Худалдааны төвүүд нөгөөдөр хагас ажиллана

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан.

Тэгвэл энэ сарын 29-ний өдөр худалдааны томоохон төвүүд ажиллахаар болсон байна. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв болон “Бөмбөгөр” зах, Улсын их дэлгүүр энэ өдөр өглөөний 10.00 цагаас 17.00 цагийн хооронд хагас өдөр ажиллахаар болжээ.

Гэвч дээрх худалдааны төвүүдийн удирдлагууд энэ тухай албан ёсны шийдвэрээ нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох хэлтэс, газарт хараахан ирүүлээгүй байгаа аж.

Ямартай ч Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн өдөр иргэд амрангаа шинэ жилийн бэлтгэлээ базаах боломж бүрдлээ.

Мөн Замын цагдаагийн газраас тухайн өдөр замын ачаалал их байхтай холбогдуулж замын цагдаа нарыг ачаалал багасгах зорилгоор илүү цагаар ажиллуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих