Түрээслэх бус өмчлөх горьдлого тээжээ

HJ_bzyHuCCМонголын төр “барилгачин” болж, үр дүнд нь түрээсийн орон сууцны зах зээлд томоохон тоглогч болсон. Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд барилгын салбарт төрийн оролцоо нэмэгдэж, Төрийн орон сууцны корпораци хамгийн том түрээслэгчийн үүрэг гүйцэтгэж байна. Агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрт хамрагдсан иргэд өнөөдөр түрээсийн байранд дулаан, тав тухтай өвөлжиж буй.

Төр энэ зах зээлд орж ирснээр үнийг тогтворжуулж, өрхийн орлогын түвшнээс хамаарахгүйгээр айл өрх бүр орон сууцанд амьдрах боломж, бололцоог нээсэн. Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж, найман хувийн ипотекийн шаардлага хангасан иргэд байртай болж байгаа. Уг зээлийн шаардлага хангахгүй нөхцөлд түрээсийн хөтөлбөр иргэдийн хувьд хоёр дахь сонголт болно.

Барилгын салбар банк, төрийн нуруун дээр ийн оршин тогтнож, утааны эсрэг хамгийн үр дүнтэй шийдэл нь эдгээр аргууд болоод байгаа юм.

Түрээсийн хямд үнэтэй орон сууцны нийлүүлэлт нийт эрэлтийнхээ хаана нь ч хүрэхгүй байгаа. Хэдий тийм боловч зорилтот бүлгийн цөөнгүй өрх өнөөдөр түрээсийн орон сууцны үр шимийг хүртэж, улмаар тухайн байраа тодорхой хугацааны дараа өөрийн болгох боломж, нөхцөл үүсэх болов уу хэмээн хүлээж сууна. Тодруулбал, түрээсийн сар тутмын төлөлт тодорхой цаг хугацааны дараа байрны нийт үнийн дүнгийн урьдчилгаа 30 хувьтай тэнцэх үед найман хувийн зээлээр байраа өөрийн болгох хүсэл, эрмэлзэл их байна. Түрээсийн хөтөлбөрт хамрагдсан залуу гэр бүлүүд үүнийг хамгийн их лавлаж, битүүхэн дотроо горьдож суугааг төрд дуулгая. “Буянт-Ухаа 2” хороололд байр түрээслэх, худалдан авах сонирхолтой хүмүүс ч их байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянтухаа 2” хорооллын дараагийн ээлж ирэх оны эхний улиралд ашиглалтад орохоор хүлээгдэж буй. Улс болон нийслэлийн хэмжээнд ТОСК-ийн шугамаар 1500 гаруй айлын орон сууц энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч ирэх оны эхний улиралтай золгож байгаа нь энэ. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Хичээнгүй “Түрээсийн орон сууцанд орох өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно” гэж мэдэгдсэн удаатай. Залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон ээж, аав, төрийн албан хаагч, өндөр настан гээд нийгмийн зорилтот бүлэгт “түрээсийн орон сууцны хөтөлбөр” үндсэндээ чиглэж буй. “Буянт-Ухаа 2” хороололд баригдаж буй түрээсийн 972 айлын орон сууцыг хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны эхний сард ашиглалтад оруулахаар болсныг Барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлсэн юм. 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдан борлуулах талаар хараахан эцэслэн шийдээгүй байгаа аж. Засгийн газрын хуралдаанаар энэ бүхэн тодорхой болох бөгөөд түрээсийн төлбөр болон худалдах үнийг тогтоох юм.

2015-2021 онд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулахаар Засгийн газрын тогтоол 2015 онд гарсан. Үүнээс хойш нийт 3000 орчим орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж, 1500 гаруй айл түрээсийн орон сууцанд орсон тооцоо байна. “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд сургууль, өрхийн эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэргийг цогцоор төлөвлөхгүй барьснаас өдгөө оршин суугчдын зүгээс үүнтэй холбоотой багагүй гомдол, санал ТОСК болон УИХ-ын өргөдлийн байнгын хороонд ирсээр байна. Мөн түрээс болон ипотект хамрагдсан иргэдийг нэг дор оруулснаар байрны ашиглалттай холбоотой зөрчил, маргаан их гарах болжээ. Үүнээс гадна нийтийн тээвэр хүртээмжгүй, хорооллын орчны тохижилт бүрэн хийгдээгүйгээс хулгайн гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдсэн муу мэдээ бишгүй байна.

1500 гаруй айл түрээсийн орон сууцанд орсон байна

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр түрээсийн байрыг дунд хугацаанд өмчлүүлэх яриа анх гарсан. Үүнээс хойш иргэд, олон нийтийн дунд “Буянт-Ухаа 2” хороололд түрээсийн төлбөр нь байрныхаа нийт үнийн 30 хувьд хүрч, банкны зээлийн шаардлага хангаж байвал өөрийн болгох өмчлөх эрх үүсэж магадгүй юм гэсэн горьдлого, хүлээлт бий болсоор удлаа. Тэгвэл энэ хүлээлт одоо ч олон нийтийн дунд анхаарал татсан хэвээр. Түрээслэх мөнгө нь байрны урьдчилгаа болж, улмаар байртай болох боломжийг залуучууд хамгийн их сонирхож байгаа юм. Түрээсийн орон сууц нь хоёр хэлбэртэй. ТОСК-ийн хувьд энгийн түрээсийг иргэдэд санал болгож ирсэн. Хэрэв түрээслээд өмчлөх хэлбэрт шилжвэл залуучуудад томоохон боломж бий болох юм. Нийслэлийн орон сууцны корпорацийн хувьд мөн адил түрээслээд өмчлөх хэлбэрт шилжвэл шинэ журам, зохицуулалт зайлшгүй шаардлагатай болох нь. Мөн орон сууцны үнэ буурсан ч худалдан авах чадвартай эрэлт буурсан нь түрээсийн орон сууцны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх болов. Тиймээс орон сууцны үнийн тэнцвэрийг барих санхүүгийн бодлого шаардлагатай байна.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих