Е.Зангар: Ардын намын ялалт авдаг ганц арга хэрэгсэл нь мөнгө
Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч Е.Зангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед улс төрийн байдал нэлээд тогтворгүй байна л даа. Ялангуяа эрх баригчдын дотоод зөрчил хэрээс хэтэрч байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэлээд гарч байна. Энэ байдалтай уялдуулаад асуухад Баян-Өлгий аймагт улс төрийн байдал хэрхэн өрнөж байна вэ?
-Саяхан 12 сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар Баян-Өлгий аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар АН-ын төлөөлөгчид дэлгэрэнгүй гаргаж тавьсан. 2016 онд МАН эрх барьснаас хойш байнгын хэрүүл маргаантай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч байнга гарч байгаа асуудал.
2018 оны статистик дүнг авч үзэхэд Баян-Өлгий аймагт ажилгүйдэл, ядуурал, эх нялхсын эндэгдэл нэмэгдсэн, гэмт хэргийн гаралт ч өссөн. Өргөн хэрэглээний барааны үнэ бүр (хэд дахин нэмэгдсэн) алийгаа алдсан. Төвөөс алслагдсан аймагт шатахууны үнэ өссөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ автоматаар нэмэгдэж байгаа юм. Хөдөө орон нутагт хамгийн хямд байх бүтээгдэхүүн бол мах. Гэтэл махны үнэ 40 хувиар өссөн үзүүлэлттэй. Өргөн хэрэглээний бараа өссөнөөс бүх үзүүлэлт буурсан байдалтай гарсан байхад эрх баригчид олноороо түрүү барьж Засаг даргын ажлын үзүүлэлтийг 86 хувийн биелэлттэй буюу хангалттай гэж дүгнэж байна. Гэтэл 2018 онд ЗГХЭГ-аас Баян-Өлгий аймгийг ажлын үзүүлэлтээр нь 21-р байрт орсон гэж дүгнэсэн байгаа. Түүхэндээ Баян-Өлгий аймаг 21-р байранд орж байгаагүй. Ийм байдалтай байхад Засаг дарга өөрийгөө 86 хувийн хангалттай ажилласан гээд дүгнүүлдэг.
Ийм байхад төрийн албаны хүнд суртал, 60 тэрбумын наймаагаар албан тушаалд томилогдсон нөхдийн дарамт бол маш их. Шударгаар хэлэхэд бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл гэхэд л бүгд ханштай болсон байх жишээтэй. Төрийн албанд ороход дундажаар 6-7 сая төгрөг, халамжийн группт ороход 600 мянган төгрөг. Ард түмэн үүнийг ил тод мэдэж байгаа. Энэ байдал нь жирийн үзэгдэл болоод хэвшсэн байна. Иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй, ядуурал нэмэгдэж төрийн албаны хүнд суртал дээд цэгтээ тулсан ийм л байдалтай байна.
-Аймгийн эрх баригчид орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр дорвитой ажиллаж байна уу? Хийж байгаа ажлыг нь дүгнээд хэлбэл?
Бид Засаг даргаа чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй, хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр дөрвөн удаа огцруулсан. Намын үзэл бодлоор хоморголон 40 гаруй хүнийг халсан байдалд ардчилсан нам зүгээр суухыг хүсээгүй. Хуульчдын баг ажиллуулж тэр хүмүүсийн эрх ашгийг хамгаалж шүүхээр явсны хүчинд буцаад ажилдаа орох нөхцлийг нь бүрдүүлсэн.
Өнгөрсөн жил МАН-ын эрүүл сэтгэдэг 4-5 залуу төлөөлөгчид бидэнтэй нийлээд Засаг даргыг огцруулж байсан. Одоо Засаг даргын гол хийж байгаа ажил нь гэвэл хэдэн ИТХ-ын төлөөлөгчдөө хэрхэн яаж өөрсдийнхөө талд оруулах. Эхлээд албан тушаалаар авлигаддаг байсан. Дараа нь өөрт нь болон гэр бүлийн хүн, хамаатанд нь албан тушаал өгөх, гайгүй байршилтай газар олгох зэргээр тогтоож байсан. Одоо тендерээр тэднийг тогтоож байна.
“Харамсалтай нь нэг жилийн хугацаанд Засаг дарга ажлаа сайжруулах талаар нэг ч алхам хийгээгүй. Үүнийг би баримттай хэлнэ”
Шударга ёс, сахилга бат, дэг журам ярьдаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань өнгөрсөн жил Засаг даргаа сайн ажиллаж байна гэж авч үлдсэн. Харамсалтай нь нэг жилийн хугацаанд Засаг дарга ажлаа сайжруулах талаар нэг ч алхам хийгээгүй. Үүнийг би баримттай хэлнэ.
-Тодруулбал?
-Баян-Өлгий аймгийн Халамж үйлчилгээний газраас 1.200.000.000 төгрөгийн халамжийн мөнгөө иргэд авч чадахгүй байна. Энэ асуудлыг Сангийн яамны аудит шалгаад аймгийн Засаг даргын буруугаас болсон гэдгийг тогтоосон. Яагаад ийм байдал үүссэн бэ гэхээр 2017 оны төсвийг хуваарилахдаа халамжид зориулах мөнгөнөөс 1,4 тэрбум төгрөгийг хасаад өөр зорилгоор зарцуулснаас болоод өр үүссэн. Ялангуяа ахмад настнуудын эмчилгээний зардал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эмчилгээний халамжийн мөнгө огт олгогдохгүй байгаа. Энэ 1,2 тэрбум төгрөгийг тооцоод үзэхэд дундажаар нэг хүн 3.4 сарын халамжийн мөнгөө дутуу авч байна. Иргэдийн ярьж байгаагаар “2016 он хүртэл бидний дансанд халамжийн мөнгө орлоо гээд мессеж ирдэг байсан. Бид айвуу тайван мөнгөө очоод авдаг байсан. Гэтэл одоо төрийн банкинд халамжийн мөнгө орлоо гэж сонсоод л үүрийн 04:00 цагт гэрээсээ гарч банкны гадна очерлодог болсон” гэж ярьж байна.
Мөн халамж тэтгэвэрийн мөнгө бүрдүүлдэг нийгмийн даатгалын хэлтэс 600-700 гаруй сая төгрөгийг байгууллагуудаас авч чадахгүй байдалтай байна. Бид энэ байдлыг судалж үзэхэд аймгийн төвийн бүх сургуулиуд өртэй гарсан. Жишээбэл, I сургууль 220 сая, II сургууль 40 гаруй сая төгрөг, Дэлүүн сумын сургууль 100 гаруй сая, Сагсай сумын сургууль 80-90 сая төгрөгийн өртэй байна. Яагаад энэ өр үүссэн бэ гэхээр илүү орон тоогоор шахааны хүмүүс ажиллуулснаас нийгмийн даатгалын мөнгөө төлж чадахгүй байдалд хүрсэн.
Одоо манай засаг даргын байдал яг УИХ-ын даргын байдалтай л адилхан байна.
-Баян-Өлгий аймаг газарзүйн байршлын хувьд алс хол баруун хязгаарт оршдог. Төрийн бодлого, хүртээмж хэрхэн хүрч байна. Аймагт хөгжил, бүтээн байгуулалт хэр хийгдэж байна?
-Эдийн засгийн хувьд Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл гэж байдаггүй. Мал аж ахуйд голлож амьдардаг. Өнгөрсөн хавар хүндхэн хавар болсон. Өвөл ч хүнд болох төлөвтэй байна. Өнгөрсөн жил ЗГ-аас үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Малын тэжээлийн үнэ тогтворжуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн нэг аж ахуй нэгжид нэг тэрбум төгрөг хүүгүй хуваарилсан. Тухайн үед ийм мөнгө очсон байхад манай аймагт нэг шуудай хивэгний үнэ урьд өмнө байгаагүй буюу 35000 төгрөгт хүрч байсан. Тэгэхээр төр засгаас өгсөн дэмжлэгийг аваад ч үнийн асуудлыг тогтворжуулж чадахгүй байгаа нь аймгийн удирдлагуудын хэр ажиллаж байгаагийн бодит жишээ шүү дээ.
“АН-ын 16 төлөөлөгчид нэг ч сохор зоос хуваарилахгүй байна. Ийм хатуу улс төржсөн байдалтай байна. Тэр 16 хүн чинь нийт сонгогчдын 40 гаруй хувь нь шүү дээ”
Бид сая хуралдаанаа орхиж гарсан. Яагаад гэхээр ирэх оны төсөв хэлэлцэхэд АН-ын 16 төлөөлөгчид нэг ч сохор зоос хуваарилахгүй байна. Ийм хатуу улс төржсөн байдалтай байна. Тэр 16 хүн чинь нийт сонгогчдын 40 гаруй хувь нь шүү дээ. Тэгэхээр тэр төлөөлөл бүхий хүмүүс бүтээн байгуулалт, янз бүрийн хөрөнгө оруулалтаас гадуурхагдаж байгаа гэсэн үг шүү дээ.
Баян-Өлгий аймагт ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Үүний тод жишээ гэвэл нондин жил 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлыг хоёрхон бүлэг хувааж авсан. Барилга хот байгуулалтын яамны сайд Баделхан, талыг нь засаг дарга, тамгын газрын дарга нийлээд авчихсан.
Тамгын газрын дарга нь ажлын хэсгийн тушаал гаргасан байгаа юм. Тэр ажлын хэсгийнх нь дарга өөрийнх нь ах. Тендерийг ахынх нь бүртгэлтэй оролцоотой компани авч байна. Мөн Дэлүүн сумын Тамгын газрын дарга нь тушаал гаргаад хүргэн нь тендерийг нь авсан. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ. Бүх тендерийн ард МАН-ын 23 төлөөлөгч зоолттой байна. Ямар ч барилгын компанигүй мөртлөө бүх тендер авчихсан. Тэгээд хийж чадахгүй барилгын компанитай хүмүүсээс хийгээд өгөөч гээд гуйж байна. Ашиг хонжоог нь МАН-ын төлөөлөгч нар л авдаг. Баян-Өлгий аймагт хэзээ ч байгаагүй ийм хачин жишиг тогтоод байна. Энэ бүтээн байгуулалтын 24 тэрбум төгрөгтэй холбогдуулаад ярихад, аймагт бий болох 11, 14 тэрбумын өртөгтэй гурван том ажил хугацаандаа эхлээгүй. Хугацаандаа эхлээгүй бол хуулираа оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авах ёстой. Хэрэв хуулиараа буцаагаад авчих юм бол Баян-Өлгий аймаг 11,14 тэрбумын төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын боломжоо алдах юм.
-Таны бодлоор ямар бодлого барьж ажиллавал Баян-Өлгий аймгийн хөгжлийн гарц гэж харж байна вэ?
-Бидэнд уламжлалт мал аж ахуй минь байна. Байршлын хувьд давуу тал болсон Орос, Хятад хоёр улстай хиллэдэг.. Бараг гэр бүл бүрээс нэг хүн наймаа хийж байна. Жирийн иргэд, төрийн албан хаагчид амралтаа аваад л хилийн наймаанд явдаг. Хүмүүс наймаагаар л амьдардаг. Сүүлийн үед аялал жуулчлалын салбарт ирээдүй харагдаж байгаа. Таван богд цогцолбор газарт уулчид, жуулчид ихээр ирж байна. Үндэсний онцлогийг харуулах, үндэсний цөөнхийг сонирхох жуулчдыг татах давуу тал бий. Гэтэл үүнд төрийн бодлогоо хандуулаад дэмжих зүйл байхгүй байна. Цогц бодлого гэж алга. Бүгд урсгалаараа хувийн тэмцлийнхээ зүтгэлээрээ л явж байгаа.
Бүргэдийн баяр гэхэд л хэчнээн мянган жуулчид ирж байна. Ирээдүйд хөгжлийн нэг эх үүсвэр болчхоор салбар. Оросууд газраар загасчлахаар их ирдэг. Үүнийг бодлого болгоод наад захын тэдний аюулгүй байдлыг хангаад, жорлон төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл одоогийн эрх баригчид хэдэн төлөөлөгчдөө яаж авч үлдэх үү гэдгээ л бодохоос улс орны хөгжилд нэмэр болох, бодлого хэрэгжүүлэх тэнхэлгүй л байх шиг. Ганц бүргэдчин охин Монголын соёлыг дэлхийд таниулсан жишээ байна. Энэ мэтчлэн ховор соёлоо ил гаргаж дэлхийн анхаарлыг хандуулах юм бол маш олон зүйл байна шүү дээ.
“480 сая төгрөгөө та нар засгаасаа гарга л даа. Үүний төлөө тэмц, яв”
-АН шинэчлэлийн бодлогоо улс орон даяар эхлүүлсэн. Энэ үйл ажиллагаа танай аймагт хэрхэн өрнөв? Үр дүн нь юу байв?
Намын шинэчлэл амжилттай үргэлжлээд явж байна. Намын эв нэгдлээ бариад намынхаа дүрмийн дагуу ажиллаж байгаа. Монголоо сонсъё, Хөгжил шинэчлэл аянууд амжилттай явагдлаа. ҮБХ-ны гишүүд маань сумын айл өрхүүдээр зочилж сонгогчидтойгоо уулзлаа. Бид иргэдтэй хийх уулзалтаа уламжлалт арга хэлбэрийг нь өөрчлөх ёстой гэж үзсэн. Хуучин бол 40-50, сайндаа л 100 хүн цуглардаг. Цөөхүүлээ учраас хөдөө маш дарамттай байдаг. Зарим төрийн албан хаагч нарыг дуудаад л загнадаг. Тэр бүү хэл дуудаж ирүүлээд АН-ын оруулсан мэдээлэлд яасан их лайк дарж, сэтгэгдэл бичдэг юм гэж бараг хариуцлага тооцох асуудал яригддаг. Ийм хүнд байдалд байна. Шийдчихсэн 40-50 хүн л уулзалтад идэвхтэй хамрагддаг. Тийм учраас бид энэ хоёр намын ялгааг харуулахын тулд олон нийтийг хамарсан эерэг уулзалт, арга хэмжээнүүд зохион байгуулах маягаар иргэдтэй уулзалт хийсэн. Ер нь хүмүүстэй ажиллах арга барилаа өөрчлөх чиглэлээр намын үзэл баримтлал, зорилгыг ойлгуулахын тулд нэлээд дорвитой ажиллаж байна. Мөн бид намын шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Өнгөрсөн зун баруун бүсийн чуулга уулзалтаа амжилттай хийлээ. АН-ын байр 1960-аад онд баригдсан байшин байсан. Гэрээ засаад, төрөө зас гэгчээр засах санаачилга гаргаж, зураг төсөл ч хийгдэж дөрвөн давхарынх нь цутгалт хийгдсэн. Одоогоор цаг агаарын онцлогоос шалтгаалан барилгын ажил зогссон байгаа. Ирэх жилийн 12 сард буюу намын 30 жилийн ойгоороо ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
-Өнгөрсөн зун гамшигт нэрвэгдэж олон айл өрх орон гэргүй болсон шүү дээ. Тэр өрхүүдэд хандив тусламж үзүүлж орон гэртэй болгох тал дээр ямар ажил хийгдсэн бэ?
-Аймгийн төвийн гурван багийн айл өрхүүд гамшигт нэрвэгдсэн. Миний сонгогдсон баг учраас энэ тал дээр хяналт тавиад ажилласан. Зөвхөн үерт өртсөн хүмүүст зориулаад Казакстан болон Монголын ард түмний сайн санааны үүднээс өгсөн 1,2 тэрбум төгрөг бэлнээр цугларсан. Энэ хандивыг хуваарилах зорилгоор аймгийн ИТХ хуралдсан. Хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн 900 өрхөд 200 сая төгрөгийг нь айл өрхүүдэд хохирлынх нь хэмжээнээс хамаарч их нэрвэгдсэнд нь 300, дунд зэрэгт нь 200, бага хэмжээнд нэрвэгдсэнд нь 100 мянга гээд бэлэн мөнгө л тараасан. Орон сууц барина гээд 500 сая төгрөгийг нь хуваарилсан. Өмнө Кувэйтын тусламжаар орон сууц баригдаж бөөн хэл ам болсон. Тендер зарлаад чанаргүй барьсан учраас үерийн үйл ажиллагааны зардалд 480 сая төгрөг зарцуулсан гээд өр хаасан. Томилолт 90 сая төгрөг. Уг нь энэ бүгд чинь хуулираа бол аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөөс гарах ёстой мөнгө. Гэтэл засаг даргын нөөц хөрөнгөөс ямар ч мөнгө гараагүй. Хүмүүсийн сайхан сэтгэлийн үүднээс өгсөн мөнгийг зорилтот бүлэгт нь өгөхгүй өр хааж боломгүй л санагдаад байгаа юм л даа. Би хуралдаан дээр хэлсэн. 480 сая төгрөгөө та нар засгаасаа гарга л даа. Үүний төлөө тэмц, яв. Материалаа бүрдүүлээд очиход Монголын төр засаг гамшигт нэрвэгдсэн нэг аймгийн зардлыг төлдөг юм. Сайн ярих юм бол яригдаад байгаа ЖДҮС-гийн чинь тал мөнгө байгаа биз дээ. МАН олонхоороо л шийдсэн. Ийм хариуцлагагүй, хүн чанаргүй байдалтай л байна. Хүмүүсийн сайн санааны үүднээс өгсөн мөнгөнөөс хүртэл завших шунал бий болсон байна.
-Эрх баригчдын энэ бодлого шийдвэрт сөрөг хүчний хувьд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Эрх баригчдын энэ улаан цагаандаа гарсан бодит байдлыг ард түмэнд хүргэх тал дээр сөрөг хүчний хувьд хяналт тавьж ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхэд хэлний асуудал бэрхшээлтэй байдаг. Өдөр тутмын сонин очлоо гэхэд хөдөөний хүмүүс маань 100 хувь уншаад ойлгохгүй. Хөдөөний хүмүүсийн ганц мэдээлэл авдаг суваг нь орон нутгийн радиогийн 09:00-10:00 цагийн хооронд явдаг нэг цагийн нэвтрүүлэг л байдаг. Энэ радиогийн санхүүжилт нь эрх баригчдын гарт байдаг учир бидний дуу хоолой ард түмэнд хүрнэ гэж байхгүй. Бодит байдлыг ард түмэнд тайлбарласан мэдээ хэзээ ч явдаггүй. Бид энэ бүхнийг харж суухгүй улиралд нэг удаа казак хэл дээр сонин гаргаж 25 мянган иргэддээ хүргэж байгаа. Ингээд ч болов энэ улс оронд болоод байгаа хууль бус явдлын бодит байдлыг хүргэхгүй бол жирийн хөдөөний иргэдэд маань мэдээлэл хүргэхэд бэрхшээлтэй байна.
Ардын нам 2020 онд ялалт авахын тулд ганц зүйлд найдаж байгаа нь тодорхой. Тэр нь мөнгө. Өмнө нь ч мөнгө ашиглаад л ялж байсан. Ирэх 2020 оны сонгууль ч гэсэн мөнгөний сонгууль болох гээд байна. Энэ бол гарцаагүй. Тэдэнд амлалтаа ингэж биелүүллээ гээд хэлэх гялтайх ч юм байхгүй. Тийм учраас энэ башир аргаа хэрэглээд сонгогчдыг мөнгөөр худалдаж авч ялна гэж бодоод байх шиг байна. Ямар нэгэн аргаар мөнгөтэй болчих юм бол тэр мөнгөөрөө төрийн эрх авах вариант л үлдсэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд эрх баригчид мөнгөний хойноос үхэн хатан гүйж байгаа тод жишээнүүдийг би түрүүнд хэлсэн. Бид ард түмэнд та нар мөнгийг нь ав. Харин дахин хууртаж болохгүй шүү гэдгийг сонгогчдод ойлгуулах нь чухал. Үүнээс бид хамгаалж чадах юм бол 2020 онд арай өөр сонголт явагдах байх гэж найдаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Ц.БАЙГАЛМАА
Эх сурвалж: “Ардчилал таймс” сонин
URL: