаалаас огцорч  жирийн гишүүний  жишгээр  сэтгэл амар явах хүсэмжлэл тэр хүнд бас байхыг үгүйсэхгүй.

Гэтэл М.Энхболдын хувьд ийм алхам хийхэд нь саад болж буй нь мөнөөх л хуулийн зохицуулалт болчихоод байгаа юм. Түүний  “Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд, чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентын дотоодод болж байгаа үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байгаа” гэжээ.  Гэдийх шалтгаан нь ийм. Өөрөөр хэлбэл хууль ёсоор  томилогдсон, одоо хууль бусаар ажлаа өгөхгүй гэж байгаа нь парламентат ёсны жишиг.  Нөхцөл байдлыг илүү тодорхой болгох үүднээс  тэрбээр нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байгаа билээ.  Учир нь УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх ном журамтай.  Тэгвэл хаана байна тэр ТББХ-ны дүгнэлт.

Энэ өнцгөөс нь харвал одоо М.Энхболдын сайн дураараа огцрох шийдвэр гэхээсээ илүүтэй Байнгын хорооны санал дүгнэлт л хүлээгдээд байгаа юм биш үү.

Өөр нэг гаргалгаа нь  мөн хуулийн “10.2.4-д заасан  Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэх заалт. Ерөнхий сайд энэ тухайд ҮХЦ-д  өргөдөл хүсэлтээ өгөөд чамгүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь ҮХЦ өнөө хүртэл энэ асуудлыг нэг мөр тийш болгож хэлэлцээгүй байгаа нь энэ гацааны нэг шалтгаан болж байна.

УИХ-ын тухай хуулийн 10.5-д Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нам, эвслийн бүлэг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулж болно гэсэн заалт бас бий. Тэгвэл тэр бүлгийн оролцоогоо хангаагүй байж нэг хүнийг тал талаас нь шахаж боорлох нь улс төрийн соёл лав биш. Энэ бүхнээс харахад М.Энхболд гэхээсээ илүүтэй ҮХЦ, ТББХ, намын бүлэг дээр л гацаа үүсчихээд байгаа юм биш үү.

 Ингэж хэлэх шалтгаан нь М.Энхболд гэдэг хүнд хайртайдаа бус улс төрийн соёл, төрийн ажлын ёс зүй гэдэг талаас нь онцолж байгаа юм. Монголын улс төрд урьд өмнө яг өнөөдрийнх шиг ийм нөхцөл байдал үүсч байсангүй.  Тийм болохоор эхнээс нь зөв жишиг тогтоох үлгэрлэл өнөөдөр харагдах учиртай биз.

Шаардлага  тавьж байгаа нөхдийн хувьд мөн хуулийн “10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн заалтыг М.Энхболдод хамаатуулахыг илүүд үзэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл өөрөөр нь өргөдөл өгүүлдэг өнөөгийн арга барил гэсэн үг.  Өөрийнх нь хэлснээр УИХ-ыг даргалж буй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй гэдгээ  илэрхийлж байгаа хүн сайн дураараа гэмтэн болж чөлөөлөгдөх  өргөдлөө өгнө гэж байхгүй. Хэрэв өгвөл хууль зөрчсөн үйлдэл болно.  Юу нь муухай харагдаад байна вэ гэвэл мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнийг  өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өг гэх шахалт шаардлага шүү дээ.

Ийм л нэг чагтан галын дунд өнөөдөр энэ хүн бөмбөрч байна. Түүний гэм буруутан, гэмт бүлэглэлийн удирдагч гэдгийг хэн нэгэн эсвэл сошиал орчин бус хууль хяналтын байгууллага тогтооно.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих