Ирээдүйд Вангагаас дутахгүй зөгнөж хэлсэн зөнч
Митар Тарабич нь (1829-1899) Сербийн нэгэн тосгоны бичиг үсэггүй тариачин байсан бөгөөд Нострадамусаас ялгаатай нь энгийн ярианы хэлээр тодорхой зөгнөж хэлсэн байдаг аж. Хорьдугаар зууны эхээр Сербийн хаант улсын тухай зөгнөлүүд нь ар араасаа яг таг биелж эхлэнгүүт олон нийт анхаарлаа хандуулж, Тарабичийн “хар зөн” биеллээ гэцгээсэн аж. Тэгвэл Тарабичийн зөгнөлийн манай цаг үетэй холбоотой хэсэг ч биеллээ олоод байгаа юм.
Зөгнөл: Хаан хатан хоёрыг алуулсны дараа засгийн эрхэнд Карагеоргиевич гарч ирнэ. Тэр үед бид туркуудтэй дахин байлдана. Христ шүтлэгт дөрвөн улс Турк рүү дайрч, бид хилээ Лим голыг хөвөөлөн тогтооно. Тэр цагт бид Косовог төвхнүүлж хариугаа авна.
Биелэл: 1903-Александр, Драга Обренович хоёрыг харуулынхан аллаа. Сербийн удирдагчаар Петр Карагеоргевич тодорлоо.
1912-Балканы анхдугаар дайн Турк болоод Балканы холбооны орнууд (Болгар, Серби, Грек, Черногор)-ын хооронд болж, Балканы холбоо ялж Серби улс хилээ Лим гол хүртэл тэллээ. Косово Туркийн мэдлээс Сербид шилжив.
Зөгнөл: Энэ дайнаас хойш удалгүй өөр нэгэн том дайн эхэлж маш их цус урсана. Хэрвээ энэ цус гол байсан бол түүний урсгал нь гурван зуун килограммын бул чулууг амархан урсгаж орхихсон билээ. Голын нөгөө талаас манайхаас хоёр дахин их хүчтэй хүчирхэг арми бидэн рүү довтолно… Тэд замд таарсан бүхнээ устган нураасаар нутгийн гүн рүү орно… Бидний хувьд хүнд цаг үе эхэлнэ… Манай арми бараг л бууж өгөөд байтал хар морьтой нэгэн ухаантан толгойд нь гарч ирээд “Миний ард түмэн, ялалтын төлөө урагшаа. Серби ахан дүүс минь урагшаа” гэж хашгирна. Манай арми сэргэж, дайсныг эгүүлэн голын тэртээ рүү хөөнө…”
Биелэл: 1914-Сараевт Сербийн үндэсний үзэлтэн Гаврило Принцип Австрийн хаан суудлын ирээдүйн эзэн Франц Фердинандыг эхнэртэй нь алсны дараа Австри-Мажарын эзэнт улс Серби рүү довтлов. Орон нутгийн энэ дайн удалгүй дэлхийн нэгдүгээр дайн болон өргөжиж 32 орон татагдан оролцлоо. Австрийн арми Сербийн төв хэсгийг яах ийхийн зуургүй эзлээд байтал генерал Александр Мишич (хар морьтон) Сербийн армийг удирдан дайснуудыг Дрин голын цаад руу хөөлөө.
Зөгнөл: Дараа нь хойд зүгээс бүр том арми бидэн рүү довтолж, манай газар шороо хоосрон эзгүйрч, олон хүн өлсгөлөн, өвчнөөс болж үхэцгээнэ. Серби гурван жил харанхуйд умбана. Энэ зуур манай цохигдон сарнисан арми хилийн чанадад, тэнгисээр хүрээлүүлсэн газарт байх болно. Тэнд далайн чанадын анд нөхөд нь тэднийг хооллож анагаана. Тэд шарх нь анихын цагт хөлөг онгоцоор эргэн ирцгээж Серби болон бидний ахан дүүс амьдарч буй бүх улс орныг чөлөөлнө.
Биелэл: Арванхоёрдугаар сарын 15-нд Сербийн умард талаас Герман довтолж сүйрлийн цохилт өглөө. Сербийн засгийн газар, үлдсэн цэргүүд 1916 оноос эхлэн Грекийн Корфу арал дээр байрлав. Дахин зохион байгуулагдаж хүчээ сэлбэсэн Сербийн арми Салоникт ирж холбоотны цэрэгтэй нэгдэв. Удтал зууралдсан хүнд бэрх дайны дараа Сербийг чөлөөлж, нутгийнх нь хагас нь Австри-Унгарын хэсэг болчихоод байсан хорват, словени зэрэг бусад славянуудтай нэгдлээ. Германд эзлэгдээд байх үеэр Сербийн олон хүн өвчин, өлсгөлөнгөөс болж үхжээ.
Зөгнөл: Нэлээд хэдэн жил бид амар жимэр, хайр энэрэл дүүрэн, гэдэс цатгалан амьдарна. Гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй. Манайхан үзэн ядалтын хоронд хордоно… Дахиад л цус урсана… Аймшиг. Хэзээ хаана гэдгийг мэдэхгүй ч энэ бүхний буруутан нь үзэн ядалт байх болно.
Биелэл: Сербүүд засгийн эрхэнд давамгайлж, улс төрийн намуудад ч олонх болж, хорват, словен зэрэг үндэсний цөөнхдөө автономи эрх өгөхөөс татгалзсан нь хаант улсыг улстөрийн самууралд орууллаа. Степан Радич тэргүүтэй хорватууд, тэдний холбоотнууд сербүүдийн дарангуйллын эсрэг, төвлөрсөн тогтолцооны эсрэг тэмцлээ. Черногорын үндэсний парламентын гишүүн нэгэн Радичийг хоёр хамтрагчтай нь цуг шархдуулсны дараагаар хорватууд парламентыг орхин Загребт төвлөрсөн өөрийн гэсэн тогтолцоог бий болголоо. Иргэний дайн гарах аюул тулгармагц сербийн хаан Александр 1929 оны нэгдүгээр сард 1921 оны үндсэн хуулийг хүчингүй болгож, парламент, мөн улс төрийн бүх намуудыг тараагаад засгийн газрын дэглэм бий болсныг зарлалаа. Үндэсний нэгдлийг сэргээхээр найдсан эзэн хаан дараа нь улс орныг хуваадаг уламжлалт хуваарилалтыг халж, улс орноо Югославын хаант улс гэж зарлалаа.
Зөгнөл: Манай хаант улсын эзэн суудалд гарсан хүнийг ална. Түүний бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдүүд нь үлдэнэ. Хаан титмийг алуулсан хүний ойрын хамаатан өмсөж, өнчин хүүхдүүдэд санаа тавьж, шударга удирдахыг хичээнэ. Гэвч ард түмэн түүнд дургүйлхэж, шударга бус хэмээн буруутгана. Цэргийнхэн түү-нийг унагаж, шоронд хорино. Английн хаан, хатан хаан хоёр л түүнийг үхлээс аварна. Эзэнгүй болсон хаан суудалд манай алуулсан хааны хүү сууна. Гэвч тэр хэдхэн өдөр л хаанчилна. Цэргүүд түүнийг далайн чинадад хүргэж орхино. Яагаад гэвэл манай орон дахиад л харийн харгис хэрцгий армид эзлэгдэж, Европ даяараа хар хүчний эрхшээлд автана.
Биелэл: 1934 оны аравдугаар сарын 9-нд Македоны алан хядагч, хорватын салан тусгаарлагчдын хамсаатан нэгэн тэр үед Францад албан ёсоор айлчилж байсан Александр хааныг хөнөөв. Югославын шинэ хаан нь насанд хүрээгүй хүү Петр II боллоо. Засгийг түүний нэрийн өм-нөөс талийгаач Александрын үеэл, ханхүү Павел Карагеоргиевич тэргүүтэй зөвлөл удирдаж байлаа. Олон түмний танил биш Павел цэргийн дарга нарын бослогоор суудлаасаа ховхорсныхоо дараа Англи руу аврал эрэн оджээ. 1939 онд Дэлхийн хоёр-дугаар дайн эхэллээ. 1941 оны дөрөвдүгээр сард Германы арми Югослав руу довтоллоо. Европын ихэнх орон фашистуудын эрхшээлд оров.
Зөгнөл: Оросууд дайнд шууд оролцохгүй. Зэрлэг арми өөр рүү нь довтлохын цагт л хариу барина. Тэр үед Оросын хаан нь улаан хаан байна.
Биелэл: Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Орос төвийг сахиж байв. 1941 оны зургадугаар сарын 22-нд түүний нутаг руу гурван сая цэрэгтэй Германы арми нэвтрээд бут цохиуллаа. ЗХУ-ын төрийн тэргүүн нь коммунист намын удирдагч Иосиф Сталин байв.
Зөгнөл: Тэр үед духан дээрээ одтой хүмүүс бий болж Ужицед байрлан яг 72 хоног болох боловч дайсны шахалтан дор Дрин голын тэртээ рүү ухарна. Өлөн хоосон, хэцүү хатуу цаг эхэлнэ… Сербүүд өвөр хоорондоо дайсагнаж, бие биенээ цавчиж эхэлнэ. Харь газрын булаан эзлэгчид бие биендээ уурссан сербүүдийг дооглон инээлдэх болно. Дараа нь цагаан морьтой, цэнхэр нүдтэй, духан дээрээ одтой хүн гарч ирнэ. Харгис дайснууд түүний хойноос ой мод, ус гол, тэнгис далайгаар хөөцөлдөвч нэмэргүй. Тэрээр манай орноос дайсныг хөөж, эзэнт улс минь өмнөхөөсөө илүү их нутагтай болно. Орос орон далайн чинадын агуу их эзэнт улсуудтай холбоо тогтоон Европ тивийг боолчилсон хар хүчийг устгана.
Биелэл: Хорватын коммунист Иосип Броз Тито тэргүүтэй Югославын коммунист нам Герман, Италийн булаан эзлэгчид, мөн хоорондоо байлдаж буй Серб, Хорватын үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг зэвсэгт бослого зохион байгууллаа. Титогийн армийн цэргүүд малгай дээрээ улаан таван хошуутай байжээ. Тэдний эхэлж чөлөөлсөн нутаг нь Ужице хот, тэр орчмын газар нутаг байлаа. Тэд Герман, Италийн булаан эзлэгчдийн эсрэг 73 өдөр сөрөн зогсоод Босни руу, Дрин голын цаад руу шахуулав. Югослав даяар партизаны дайн өрнөлөө.
1945 оны тавдугаар сард ЗХУ, АНУ, Англи, Францын холбоотны хүч Германыг ниргэлээ. Мөн оны эцсээр нэгдсэн Югослав улсыг сэргээв. Тито Белград хот руу цагаан морьтой орж ирэн хааны ордныг өргөөгөө болгов. Италийн нэгээхэн хэсгийг Югослав өөртөө нэгтгэв.
Зөгнөл: Агуу том дайны дараа дэлхий дахинаа энх амгалан болно. Хар, цагаан, улаан, шар олон шинэ улс бий болно. Улс орнууд хоорондоо дайтахыг зөвшөөрдөггүй олон улсын шүүх байгуулагдана. Энэ шүүх бүх хаадаас илүү чухал. Хаа нэгтээ дайн эхэлбэл шүүх шударгаар нягталж, уур хилэн, үзэн ядалтыг хайр, амар амгалангаар солихыг хичээнэ.
Биелэл: 1945 онд Нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдаж, улс хоорондын зөрчлийг гэрээ, хэлэлцээр, эвлэрэл, зуучлал, арбитрын шүүх, хуулийн зохицуулалт зэрэг арга хэрэгслээр шийдэхэд туслах болов.
Зөгнөл: Хэсэгхэн хугацааны дараа том хаад эл шүүхийг тоохоо больж, өөрийн дураар болж эхэлнэ. Үүнээс болж олон жижиг дайн гарна. Мянга мянган хүн үхнэ. Гэхдээ том дайн хаа ч болохгүй.
Биелэл: Солонгосын дайн (1950-1953), Вьетнамын дайн (1959-1975), Афганы дайн (1979-1988) гэхчлэн өнөөг хүртэл хаа сайгүй жижиг дайнууд гарсаар байна…
Зөгнөл: Израилийн эргэн тойронд хэд хэдэн дайн болсны эцэст энх амар тогтоно. Эдгээр дайнд ахан дүүс алалцаж, эцэст нь тэд эвлэрч тэврэлдэх боловч хонзон мөнхөд үлдэнэ… Эдгээр дайнуудыг зальтай, муу санаатай том хаад өдөөнө. Харин бие биеэ алж байгаа хүмүүс үүнийг харанхуй тэнэгээсээ болж үйлдэнэ.
Биелэл: Ойрхи Дорнодод 1947 онд Израйль улс байгуулагджээ. 1967 онд хөрш арабын орнууд, Израйлийн хооронд Зургаа хоногийн гэгдсэн дайн дэгдсэн. 1975 онд Ливанд Иран, Сири, Палестин, Израйлийн оролцоотой иргэний дайн дэгдсэн. Иран, Ирак (1980-1988), Ирак, Кувейт (1991 хоорондоо дайтсан.
Зөгнөл: Серби нь цагаан морьтой, цэнхэр нүдтэй хүн удирдахаар ирэхээс өмнө нэн сайхнаар хөгжинө. Тэр хүн нэгэн шинэ шашин маягийн зүйл авчирна. Тэрээр хаан суудалд суугаад эрүүл саруул, хүч чадал төгс байж бараг зуу насална. Тэр хүн анд маш хорхойтой бөгөөд нэгтээ цагаан мориноосоо унаж хөлгүй болно. Тэрээр насан өндрөөс бус, харин энэхүү шархнаасаа болж үхнэ.
Биелэл: Титогийн үед Югославийн эдийн засаг хурдацтай хөгжиж, амьдралын түвшин байнга дээшилж байлаа. Тэрээр 87 насалжээ. Тэр моринд, анд хорхойтой ч ямар нэгэн онцгой тохиолдол болсонгүй. Хөлөө тайруулсан ч тэр нь үхлийн шалтгаан болоогүй билээ.
Зөгнөл: Түүний дараа манай орныг ямар нэгэн комисс удирдах ч урьд өмнийнх шиг хэзээ ч байхгүй. Манай хаант улсад өлсгөлөн, ядуурал гэж юу болохыг мартах хэдий ч ахан дүүс биесээ үзэн ядаж, муу муухайг сэтгэж эхэлнэ.
Биелэл: 1991 онд Тито нас барсны дараа Югославыг хамтын байгууллага болох Дээд зөвлөл удирдах боллоо. Наяад оноос эхлэн Сербийн Косовод эмх замбараагүй байдал үүслээ. Косовог бие даасан улс болгохын тулд хүн амын олонх болсон албаничууд серб, черногор үндэстнүүдийн эсрэг харгислал үйлдсэн билээ.
Зөгнөл: Манай хил болоод түүний цаадтайд шинэ ард түмэн бий болно. Энэ ард түмэн үнэнч сайн хүмүүс бөгөөд бидний уур хилэнг үл тоон ахан дүүсэг сэтгэлээр хандах болно. Бид өөрсдийн тэнэглэлээс болоод бүхнийг мэддэг, чаддаг мэт загнаж, тэднийг шинэ шажиндаа татан оруулахыг оролдовч тэд зөвхөн өөртөө л итгэдэг, өөр хэнд ч итгэдэггүй учраас үр дүн гарахгүй. Тэд эрэлхэг хүмүүс учраас үүний улмаас ихээхэн гай үүснэ».
Биелэл: 1991 оны зургадугаар сард Хорват, Словени тусгаар тогтнолоо зарласны дараа Югославын холбооны засгийн газар ихэвчлэн сербүүдээс бүрдсэн цэрэг илгээж тэднийг дарахыг оролдлоо. Арван өдрийн дайны дараа сербүүд Словенд ялагдлаа. Хорватад болохоор дайн долоон сар үргэлжиллээ. Хорват, Словен тусгаарлаж, 1991 оны есдүгээр сард Македон салан тусгаарласнаар үндсэндээ Югослав гэж байхаа болилоо. Босни, Герцеговин 1992 оны гуравдугаар сард мөн ийм шийдвэр гаргаж, үүний дараа зэвсэгт мөргөлдөөн гарсан нь Босни-хорват-сербийн дайны эхлэл боллоо.
Зөгнөл: Хүмүүс дотроо зурагнууд бүхий хайрцаг зохион бүтээнэ. Гэхдээ нэгэнт насан хутгийг олсон надтай холбогдож чадахгүй. Уг нь энэхүү зурагтай төхөөрөмж нөгөө ертөнцтэй нэгэн толгойны хоёр үс мэт ойрхон байнам. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүн ертөнц даяар юу болж буйг харж чадна.
Биелэл: Компьютер, зурагт бүтээв. Интернет, зурагт, дүрс хураагуур сая сая хүний амьдралд нөлөөлж байна.
Зөгнөл: Агуу их дайн дэгдэнэ. Энэ аймшигт дайнд газар уснаа дайтах нь амар бөгөөд хэн тэнгэрт гарсанд нь гай ирнэ. Энэ дайнд эрдэмтэд оролцож, их бууны хачирхалтай бөөрөнцөг бүтээнэ. Энэхүү бөөрөнцөг нь тэсрэхдээ хүн амьтдыг алахын оронд амьд бүхнийг ховсдож орхино. Энэ ховсонд орсон бүхэн байлдахын оронд унтаж орхиод дараа нь сэргэнэ.
Манайхан энэ дайнд тулалдахгүй ч бусдууд бидний толгой дээр байлдацгаана. Шатаж буй хүмүүс тэнгэрээс Пожега (Хорватын хот)-д унаж ирцгээнэ. Дэлхийн хамгийн захад далайгаар хүрээлэгдэн орших, хэмжээгээрээ манай Европтой тэнцүү ганцхан орон л санаа амар, амгалан тайван байх болно… Тэнд нэг ч их бууны бөөрөнцөг дэлбэрэхгүй.
Гурван загалмай бүхий уулнаа нуугдахаар яарсан хүн тэндээс аврал олж, хожим нь элбэг хангалуун, аз жаргалтай амьдрах болно. Яагаад гэвэл дахиад дайн болохгүй…
Ашигласан материал:
http://www.bibliotecapleyades.net/profecias/esp_profecia07c.htm
https://en.wikipedia.org/wiki/Prophecy_from_Kremna
http://www.crystalinks.com/tarabich.html
URL: