Б.Хурцын шүүх хурал Лондонд болов
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал Лондонгийн “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд өчигдөр Монголын цагаар 18.00-д эхэллээ. Б.Хурцад холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн хугацаанд таван удаа болсон. Өнгөрсөн арваннэгдүгээр сард товлогдсон шүүх хурлаар манай улсын иргэнийг Германы талд шилжүүлэн өгөхгүй байх олон улсын эрхзүйн тодорхой үндэслэлээр тайлбар гаргасан өмгөөлөгчдийн үндэслэлийг нарийвчлан авч үзэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг хурал даргалагч шүүгч гаргаж шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан байсан билээ. Германы тал 2003 оны хэргийг хэрэгсэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж эхэлсэн тул түүнийг Герман руу шилжүүлэх асуудал энэ үед яригдахгүй нь тодорхой болов.
Б.Хурцыг тус улсын эрх бүхий албаныхан олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх үндэслэлээр яллаж байгаа. Харин иргэн Д.Энхбат агсныг хууль бусаар баривчлан авчирсан нь Монголд шалгагдах тусдаа хэрэг болж байгаа нь тодорхой. Шүүх хуралд манай талыг төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр Сарнай нар оролцож байна. Мөн хуралд Английн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Мак Дональтсын бие төлөөлөгч Алан Жонс нар оролцож байгаа юм. Ер нь бол дөрвөн сарын туршид харийн шоронд хоригдож буй Б.Хурцыг эх орондоо буцаан авчрах магадлал өндөр гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлээд байгаа. Дугаар шилжих мөчид Лондонд үргэлжилж байгаа шүүх хурлын шийдвэр хараахан гараагүй байв.
URL: