Хүүхдэд зориулсан нэг уут бэлгэнд 300-400 гр сахар агуулагддаг нь батлагджээ

15449762405c167770603cd

Бид бяцхан үрстээ шинэ жилийн баяраар хамгийн их чихэр, печень амттан орсон, нэр төрөл олонтой бэлэг авч өгдөг билээ. Ганцхан аав, ээж ч гэлтгүй өвөө, эмээ, ах, эгч тэр ч бүү хэл сургууль, цэцэрлэгээс нь шагнаж, урамшуулан уут уутаар нь өгдөг. Тэгвэл бидний үр хүүхэддээ өгч буй тэрхүү бэлэгт хэчнээн хэмжээний сахар агуулагдаж байдаг талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас судалгаа хийж гаргажээ.

Тодруулбал, Шинэ жилээр хүүхдэд өгч байгаа бэлгэнд 10-12 нэр төрлийн бүтээгдэхүүн багтдаг бөгөөл бүгд сахарын агууламж өндөртэй байдаг аж. Тухайлбал, нэг уут бэлгэн дэх бүтээгдэхүүнд ойролцоогоор 300-400 гр сахар агуулагдаж байгаа нь батлагджээ. Энэ нь 30-33 халбага сахартай дүйцэх юм. Гэтэл хүүхэд өдөрт дунджаар 6-8 гр-аас ихгүй сахар хэрэглэх нормтой.

Ингэхээр бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сүйтгэгч чамин тансаг савлагаатай болохоос нэг ёсондоо хор бэлэглэсээр байх уу гэдэгт анхаарах цаг хэдийн болжээ.

Тиймээс хүүхдэд бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний сахарын агууламж,шошго зэргийг сайтар анзаарахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих