Барак Обамагийн үед АНУ-ын цөмийн зэвсгийн үйлдвэрлэл хөгжсөн
Австралийн сэтгүүлч, кино найруулагч, зохиолч , Сиднейн их сургуулийн судлаач, “BBC”-ийн шинжээч Жон Пилгер “Дэлхийд дайн чимээгүйгээр хэдийнэ эхэлсэн” нийтлэл “www.rt.com” дээр тавигдсаныг хөрвүүлэн хүргэж байна.
Би нэг удаа Номхон далайн дунд орших Маршалын арлуудад кино зураг авч байлаа. Хамт ажиллаж байсан багийнхан маань “Бид яг ямар нэртэй арал дээр нь байгаа юм бэ. Яг юу гэдэг нэртэй газар вэ” хэмээн асууцгааж байсан юм. Би тэдэнд “Бикини” гэдэг арал дээр байна гэхэд, тэд надаас усны хувцасны “бикини” гэдэг шиг үү. хэмээн лавлаж байв. Тус арал дээр анх цөмийн туршилт хийснээс хойш ийнхүү нэрлэх болсон юм. 1946-1958 оны хооронд АНУ энэ арал дээр 66 удаа цөмийн туршилт хийсэн байдаг. Энэ арал дээр нэг ч амьд амьтан үгүй, хэдхэн ширхэг дал мод хачин сүлжээ үүсгэн ургаж, яг л чимээгүй хот мэт нам гүм болжээ. Арлаас Номхон далайн зүг харж зогсоход далайн дунд асар том нүх харлан харагдана. Энэ бол “Bravo” хэмээх устөрөгчийн бөмбөгийн үлдээсэн ул мөр. Аялалаа дуусгаад Хонолулугийн нисэх онгоцны буудалд нислэгээ хүлээж байх зуур “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” гэсэн нэртэй нэгэн Америк сэтгүүл миний анхаарлыг ихэд татлаа. Сэтгүүлийн нүүрэн дээрээ усны хувцас өмссөн үзэсгэлэнтэй эмэгтэй зургийг тавьжээ. Харин хэдхэн хоногийн өмнө намайг Маршалын арлуудад байх үед байдал огт эсрэгээрээ байсан юм. Тэнд цөмийн туршилтын хохирогч болсон эмэгтэйчүүд хэрхэн өвчиндөө зовж шаналж буй тухайгаа ярьж байсан.
2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ амалж байсан. Олон хүн түүний энэ үйлдлийг таатайгаар хүлээн авч баярлаж хөөрч, зарим нэгэн нь уйлж байсныг би тодхон санаж байна. Тэрбээр АНУ-ын түүхэнд Нобелийн шагнал хүртсэн гурав дахь Ерөнхийлөгч болсон юм. Гэхдээ энэ бүхэн худлаа жүжиг байжээ. Тэр худал хэлсэн байж. Түүний удирдсан Засгийн газар урьд урьдынхаасаа ч илүү их цөмийн зэвсэг, цэнэгт хошуу үйлдвэрлэсэн. Цөмийн цэнэгтэй хошуу үйлдвэрлэх зардал Барак Обамаг АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш улам их өссөн. АНУ-ын Штабын Ерөнхий командлагч асан Жеймс Картрайт “Орчин үеийн зэвсэг улам ухаалаг, авсаархан болж байна. Дэлхийн II дайнаас хойш АНУ цэргийн хүчин болон зэр зэвсэгтээ ихээхэн анхаарал хандуулах болсон” хэмээсэн байдаг. Дэлхийн цөмийн дайн баруунд аль хэдийн эхэлсэн гэж хэлж болно. Энэхүү цөмийн дайныг улам аюултай болгож, Азийг татан оролцуулах өдөөн хатгалага бол АНУ-ын БНХАУ-ын эсрэг явуулж буй кампанит ажил. АНУ Өмнөд хятадын тэнгист БНХАУ цэргийн байгууламжууд болон элсэн хана босгож байна. Энэ нь Филипин, Тайван зэрэг хөрш зэргэлдээ улсынхаа эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн “Тэнгисийн эрх чөлөө” хэмээх суртал ухуулгын компанит ажил эхлүүлсэн.
Түүнчлэн АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд Өмнөд Хятадын тэнгисээр эргүүл хийх болсон. Хэрэв БНХАУ-ын дайны хөлөг онгоц Калифорнийн эргээр эргүүл хийсэн бол АНУ ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол. Би “Дайн бидэнд харагдахгүй” нэртэй баримтат кино хийсэн. Энэ үеэрээ “BBC”, “CBC”, “CNN” зэрэг томоохон агентлагийн шинжээчидтэй ярилцаж байсан юм. Тэдний олонх нь “Томоохон гүрнүүд дэлхийн энхтайван, сайн сайхны төлөө гэдэг ч цаанаа өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг. Энэ болж буй бүхий л процесс гадна өнгөц асуудал. Харин цаана нь юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр бид дэлхийд дахин дайн болох уу, үгүй юу гэж бичиж, ярьж л байна. Үнэндээ тэр яриад буй дайн аль хэдийн эхэлчихсэн.
Хүмүүс дайн гэхээр дэлхийн I,II дайныг л төсөөлж байгаа байх гэхдээ одоо байдал огт өөр” хэмээж байсан юм. XXI зуун зөвхөн цөмийн цэнэгт хошуу, устөрөгчийн бөмбөгөөр тодорхойлогдохгүй. Сирид болж байгаа иргэний дайн, Египетэд үргэлжилсээр байгаа “Арабын хавар”, Ливи ба Иракийн асуудал, БНХАУ-ын хурдацтай өсөлт, Япон дахь атомын станцийн сүйрэл, Евро бүсийн эдийн засгийн хямрал, пуужингаас хамгаалах систем, Ираны энхийн цөмийн хөтөлбөр, “Латинамерикийн хавар”, хамгийн тайван гэгддэг Европ тивийн улсуудад толгой дараалан гарч буй террорист халдлага, дүрвэгсдийн асуудал зэргээс зөвхөн замбараагүй, ойлгомжгүй байдлаас өөр юу ч харагдахгүй байна. Гэхдээ энэ бүхэн дэлхий дахиныг хяналтандаа оруулахаар хичээж буй томоохон гүрнүүдийн эрхшээлийн дагуу хийгдэж байгаа юм. 1960-аад оны сүүлчээр гарсан “Энхтайван байдлыг хадгалах боломжууд ба манай далд зорилгуудын тухай Айрон Моунтийн тайлан” гэдэг нэртэй нэг тайланг тэр үеийн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Макнамарын захиалгаар бичсэн байна. Энэхүү тайланд “АНУ-ын дараа дараагийн Засгийн газрууд өөрсдийн засаглал, эрх мэдлийг бэхжүүлж барьж байхын тулд дайн эсвэл түүнтэй төстэй зүйл зайлшгүй хийж байх шаардлагатай. Ихэнх тохиолдолд улс үндэстнүүд өөрсдөө мөргөлдөөнүүдийг хайж байдаг ба тэдэнд хэрэгтэй учраас л тэд өөрсдөө ийм мөргөлдөөнүүдийг бий болгодог.
Дайн бол улс төрийн талаасаа ямар нэг элдэв саад тотгоргүйгээр чөлөөт зах зээлийн эдийн засгийн зохиомол эрэлтийг бий болгож байх маш чухал хэрэгсэл юм” хэмээсэн байдаг. Энэ бүх “Арабын хаврууд”, улс орнуудад дараалан гарч буй халдлагууд, цөмийн зэвсгийн хурдацтай өсөлт, террорист бүлэглэлүүдийн хүчирхэгжилт, улс орнуудын хооронд үүсч буй зөрчилдөөн бол Баруун ба түүний холбоонууд Ази руу довтлон дайрахынхаа өмнө, өөрөөр хэлбэл Орос ба Хятадтай дайн хийхийн өмнөх бэлтгэл юм.
Эх сурвалж: https://www.rt.com/op-ed/336785-world-war-break-silence/
Б. Заяа
www.unen.mn
URL: