Т.Ганбүргэд: Элэглэлийн урлагийг хүмүүст хүргэх зорилготой

Р.ОЮУН

Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч, жүжигчин, дуучин Тоотын Ганбүргэдийг “Өөр зочин” буландаа урилаа.

–Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Шинэ жил болж байгаа болохоор захиалга ихтэй байна уу?

-“Зууны мэдээ” сонины уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед элэглэлийнхээ шинэ номер дээр ажиллаж байна. Мөн шинэ жилтэй холбоотой олон сайхан дууг хүмүүс сонсох дуртай байдаг. Энэ дуунууд дээр ажиллаж байгаа. 5-6 дуучны шинэ номер бэлдээд дүрсжүүлэхээр ажиллаж байна. Байгууллагууд арванхоёрдугаар сарын 1-нээс шинэ жилээ тэмдэглэдэг болсон болохоор ачаалал ихтэй байгаа.

–Тамирчнаас жүжигчин болох авьяас хэзээнээс тодорсон бэ. Анх ямар хүмүүсийг дуурайж дуулав?

-Би дөрвөн дүү, гурван ахтай, Ховд аймгийн Алтай сумын унаган хүүхэд. 2003 онд Эрдэнэтэд шилжиж ирээд жүдо бөхийн дугуйланд орж 2004 оноос жүдо бөхийн гараагаа анх эхэлж байсан. 10 жилд байхдаа урлагийн үзлэгт ангиа төлөөлж тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Барилдахын хажуугаар 2008 оноос дуучин С.Наран, Г.Эрдэнэтунгалаг, гавьяат жүжигчин Ж.Уранчимэг нарын дууг сонсож дуурайхад найз нөхөд, хамт олны болж байна гэсэн урмын үгнээс эхэлсэн. 2013 он хүртэл жүдо бөхөөр хичээллэсэн. Амьдрал сонголт дээр тогтдог. Тиймээс өөрийнхөө амьдралыг өөрчилж чадах хэрэгтэй зүйлд цаг зарцуулах үүднээс СУИС-ийг дуулаачаар төгссөн. Элэглэгч гэхээр хүмүүс алиалагч гэж буруу ойлгодог. Би элэглэлийг хэцүү урлаг гэж боддог.

–Яагаад хэцүү гэж?

-Яагаад гэвэл нэг хүний хоолойноос олон янзын дуу авиа, үйл хөдлөл гардаг болохоор алиалагч гэж ойлгуулахгүй юмсан гэж бодож явдаг. Монголд энэ урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа гарын таван хуруунд багтсан хүмүүс байдгийг та бүхэн мэдэж байгаа. “Пароди”, “Чапи, Суурь” гэх мэт. Хүний сонирхол чинь дандаа шинийг эрэлхийлж байдаг шүү дээ. Тиймээс элэглэл хийдэг хүмүүсийг шинэ юм гаргахгүй байна, авьяас нь дуусчихлаа гэдэг. Үүнтэй би санал нийлдэггүй. Энэ урлаг үнэхээр хэцүү учраас санаснаар болдоггүй, ойрхон шинэ бүтээл гаргаж чадахгүй байгааг зарим хүн ойлгоосой гэж хүсэх байна. Би 10-аад жил элэглэл хийж байна.

–Нэг хүнийг дуурайхад ямар хугацаа шаарддаг юм бэ?

-Элэглэл дундаас яриан элэглэл харьцангуй гайгүй. Дууны элэглэл хүнд. Тухайн хүний дууны өнгөнд хүрч шахаж гаргадаг болохоор хэцүү. Ихэвчлэн дуучдыг дуурайдаг учраас нэг жилээс дээш хугацаанд бэлдэнэ. Миний хувьд С.Наран, Ж.Уранчимэг, Г.Эрдэнэтунгалаг нарыг 10 жил дуурайж байна. Ер нь дуртай болгоноо дуурайхгүй. Аль болох сонин содон имижтэй, хоолойны дуугаралт, ярианы өнгийг авч байж сонирхолтой болдог. Их хөдөлмөр зарж байж нэг хүний номерийг гаргадаг юм. Цаг хугацаа их ордог. Нэг хүнийг дуурайхын тулд дор хаяж нэг жил бэлддэг.

–Яагаад заавал эмэгтэй дуучдыг дуурайдаг юм бэ?

-Өмнөх элэглэгчид маань Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, А.Долгор гуай хоёрыг дуурайсан болохоор би эхлээд яаж гарах ёстой вэ гэдгээ бодсон. Эрэгтэй хүн эмэгтэй хүний хоолойг гаргаж болдог юм байна гэж хүмүүсийн анхаарлыг татах талаас нь бодож хийсэн. Монголын хамгийн анхны олон эмэгтэй дуучныг дуурайж дуулдаг юм болов уу гэж өөрийгөө үнэлдэг. Ер нь бүтэн тоглолтод ороод гарч ирэхэд хоолой их өвдөхөөс гадна шүлсээ хаяхад цус гардаг. Би “Авьяаслаг монголчууд” шоунд орсон цагаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт суугаа үзэгчдэд Ганбүргэд гэж ийм хүн байдаг шүү гэдгийг таниулах үүднээс хөдөө орон нутаг тэр тусмаа суманд амьдарч байгаа хүмүүст очиж тоглолтоо хийнэ гэсэн зорилготой явсан. Хоёр жилийн хугацаанд найман аймагт очсон. Цаашид 21 аймгийн бүх сумаар явах төлөвлөгөөтэй байна. Үүгээрээ хүн дуурайх урлагийг хүмүүст зөв утгаар нь ойлгуулах боломж юм болов уу гэж харж байгаа.

–Орон нутгаар явж бай­хад үзэг­чид хэр хүлээж авав?

-Мэдээж сайнтай, муутай, байнга дүүрэн үзэгчтэй байна гэж байхгүй. Гэхдээ л сайхан хүлээж авсан, миний авьяасыг үнэлж байгаа. Хөдөө хоёр цагийн тоглолт хийдэг. Хоёр дүү, нэг найзтайгаа дөрвүүлээ тоглодог. Өөрөө машинаа бариад явна. Газар газрын сайхан энергийг авдаг. Тоглолт дуусчихаад байхад үзэгчид алга ташиж байгаа нь их урам өгдөг.

–Ах дүү нартайгаа нийлж хамтлаг байгуулсан билүү?

-Тийм ээ. “Ахан дүүс” гээд найман залуу бүгд дуулдаг. Манай дүү нар “Авьяаслаг монголчууд” шоунд ээжийн тухай дуугаар шилдэг 32-т үлдэх шахсан. Би орсон учраас нөгөө хэд маань хасагдсан юм шиг байна лээ. Хэрэв би ороогүй байсан бол шилдэгт орох магадлал өндөр байсан. Бүгд хөгжим тоглодог, амьд хөгжмийн янз бүрийн юманд сурч байгаа. Ах дүү нартайгаа нийлж “Аав ээждээ” гэсэн дууг дуулж дүрсжүүлсэн. Монголын ард түмэн сайхан хүлээж авсан.

–Танай гэр бүлд урлагийн хүн бий юү?

-Манайд олны танил болсон урлагийн хүн байхгүй. Аав ээжийн тал сайхан дуулдаг. Аав маань ч сайхан дуулна. Ер нь өсч торнисон орчноосоо болдог юм билээ. Бид багадаа Цагаан сар болон Мартын 8 болоход ээждээ зориулж дуулсаар байгаад зөв хоолойтой болсон юм болов уу гэж боддог. Манайд урлагийн хүн байхгүй ч өвөө маань гавьяат тууварчин байсан. Ийм хүний үр удам гэж өөрөөрөө бахархаж явдаг.

–Тамирчин, дуучин байхын ялгаа хэр байна?

-Ялгаа байлгүй яах вэ. Урлаг их өрсөлдөөнтэй, ард түмнийхээ хайр хүндэт­гэлийг зөв дааж явахгүй бол хэцүү. Өөртөө хариуцлага хүлээлгэж чаддаг, биеэ зөв авч явж чадвал урлаг спортоос амархан юм болов уу. Өөрийнхөө хоолойг өвтгөчихгүй бол гайгүй шүү. Харин спорт бол гар, хөл, бие махбодио хөдөлгөдөг болохоор гэмтэл бэртэл авбал хүсээд ч амжилт гаргаж чадахгүй. Хүн амжилт гаргахдаа гол нь биш. Спортоор хичээл­лэхэд ялж, ялагдах, хөлсөө дуслуулах ямар байдгийг үзсэн хүн хүнтэй харьцахаас эхлээд юмыг харах өнцөг, амьдралын зөв хэвшил, хамт олонтой болно.

–Анх яагаад тамирчин болсон юм бэ. Мэдээж өмнөө тавьсан зорилго байсан л байх?

-Хүнд амьдралын зурсан зураг гэж байдагт би итгэдэг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэгчээр манай аав ээж хоёр Эрдэнэтэд ирж малаа зарахад амьдрал хэсэг хэцүүдэж хүний мал маллаж байгаад өөрийн гэсэн малтай болсон. Амьдрал үзэх тусмаа хүн ухаажиж хатууждаг юм билээ. Би олимп, дэлхийн аварга болж аав ээжийнхээ амьдралыг сайжруулна гэж анх бодож л жүдо бөхийн дугуйланд орж байсан. Ийм хүсэл мөрөөдөлтэй аав ээжийгээ төвийн хүн болгосон. Спортоор л олны танил болно гэсэн бодол надад байсан. Ер нь олонд танигдсан хүн болж аав ээж, ах дүү нартаа тусална гэсэн бодол, зорилготой байсан болохоор бурхан тэнгэр харж үзээд энэ хүүхдэд боломж олгоё гэсэн байх. Ямар ч гэсэн ард түмэндээ танигдаж, хэсэг бүлэг хүмүүст хүндлэгдээд явж байгаадаа баярладаг.

-“Авьяаслаг монгол­чууд” шоунд оролцохыг хэн зөвлөсөн юм бэ?

-Өмнө нь жил гаруй “Пароди” хамтлагт тоглож байсан болохоор “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор өөрөө бүртгүүлсэн. Гол нь ард түмэндээ нэг хүн олон хүнд хувирч чаддаг чадвараа таниулахыг зорьсон. Зарим хүн “Яг түүн шиг” шоутай андуурдаг. “Яг түүн шиг” бол телевизийн тайз дэлгэцийн дүр хувиргалтын шоу шүү дээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих