Төрийн банкны хувьчлалын асуудал түр саатав уу?
Саяхан сур дуулиантайгаар байгуулагдаж байсан Төрийн банкийг хувьчлах нь гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа. Гадаад, дотоодын эзэдтэй, мөнгө “угаагч” банкууд гэх мэтээр арилжааны банкуудын хөрөнгө оруулагчдын талаар хар цагаан хэл ам олон байдаг. Мөн жинхэнэ эздийх нь талаар ч ам сайтай нь цөөн төдийгүй “нууц ноёнтон”-уудынх тухай ч мэдээлэл тун хомсхон байдаг. Тэгвэл ар араасаа хаалгаа барьсан “Анод”, “Зоос” банкуудын дампуурлаас хойш иргэдийн банкинд итгэх итгэл суларч, хэн хүнгүй болгоомжлох болсон. Гэтэл “Нууц”-ын зэрэглэлд багтах хэмжээнд байсан дээрх мэдээллүүдийг харин ил тод байлгах хуулийг УИХ энэ оны нэгдүгээр сард баталсан.
Тус хуулиар, бүх арилжааны банкуудын хувь эзэмшигч, эзэд, удирдлагуудын талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх ёстой. Банкны тухай хуулийн 38.2.4. “нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч банкны нэгжийн удирдлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр…”-ийг мэдээлнэ гэж заасан байгаа.
Монгол Улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувь төрийн өмчит банк байгуулагдсан нь Төрийн банк билээ. Гэтэл оны эхээр “Төрийн банкыг яаралтай хувьчлах хэрэгтэй” гэсэн мэдээлэл чих дэлсч байснаа түр намжив бололтой. Үүний шалтгаан нь “Зоос”-ыг аварч, Төрийн банкийг байгуулахын тулд гаргасан 100 тэрбумын бонд болж таарлаа. Засгийн газар Төрийн банкийг энэ өрөө хүүтэй нь хамт 100 хувь төлж барагдуулахаас өмнө хувьчилж болохгүй гэсэн бодлого барьж байгаа гэнэ.
Уг нь энэ онд хувьчлах аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтад тус банкны нэр багтаж, төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх ёстой байж. Монголбанкныхан ч “Төрийн банкийг аль болох хурдан хувьчлах шаардлагатай” гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэвч дээрх 100 тэрбумын бондын асуудлаас болж хувьчлалын тухай нам жим болоод байна. Төрийн банкийг анх байгуулах үед УИХ, Засгийн газрын гишүүд “Арилжааны банкны статусаар ажиллах болохоор төр байнга “халамжилна” гэж байхгүй.
Санхүүгийн хувьд эрсдэлгүй болж, саадгүй ажиллаад эхлэхээр нь бие даалгаж хувьчлах талаар ч ярьж болох юм гэсэн аястай хандаж байсан. Тэгвэл Төрийн банк тийм хэмжээнд хүрсэн үү гэвэл аль хэдийнээ хүрчихжээ. Учир нь тус банкны нийт актив нь 180 орчим тэрбум харин зээлийн, хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн “Зоос” банк¬наас шилжүүлсэн 70 тэрбум төгрөгийн зээлээ ч төлөөд бараг дуусч байгаа гэдгийг төв банкнаас мэдээлсэн байна. Харин Засгийн газрын бондын өрөө төлөх тал дээр л нэлээд асуудалтай байгаа аж.
Хэрэв төрийн банкны хувьчлал энэ мэтээр удаашраад байвал төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасалдана гэсэн үг. Яагаад гэвэл энэ оны төсөвт өмч хувьчлалаас 98.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр байгаагийн 60 гаруй тэрбумыг нь зөвхөн Төрийн банкны хувьчлалаас бүрдүүлнэ гээд Төсвийн тухай хуульдаа тусгачихсан байдаг. Гэтэл тэрхүү гол объект нь тун боломжийн ажиллаж байгаа хэрнээ өрөө барагдуулахгүй байгаа нь эргэлзээтэй юм. Төрийн банкны бондын өр барагдуулах асуудал удаашралтай байгаа нь нэг талаасаа анх байгуулсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэдгийг үгүйсгэх аргагүй юм.
Учир нь Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дийлэнх нь Сангийн яамны хүмүүсээс бүрдсэн байгаа. Тиймдээ ч Засгийн Газраас авсан өрөө төлөхөөс жаахан луу унжаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байх юм. Үүнээс гадна ойрын үед “Алдарт 100 тэрбумын бонд” нь анхнаасаа будилаантай байсан юм биш биз гэх асуудлыг УИХ-ын зарим гишүүд сөхөж, мартагдсан дуулианыг амилуулсан нь бас л анхаарал татаж байна. Хэрэв энэ сэдэв бүр сэдэрвэл Төрийн банкыг хувьчлах нь бүү хэл, бондын өрийг хэн төлөх вэ гэдэг дээр ч маргаан гарч болзошгүй. Гэтэл бас нэгэн мэдээлэл байгаа нь тус банкинд санаархсан гаднынхны асуудал байна.
Тэр гаднынхан гээд байгаа нь Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/ гэнэ. Тэд мөнгөтэйгөөр барахгүй арга залиар аль нэг банкийг авахдаа мэргэшсэн “гарууд”. Хэдийгээр хувьчлах хугацааг Засгийн газраас тодорхой болгоогүй ч ямар үнээр хувьчлахыг аль хэдийнэ яриад эхэлчихсэн байна. Бүр хувьчлалд оролцох сонирхолтой зарим хөрөнгө оруулагчид үнийн саналтай нь урьдчилсан байдлаар танилцсан тухай ч мэдээлэл гарлаа. Үүний тоонд Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхан багтаж Төрийн банкны хувьчлалын үнэтэй танилцсан боловч тэдэнд арай чангадсан үнэтэй байсан гэнэ.
Эндээс “ЕСБХБ хувьчлалын үнийг аль болох өндөр байлгах замаар дотоодын хөрөнгө оруулагчдыг туйлдуулах бодлого барьж байгаа юм биш биз” гэсэн хардлага байна. Иймийн учир тэдний Төрийн банкин дахь хувь эзэмшлийн нөлөө хэвээр байна гэсэн үг. Энэ мэтчилэн Төрийн банкны хувьчлалын асуудал гарсан ч түр саатаад байгаа нь цаанаа нэг учиртай бололтой.
Тус банкны ТУЗ-ийн даргаар Сангийн дэд сайд Т.Очирхүү,гишүүдээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга Л.Ганбат, Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудит хяналтын, шинжилгээ, үнэлгээний газар Б.Гэрэлмаа, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын орлогч дарга, Б.Ганболд нар тус тус багтдаг ажээ.
О.Ууганжаргал
URL: