Өвлийн өвгөний бизнес хамтлаг, дуучдынхыг дарах нь уу
Шинэ жил дөхөх тусам хамтлаг, дуучид, хөтлөгчид үнэд ордог нь жам. Хуучин бөөнөөрөө нийлж халтуур хийдэг байсан дууны болон хошин урлагийн хамтлагууд сүүлийн үед салж “халтуурхдаг” болсон байна билээ. Наад захын жишээ гэхэд “Шинэ үе” хамтлагийн залуу жүжигчид тусдаа халтуур хийгээд явж байсан. Бодвол орж ирcэн захиалгаа тус тусдаа явж амжуулж байгаа бололтой юм.
Бусад хамтлагууд ч ялгаагүй энэ маягаар ажиллаж, шинэ жилийг тааруулж бизнес хийж авч байна. Дуулж бүжиглэж, жүжиглэх нөхдүүдийн хажуугаар зөвхөн хувцас өмсөөд бизнес хийдэг овсгоотой нөхдүүд олон байна. Тэдэнд ямар ч дуулах, жүжиглэх, бүжиглэх шаардлага байхгүй.
Ердөө л багахан үг хэлж, бэлэг тараасныхаа төлөө 500 мянга хүртэл төгрөг авч байна гээд бод. Дажгүй бизнес байгаа биз дээ. Их ашигтайг нь мэдээд сүүлийн жилүүдэд хүн бүр л хувцас ашигладаг бизнес хийж, нэг байгууллагаас гэхэд 50-100 мянган төгрөг зулгаагаад яваад байгаа бололтой юм. Тэр хэрээр өнөөх хувцас нь хүртэл үнэд ороод байгаа юм. Энэ бол мэдээж өвлийн өвгөний бизнес шүү дээ. Сонгодог өвлийн өвгөдийн дүр төрх ч гэсэн өөрчлөгдөж, цаг цагаараа дараагийн өвлийн өвгөн гарч ирж байгаа. XX зууны өвлийн өвгөний сонгодог төлөөлөл нь Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай байлаа. Харин одоо бол гавьяат жүжигчин З.Жарантав энэ эрхэм үүргийг биелүүлж эхлээд байгаа гэсэн.
Тэрбээр захиалагчийнхаа хүсэлтээр жинхэнэ монгол өвлийн өвгөн, Санта Клаусын алинд ч хувирч чаддаг эл авьяаслаг жүжигчний нэг удаагийн гаралт 500 мянган төгрөгөөр үнэлэгддэг гэнэ. Ингээд бодохоор өвлийн өвгөн хамтлаг, дуучдаас илүү үнэтэй болж таарч байгаа биз. Зөвхөн жүжигчин гэлтгүй энгийн өвлийн өвгөн ч хөөрхөн үнэтэй. Гадуур өвлийн өвгөнөөр үйлчилнэ, цасан охид, амьтантай очно гэсэн зар дүүрэн байна. Тэгээд Өвлийн өвгөн, цасан охин, алиалагч, туулай, баавгай, бас буc амьтныг гэртээ авчрахад 65-130 мянган төгрөгийн ханштай.
Манайхан шинэ жилээр хүүхдүүдээ нэг сайн баярлуулах хүсэлтэй байдаг бололтой юм. Зүгээр нэг бэлэг өгч байхаар, Санта Клаус юм уу, өвлийн өвгөн гэртээ авчирвал гоё байх нь мэдээж. Гэхдээ хамгийн багадаа дээрх үнийг төлнө. Арай үнэтэй байна, өөрөө өвлийн өвгөн болъё гэвэл Санта Клаусын хувцас 25-35 мянган төгрөг байгаа аж. Бүр шинэ жил дөхвөл 50 мянга ч болж магадгүй гэсэн. Хорооллоор яваад, наймаачдаас өвлийн өвгөний хувцас асуухаар “Өвлийн өвгөн нь хэрэгтэй юм уу, хувцас нь хэрэгтэй юм уу.
Аль алинаар нь үйлчилнэ” гэж ирээд уриалгахан хэлж байна гэсэн. Бараг 130 мянган төгрөгөө өгчихвөл өөрөө өвгөн болоод, охиноо дагуулаад очих юм байх аа. За тэгээд, хувцас нь гоё, дагуулсан охин нь царайлаг, өөрөө авьяастай, шаггүй дуулчихдаг бол үнэ нь тэнгэрт хадна биз дээ. Дараагийн шинэ жилээр өвлийн өвгөн болохын зэрэгцээ хоёр гурван бүcгүйтэй нийлээд хамтлаг байгуулчихвал шинэ жилээр баяжчих юм биш биз, та минь ээ.
Н.Пунцаг
URL: