Эхчүүд сар бүр цалинтай болно
Ирэх оны сонгуулийг шинэ хувилбараар явуулна. Хуучны мажоритар тогтолцоогоор 48 нэр дэвшигч сонгогдох бол пропорционалиар 28-ийг эрэмбэлэх юм.
Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн баасан гаригт тойрог хэрхэн байгуулах саналаа УИХ-д өргөн барьсан. Энэ дагуу өчигдөр хоёр намын бүлгийн хурлаар хэлэлцэв.
Сонгуулийн ерөнхий хорооны өргөн барьсан төсөлд 26 тойрогт 48 мандатыг хуваарилжээ. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Дорноговь аймгийг Говьсүмбэртэй нэгтгэж, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгууд нэг мандаттай. Бусад аймаг нь хоёр мандаттай байх гэнэ. Харин Улаанбаатарын тухайд Хан-Уул дүүрэг хоёр мандаттай. Түүнчлэн Багахангай, Багануур дүүргийг нэгтгэж, мөн тооны мандат хуваарилжээ. Баянзүрх дүүргийг Налайхтай нь нэгтгэсэн хэвээр гурав, Чингэлтэй, Баянгол дүүрэг тус бүр хоёр, Сонгинохайрхан дүүрэг гурван мандаттай байхаар зохицуулалт хийсэн байна.
МАН-ын бүлгийн хурлаар дээрх тогтоолын төслийг дэмжжээ. Гэхдээ намын бүлгийн гишүүдийн хувьд нэлээд гомдолтой байх шиг ажиглагдсан. Учир нь хаалттай хаалганы цаана гишүүдийн дуу чангарч, аймагт нь хуваарилагдах мандатын тоо цөөрсөнд ихэд ундуйцаж буйгаа илэрхийлж байлаа. Тэр дундаа ганц мандаттай болсон түшээд эл байдлыг илт эсэргүүцэж, Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн Цэцэд мэдүүлнэ гэх үгийг ч цухалзуулаад амжсан. Ямартай ч бүлгийн хурлаар дээрх тойрог хуваарилалт дэмжигдсэн юм.
Үүний дараа тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Очирбат нарын санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж, мөн дэмжив. Төсөлд тусгаснаар гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд сар бүр цалин олгох юм. Тодруулбал, гурван хүүхэдтэй бол 70200, дөрвөн бол 105 мянга, тав бол 140400, зургаа бол 175500, долоо бол 210600, найм болон түүнээс дээш хүүхэдтэй эхэд 280800 төгрөг олгохоор тусгажээ.
Хүүхэд төрүүлж, улсдаа хувь нэмэр оруулж буй эхчүүдийн хөдөлмөрийг үнэлэх нь зүй ёсны хэрэг хэмээн хууль санаачлагчдын нэг Д.Очирбат гишүүн тодотгож байсан. Гэхдээ дээрх хуулийн заалт нь зөвхөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь 18 нас хүрээгүй үед хүчинтэй гэдгийг ч учирласан. Харин бүлгийн дарга Ө.Энхтүвшин дээрх мөнгөн хөрөнгийг ирэх оны нэгдсэн төсөвт тодотгол хийснээр тусгах боломжтой хэмээн тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал ирэх оноос эхлэн дээрх болзлыг хангасан эхчүүд сар бүр цалинтай болох нь.
Л.Нинж
URL: