”Шангрилла” зочид буудалд АНУ-ЫН ТАГНУУЛЫН АЖИЛТАН амиа алдлаа
АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан онц ноцтой хэрэг өнгөрсөн шөнө /2018.12.12/ гарсан байна. Хэргийг тодруулбал, өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын … тоот өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байжээ.
Зарим гэрчүүдийн мэдээлж буйгаар, нас барсан иргэн нь зочид буудлын өрөөний хувцасны шүүгээний догол төмрөөс өмдний тэлээгээр хоолойгоо боомилсон байжээ. Хэрэг гарсан өдөр нас барсан иргэн өрөөндөө орсноос хойш 10 цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй гэх ба үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орох үедээ түүнийг нас барсан байхыг олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудаллаж байсан өрөөнөөс хоёр шил шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, нотлох баримтад хавсаргажээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан иргэн нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт /эрэгтэй/ гэгч байсан бөгөөд тэрээр АНУ-ын тагнуулын тусгай ажилтан гэх мэдээлэл байна. Тодруулбал, нас барсан иргэн Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэлээ.
Түүнчлэн хэрэг гарсан даруйд Монгол улс дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны ажилтнууд хуулийн байгууллагад хандаж, тус улсын тусгай ажилтан гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэх гомдол гаргасан бололтой.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, АНУ-ын тусгай ажилтан гэгдэх М.К.Стюьарт нь нас барахдаа урагшаа тонгойсон байдалтай олдсон гэх ба өөрийгөө боомилсон эсэх нь эргэлзээтэй байгаа гэдгийг хэлж байв.
Одоогоор уг хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба нас барсан иргэний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор шинжээч эмч томилжээ. Түүнчлэн энэ хэргийн харьяаллыг шинэчлэн тогтоож, тагнуулын байгууллагад шилжүүлж болзошгүй байгаа аж. Мэдээллийг эргэн хүргэх болно.
https://paparatsi.mn/na6
URL: