УИХ-ын зарим гишүүд бүрэн эрхээсээ түр татгалзах санал гаргаж, Ерөнхий сайд Японд айлчлав
Улирч буй долоо хоногт улс төр улам халуурч, төрийн ажил “тэг зогсолт” хийсэн хэвээр өнжив. Уг нь даваа гараг УИХ дахь хоёр намын бүлэг хуваарь ёсоороо хуралдаж ажил хэрэг хэвийн байдлаар эхэлсэн ч цааш явсангүй. Энэ өдөр МАН-ын бүлэг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар болон танхмынхаа “эсэрэгүү” БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Мөн Засгийн газрын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгээр хэлэлцэж уг хуулийн төслийг бүлгийн гишүүд нэлээд ярилцсаны эцэст хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн нь гэнэтийн тодорхойгүй шийдэл байлаа.
Харин сөрөг хүчнийхэн эрх баригч МАН-д шаардлага хүргүүлэхээр болж, “эрх мэдлийн төлөөх явцуу тэмцлээ нэн даруй цэглэж, Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллах”-ыг шаардав.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүлж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан юм.
Улс төр дэх “эвэртэй туулай” буюу гишүүд бүрэн эрхээсээ сайн дураар татагалзана гэв
УИХ-ын нэр бүхий 22 гишүүн гарын үсэг зурж сайн дураараа бүрэн эрхээ түр түдгэлзүүлж ЖДҮ-ийн зээл авсан эсэхээ шалгуулахаар болсон нь гэнэтийн бөгөөд шинэлэг шийдэл байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд мэдээлэл хийж, саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод гардуулсан. Улс төрийн энэ акцийг иргэдийн хувьд олон өнцгөөс нь харж байгаа бөгөөд зарим нь шалгуулах нь шалгуулаад, цагаадах цагаадаж асуудал нэг талдаа гарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол нөгөө хэсэг нь У.Хүрэлсүхийн бүлэглэлийнхэнд барьж байгаа хариу гэж нэрлэж байгаа юм.
Ямартай ч хуулийн байгууллага нь хүсэлт тавиад түдгэлзүүлж чаддаггүй бүрэн эрхээсээ гишүүд сайн дураар татгалзсан нь Монголын улс төр дэх “эвэртэй туулай” болов.
Мөрөөдөлд байгаа Зэс боловсруулах үйлдвэр газартай болов
Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаан Өмнөговийн Ханбогд суманд барих зэс боловсруулах үйлдвэрийн газрыг шийдэж, 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авлаа. Жилдээ 1,0 сая тонн зэс боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газар 2017 оны эхээр гаргаж анх төлөвлөснөөр 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар товлож байсан билээ.
Засгийн газрын хуралдаанаар мөн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэээр болов. Энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд 148 сая гаруй ам.долларын санхүүжилт шаардлагатай. Энэ зээлийг 40 жилийн хугацаатай авах бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм.
Ерөнхий сайд Японд айлчлав
Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурав дахь хөрш Япон улсад айлчлал хийлээ. Энэ нь түүний хувьд арлын оронд хийж буй анхны айлчлал юм. Тус айлчлал нь стратегийн түншлэлийн хүрээг илүү өргөжүүлэх үндсэн зорилготой. Айлчлалын үеэр Ерөнхий сайд хоёр улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож, Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ айлчлалын үеэр Токио хотноо Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх , Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр Хамтарсан мэдэгдлийг гаргаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцлоо.
Шил шилээ дарсан мэдэгдэлүүд
Лхагва гарагт улс төр шил шилээ дарж, хойно хойноосоо цуварсан мэдэгдлээр дүүрэн өдөр болов. АН-ындарга С.Эрдэнэ тэргүүтэн мэдээлэл хийж Улаанбаатарын утаа, валютын ханш, шатахууны үнийн өсөлт болон эдийн засаг доройтож байгааг эрх баригчдад сануулж, МАН-ын дотоод хэрүүл төрийн ажлыг цалгардуулж буйг анхааруулав. МАН эрх барьсан 2.6 жилийн дотор гадаад өрийг дөрвөн тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, зээлийн хувьд нэг улсын хараат болж мэдэхээр байгааг анхаарууллаа.
Мөн өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт нар Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэглээ. Дээрх нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон түүний тэргүүлж байгаа Засгийн газар дөрвөн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Хэрэв ҮХЦ энэ асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал одоогийн Засгийн газрын оршин тогтнох асуудал бүрхэг болох гэнэ.
Энэ өдрийн гурав дахь мэдээлэл нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
М.Энхболд: ТББХ-ноос дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй
Улирч буй 7 хоногт хууль тогтоох байгууллагын ажил ирц хүрэхгүйн улмаас “тэг зогсолт” хийснийг дээр дурдсан. Мөн 38 гишүүний гарын үсэг бүхий шаардлага өгсөнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд тодорхой хугацаанд УИХ-ыг даргалах эрхээ дэд дарга Л.Энх-Амгаланд шилжүүлэв.
Тэрбээр “Би…нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна…үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байя гэдэг бодолтой байна. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганыг удирдаж, ирцээ бүрдүүлж, ажлаа явуулахыг хүсч байна” гэжээ.
М.Нэргүй
http://www.zaluu.com/read/2ebefe29g
URL: