Хөшөө барьснаар хөгждөгсөн бол Монгол цойлохоор л боллоо
Улаанбаатарт гадаад дотоодын мэдэх, мэдэхгүй олон хүний хөшөө бий. Хэлбэр хийц талаасаа бие биеэс ялгарах зүйлээр тун бага. Сүүлийн жилүүдэд хөшөөний төрөл зүйл хүн зоноос хальж, нохой, тарвага зурамын хөшөөгөөр бүл нэмсэн. Үүдэндээ шавар чулуун арслангийн хөшөө барималгүй албан газар ховор болсон байна билээ.
Улаанбаатарын зүүн этгээдээс орж ирэхэд Амгалангийн наахантай амаа ангайсан аймаар том нохойны хөшөө хэд хэдээрээ угтдаг. Аливаад утга учир, илэрхийлэл, бэлгэдэл гэж байдаг. Тийм болохоор урт холын аянаас Улаанбаатарт ирж байгаа хүнийг амаа ангайсан нохойны хөшөөгөөр угтахаар цээжинд нь чимээгүй эвгүйрхэл жийрхэл төрдөг ч юм билүү, хэн мэдлээ.
Ер нь монголчууд нэг юм руу их ханарамтгай. Одоо сав л хийвэл таних танихгүй нэгэндээ болон унаа мал, уралддаг морьддоо зориулан хөшөө дурсгал босгодог болчихож. Амьддаа хөшөө дурсгалаа босгуулсан хурдан ажнай эх сүрэгтээ явж байж мэдэх л юм. Бусдын л адил амьдарч, бурхны оронд заларсан анддаа зориулсан хөшөө хүртэл бий. Энд тэндхийн байшин барилгын ханан дээр дурсгалын самбарууд бас олноороо байрлах болжээ. Ялангуяа хотын төв хэсэгт. Хэтрүүлж хэлэх юм бол оршуулгын газар мэтээр төсөөлөгдөх гээд байдаг юм.
Аймаг, дүүргийн Засаг дарга нарын анхлан барьж авдаг, адаг сүүлд хийж бүтээсэн нь энэ гээд нэрлэгдэж үлддэг нь хөшөө цогцолбор болсон бололтой юм. 2012 онд шиг санагдаж байна, хөшөөнд зориулж төсөвт 40 тэрбум төгрөг төлөвлөсөн тухай хэвлэл мэдээллээр хэсэг шуугиад өнгөрсөн юм даг. Ийм хэмжээнний мөнгийг арай өөр ухаалаг бүтээн байгуулалтад шингээсэн бол гэх харуусал төрмөөр.
Хөшөө дурсгалыг аливаа улс үндэстний үүх түүх, зан заншил, соёл иргэншлийн хэм хэмжээг он цагтай нь мөнхлөн илэрхийлж хойч үед нь хүргэж байдаг түүхийн хөтөч гэж тодорхойлж болмоор. Тийм болохоор цагийн аяс даган намирхаасаа илүүтэй цаадах наадах ач холбогдол, ур илэрхийлэл, өгүүлэмж шийдэл талаас нь сайтар тунгааж барьж байгуулах учиртай байх.
Гэхдээ энэ бол хөшөө дурсгал огт хэрэггүй гэсэн үг биш. Юугаа хэрхэн хөшөө дурсгалдаа мөнхлөх нь нэг хүний үзэмж шийдлээр хийгддэг ажил биш нь тодорхой. Үүнийг зохицуулсан дүрэм журам бий, хэрэгждэггүй л болохоос.
Одоогоос хэдэн жилийн өмнө Нийслэл хөшөөгөө тоолсон гэдэг. Тэгэхэд явуулсан тооллогоор 2007 онд 143 байсан хөшөө дурсгал 2008 онд 167, 2009 онд 171 болон өсчээ. Арваад жилийн өмнөх тоо учир одоо бол бүр ч нэмэгдэж, лавтайяа 200-д гарсан байх.
200 гаруй хөшөө гэдэг Улаанбаатар хотын хувьд олдоно уу гэхээс цөөдөхгүй. Хөшөө хөлөөр хөглөрч байна гэлтэй биш. Утга учир, хийц донж, сонирхолтой содон байдал, ач холбогдол талаас нь эдгээрийг эргэн харах гэж оролдлоо. Тоотой хэдээс нь өөр толгойд буух юм ховорхон байна. Аливаа юм, тэр дундаа хөшөө хүртэл эзнээ олохгүй, “төөрөлддөг”-ийн хачирхалтай жишээг бас эндээс олж харж болно. Мэдэх мэдэхгүй, тэр дундаа харийн хүний олон хөшөө нийслэлд буй.
Гэсэн хэрнээ 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч YIII Богд Жавзандамба хутагтад зориулсан хөшөө одоо хэр байхгүй байгаад юмны учир гадарлах гадаад, дотоодынхон гайхан эргэлздэг байж мэдэх юм.
Хөшөө босгох нь гагц улсын нийслэлд бус Монголоор нэг моод болж байна. Арвайхээрийн төвд алгын чинээ газарт дөрвөн ч хөшөөг хаяа нийлүүлэн барьсан байна билээ. Уг нь урлаг талаасаа ч, хүндэтгэл талаасаа ч тэр улс орон, аймаг бүс нутгийн түүх, соёл, үйл явдал, оюун сэтгэлгээний илэрхийллийн хувьд орон зайн төлөвлөлттэй уялдуулан барьж байрлуулах учиртай баймаар.
Аймаг сум 80, 90 жилийнхээ ойгоор бол заавал нэг хөшөөтэй үлддэг. Хэдэн жилийн өмнө Завхан аймаг 90 жилээрээ Доной баяны хөшөөний нээлтээр наадмын үйл ажиллагаагаа эхэлж, залгуулаад Тосонцэнгэл сумын харъяат Монгол Улсын аварга С.Шагжийн хөшөөний нээлт бас давхцаж байв. 90 жилийн ойгоороо завханчууд Жалханз хутагт Дамдинбазарын цогцолборын нээлтийг мөн хийж нэгэн зэрэг гурван ч хөшөө цогцолбортой болж байсан удаа бий.
Тэр жил Завхантай 90 жилийн ой нь давхцсан Хан Хэнтийхэн Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавдаа зориулсан хөшөө цогцолборын туузыг наадмынхаа нээлтээр бас хайчилсан юм даг.
Энэ мэт жишээ олон. Санаанд тод үлдсэн зарим нэг жишээг л иш татаж буй нь энэ. Түүнээс хойш хэд хэдэн аймаг тэгш ойгоо тэмдэглэсэн. Тэр бүгдэд хөшөө нэмэгдсэн л байж таарна.
Олон улсын хурал чуулганд зориулан хөшөө босгодог моод бас сүүлийн үед бий болоод байгааа. Тухайлбал, АСЕМ-д зориулсан “Тэнгэрийн өрх” гэж өндөр үнэтэй хөшөө бий. Барьж байгуулахаасаа эхлээд нүүлгэж шилжүүлэхдээ хүртэл ихээхэн хөрөнгө мөнгө гарздсан энэ хөшөө эдүгээ төв талбайн өмнөх цэцэрлэгт байдаг ч хүний анхаарал сонирхол татах тухайд бол дулимагхан талдаа.
Хөшөө дурсгалыг аливаа улс үндэстний үүх түүх, зан заншил, соёл иргэншлийн хэм хэмжээг он цагтай нь мөнхлөн илэрхийлж хойч үед нь хүргэж байдаг түүхийн хөтөч гэж тодорхойлж болмоор. Тийм болохоор цагийн аяс даган намирхаасаа илүүтэй цаадах наадах ач холбогдол, ур илэрхийлэл, өгүүлэмж шийдэл талаас нь сайтар тунгааж барьж байгуулах учиртай байх.
Г.Хантулга
URL: