Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн
-УИХ давхар дээлтэй Засгийн газар байгуулсныхаа горыг амсч байна-
Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлт болон улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуульч Д.Оросоотой ярилцлаа.
-Манай улсад агаарын бохирдол, орон нутагт өвөлжилт хүндэрч байна гээд шийдэх ёстой олон асуудал шийдлээ хүлээж байна. Гэтэл өнөөдөр УИХ чуулганаа хийж чадахгүй байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Давхар дээлтэй Засгийн газар парламентаасаа ямар их хүчтэй вэ, улс төрийн эрх мэдлийн тогтолцооны хямрал, гажуудал ямар түвшинд очсон бэ гэдгийг одоогийн нөхцөл байдал харуулж байна. Манай парламентын түүхэнд парламeнт нь Засгийн газраасаа болоод хурлаа хийж чадахгүй байгаа сургамжтай үйл явдал болж байна.
Давхар дээлтэй гишүүдийн хийж байгаа үйлдэл цаашид Монгол Улс давхар дээлтэй Засгийн газраас татгалзах эхлэл болно гэж найдаж байна. 2000 онд Үндсэн хуульд дордохын долоон өөрчлөлт оруулж, давхар дээлтэй Засгийн газар байгуулах замыг нээсэн, түүнээс хойш 18 жилийн турш Монголд парламентын хяналт гэж байхгүй болж, парламент, Засгийн газар хоёр нь нэг хөнжилд орсон.
Энэ гажуудал явсаар өнөөдөр хямралынхаа оргил цэгт ирлээ. Эцэстээ Монголд парламент гэж байхгүй, парламeнт нь Засгийн газрынхаа “дагуул” болсон. Өнөөгийн УИХ бол давхар дээлтэй Засгийн газар байгуулсныхаа горыг амсч байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар дээр, дооргүй яригдсаар л байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс анхаарал татаж иргэд, судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл заалтуудын тухай ярилцъя?
-Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-т Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ гэсэн зарчим байгаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар төсөл явж байна вэ гэхээр баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар шууд томилох зохицуулалт орж ирж байгаа юм. Одоо байгаа Үндсэн хуулийн заалтаар баг, хорооны Засаг даргыг тухайн баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлж сум, дүүргийн Засаг дарга томилдог. Тэгэхээр баг, хорооны Засаг даргыг баг, хорооны хурлаас нэр дэвшүүлдэгийг болиулж байгаа гэсэн үг. Шууд томилох болж байна. Баг, хорооны түвшинд нутгийн өөрөө удирдах ёс алга болж байгаа нь Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх заалттай зөрчилдөж байна. Харин бодит амьдралд яаж нөлөөлөх вэ гэвэл баг, хорооны Засаг дарга нь иргэдээс холдож эхэлнэ. Дүүргийн Засаг дарга нь хорооны Засаг даргыг шууд томилчих болохоор хорооны Засаг дарга иргэдээсээ хамааралгүй болж байна. Одоо бол баг, хорооны Засаг дарга иргэдийн нийтийн хурлаасаа нэр дэвшдэг болохоор иргэдтэйгээ ойр ажилладаг юм. Төрийн анхан шатны нэгжийн Засаг даргыг иргэдээс нь улам холдуулах нь хор уршиг ихтэй. Баг, хорооны Засаг даргыг иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлж байгаа нь хэлбэрийн хувьд санал юм, энэ санал гацаа болоод байгаа юм байхгүй л дээ. Томилох эрх нь сум, дүүргийн Засаг даргад байгаа. Тийм болохоор санал гаргах эрхийг хязгаарлах хэрэггүй юм. Энэ саналд иргэдийн оролцоо, засгийн эрх ард түмний мэдэл байна гэсэн зарчим агуулагдаж байгаа юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож аймаг, нийслэлийн Засаг дарга батламжилна гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгох нь байна. Гэхдээ сум, дүүргийн Засаг даргыг огцруулах шийдвэр гарсан тохиодолд бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно гэж заасан. Тэгэхээр иргэдээсээ сонгогдсон Засаг даргыг нэг жил ажиллуулаад огцрууллаа гэж бодьё. Тэгвэл үлдсэн гурван жилд ажиллах Засаг даргыг иргэдийн саналаар сонгох ёстой биз. Гэтэл дээд шатны аймаг, нийслэлийн Засаг дарга шууд томилно гэсэн байна, энэ нь яваандаа иргэдээсээ сонгогдсон биш, томилогдсон сум, дүүргийн Засаг даргатай болох алхам руу очно. Хэрэв огцорсон л бол дараагийн Засаг дарга мөн л сонгогдох л ёстой.
МАН байгаад байвал дахиад хоёр дахь 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээл гарч ирнэ ”
-Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дээрх гажуудлыг засч чадах болов уу. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд авааштай сайн тал юу байна вэ?
-Үндсэн хууль гэдэг улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим, хүний эрх, эрх чөлөө, нийтийн шударга ёсны амин сүнс оршдог улс төр эрх зүйн тулгуур баримт бичиг байдаг. Үндсэн хуулийн тунхагласан үзэл санаа, зарчмыг бодит амьдралд хэрэгжүүлэх нь үндсэн хуулийн хамгийн чухал эрхэм зорилго юм. Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг тогтвортой хадгалж түүнийг сахин биелүүлэх явдал Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөхөөс хамаагүй чухал зүйл. Бид 1992 оны шинэ Үндсэн хуулийг гурван сарын хугацаанд ард иргэдээр хэлэлцүүлэн Улсын бага хурлаар хоёр удаа, Ардын их хурлаар 70 гаруй хоног хэлэлцэж байж шинэ үндсэн хуулийг баталсан. Монголчуудын хувьд эрхэм зорилго нь юу вэ гэхээр энэ үндсэн хуулиар тунхагласан үзэл баримтлал, зарчмыг амьдралд хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Бид үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг хэрэгжүүлж байна уу гэвэл бүрэн гүйцэт чадахгүй байна. Бас гажуудуулж байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд болгомжтой хандах хэрэгтэй. Учир нь, Үндсэн хуулиа гүйцэтхэрэгжүүлж чадахгүй байж өөрчилнө гэж ярих нь зөв үү гэдгийг бодох учиртай. Ер нь, Үндсэн хуулийг өөрийнх нь үзэл баримтлал, суурь зарчмыг дордуулсан дур зоргын шинжтэй нэмэлт, өөрчлөлтөөс Үндсэн хуулиа байнга хамгаалж байх шаардлагатай байдаг. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийтийн анхаарлыг их татаж нэлээд шүүмжлэл, гомдол, хардлага төрүүлсэн өөрчлөлт байсан. Үүнийг олон хуульчид эсэргүүцэж энэ өөрчлөлтийг зөв голидрол руу чиглүүлэхэд олон хүн санал бодол, байр сууриа илэрхийлсэн. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж байгаа зүйл, заалтууд нь нэлээд санал, шүүмжлэлд өртөөд авууштай заалтууд оруулсан байгаа. Тухайлбал, давхар дээлний асуудал, УИХ-ын гишүүн бусад гишүүдийн өмнөөс санал өгдөг асуудлыг зохицуулах гэж оролдож байгаа. Мөн УИХ-ын гишүүний хариуцлага, гишүүдийн насны доод хязгаарыг нэмж тогтоосон, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахтай холбоотой хязгаарлалтуудыг тогтоож өгсөн зэрэг авууштай зүйл бий. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах процессыг нарийсгаж Засгийн газрын танхимаар ажиллах зарчмыг тодотгож өгсөн.
-Бусад улс орны хувьд Үндсэн хуулийн халдашгүй бүрэн эрхийг хэрхэн хамгаалсан байдаг вэ. Манай улсын хувьд халдашгүй бүрэн эрхийг нь хэрхэн хамгаалдаг вэ?
-Дэлхийн улс орнууд Үндсэн хуулийнхаа халдашгүй байдлыг илүү бататгаж Үндсэн хуульдаа дур зоргын шинжтэй өөрчлөлтийг оруулахаас сэргийлж өөрчлөлт оруулах эсэхэд тодорхой нарийн дэг журам тогтоож өгдөг. Тухайлбал, хоёр танхимтай парламент байлаа гэж бодоход хоёр танхим нь хоёулаа баталдаг. Эсвэл хамтарсан хурал хийдэг ч юм уу. Мөн орон нутгийн хурлууд нь хамтарч баталдаг гэдэг юм уу. Үндсэн хуульд дур зоргын шинжтэй өөрчлөлт оруулах боломжийг багасгаад илүү нарийн төвөгтэй үйл явцаар өөрчлөлт оруулдаг. Судалгаанаас харахад ардчилал өндөр хөгжсөн АНУ, Австрали, Герман, Канад, Япон зэрэг орны Үндсэн хуулийн халдашгүй шинж чанар нь өндөр байдаг. Энэ нь цаанаа Үндсэн хуулиа тогтвортой мөрдүүлж хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт. Зарим улс орнууд дэндүү уян хатан хялбар өөрчлөлт оруулах заалтууд бий. Манай улсын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар шаардлага, шалгуур тавьдаг юм бэ гэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар дахин нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг алсыг харж долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс бид сургамж аваад 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Өмнө нь 1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ урьд өдөр нь өргөн мэдүүлээд маргааш нь баталсан. Тиймээс иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад 1999 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгосон. Тэгсэн яг тэр төслөөр нь 2000 онд дахин УИХ хэлэлцээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай бие даасан хууль баталсан. Аливаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь өөрөө Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалд нийцсэн байх ёстой. Түүнтэй харшлахгүй, дээр нь Үндсэн хуулийн 70 зүйлийн 35 ба түүнээс дээш хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулахаар байвал энэ төслийг нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй. 70 зүйлтэй Үндсэн хуулийн 50-иас дээш хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулга болж хувирна.
МАН байгаад байвал дахиад хоёр дахь 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээл гарч ирнэ.
-Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийг санаатай болон санаандгүй зөрчсөн олон үйл явдал өрнөж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй хэсгийг ч хөндөх асуудал яригдаад эхэлсэн. Энэ тухай?
-Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчмыг үгүйсгэж болохгүй. Мөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулж болохгүй, аль нэг улс төрийн нам бүлэг давхаргын ашиг сонирхлыг илэрхийлсэн хамгаалсан шинж чанартай байж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй зүйл хэсэг гэж байдаг. Жишээ нь, Үндсэн хуулийн 1,2,3,4 дүгээр зүйл байна. 5 дугаар зүйлийн 1-4 дэхь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг зэрэг. Үүнийг бид баримтлах ёстой. Ер нь хууль санаачлах эрх бүхий этгээдийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн хувьд хуулийн төсөл санаачилж байгаа бол Eрөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг өргөтгөх, хязаарлах, эрх хэмжээг нь нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн ээлжит болон үлдсэн бүрэн эрхийн хугацааг сунгах, Ерөнхийлөгчид нэр дэвшихэд тавигдах шаардлагыг сулруулах байдлаар нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачлах эрхгүй байдаг.
УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын ээлжит сонгуулийн болон бүрэн эрхийн хугацааг сунгах, гишүүний бүрэн эрхийг өргөтгөх үүрэг хариуцлагыг нь сулруулах гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг тодорхойлох байдлаар бүрэн эрхийг олж авах байдлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлахыг хориглодог. Засгийн газрын хувьд мөн адил. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлаж өөрчлөхтэй холбоотой хуулийг санаачилж болохгүй. Дээр нь шүүх эрх мэдлийг хязгаарлах өөрчлөх Засгийн газрын эрх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхгүй байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өөрөө Үндсэн хуулийн ач холбогдолтой мэргэжлийн түвшинд боловсруулсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын онол практикын ач холбогдолтой хамаатай зүйлийг хөндсөн байх ёстой. Түүнээс биш Үндсэн хуулийн ач холбогдолгүй зүйлийг яриад байж болохгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зохиомол зүйл байж болохгүй жам ёсоороо урган гарч ирсэн байх шаардлагатай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 76 гишүүний дөрөвны гурваас доошгүй ирцтэйгээр нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэх ирцыг нь тогтоож өгсөн байдаг.
-60 тэрбум, ЖДҮ-ийн хэрэг гээд олны нүдэнд ил томоохон хэргүүд байгаа ч холбогдогч этгээдүүдэд хариуцлага тооцож чадахгүй байна. Үндсэн хуулийн аль зүйл заалтад хамруулан хариуцлага тооцох вэ?
-60 тэрбум төгрөгийн сүлжээ үүсгэж, төрийн албыг худалдаж улс төрийн сонгуульд орж байна, давхар дээлтэй Засгийн газар байгуулж, гишүүд нь ЖДҮ-ийн зээл хувааж авлаа. Энэ бүхний үр дүнд Засгийн газар огцорч, УИХ ч тарж болно. Гэтэл цаана нь улс төрийн нам хариуцлага хүлээхгүй хоцорч байна. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-т Монгол Улсад засгийн бүр эрх ард түмний мэдэлд байна. 2-т нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 2-т улс төрийн нам нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахыг хориглоно гэсэн заалт бий. Эрх баригч МАН 2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-аар засгийн эрхийг авахдаа Үндсэн хуулийн бус аргаар авах оролдлого хийсэн, авсан гэдэг нь болж байгаа үйл явцаар хангалттай нотлогдож байна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр 60 тэрбумын хэрэг үнэн гэдгийг МАН-ын дарга албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Eрөнхий сайд У.Хүрэлсүх: М.Энхболд үүрэгт ажлаа өг. Огцор та бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Өнөөдөр албан ёсоор нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Тэр 60 тэрбум төгрөгийн хэрэг гэдэг үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Эвлүүлэг биш. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарж мөнгөжих гэж хийсэн нь үнэн гэсэн.
-МАН Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахыг завдсан авсан гэдгийг олон нийт дээр нь МАН-ын гишүүд нь өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна . Одоо яах ёстой вэ?
-МАН-ын дарга нь хүлээн зөвшөөрсөнөөс гадна МАН-ын хяналтын ерөнхий хорооны 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 13 тоот тогтоолоор 60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор хариуцлага тооцсон байдаг. Тэгэхээр дээр хэлсэнчлэн Улс төрийн намын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 2-т, мөн 23 дугаар зүйлийн 23-2-т Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахыг хориглоно гэсэн заалтыг эрх баригч МАН зөрчсөн. Улс төрийн намын тухай 23 дугаар зүйлийн 23-2-т Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үйл ажиллагаа явуулсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж намыг улсын бүртгэлээс хасна гэж заасан. МАН Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйл ажиллагаа явуулсан байна уу гэвэл явуулсан. МАН-ын дарга нь албан ёсоор хүлээн зөвшөөрлөө, Намын хяналтын хороо нь шийдвэр гаргалаа. Бичлэг хөдлөшгүй нотлох баримт нь ил байна. Тэгэхээр одоо МАН-ыг тараах асуудлыг Улсын дээд шүүх шийдэх ёстой. Хуульчид болон иргэд албан ёсоор Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна лээ. Улс төрийн намыг тараахгүйгээр 60 тэрбумын сүлжээ үүсгэсэн, ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийн хувьд Засгийн газар нь огцорч, УИХ тарж болно. Гэвч гол зөгийн үүр нь МАН юм. МАН байгаа цагт дахиад хоёр дахь 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээлийн хоёрдахь хувилбар гарч ирнэ. Шинэчлэл өөрчлөлтийг уг үндсээр нь хийх хэрэгтэй.
Б.МЯГМАР
Эх сурвалж: Ардчилал таймс сонин
URL: