Б.Долгорсүрэн: Олны шүүмжлэл дагуулж буй асуудлаар ББСБ-уудад хяналт шалгалт хийж байна
УИХ-ын гишүүд, эрх мэдэл бүхий этгээдийн хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гаас зээл авсантай холбоотой асуудлуудыг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж эхлээд байна. Мөн зарим гишүүн уг асуудлыг шалгуулах хүсэлтийг ч холбогдох газруудад өөрсдөө тавиад байгаа. Энэ талаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.ДОЛГОРСҮРЭНГЭЭС тодрууллаа.
-Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдэлд ЖДҮХС-гийн зээл ББСБ руу ороогүй гэж дурдсан байсан. Гэтэл асуудал улам өргөсөөд хууль хяналтын байгууллага руу явчихлаа?
-Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн сард мэдэгдэл гаргаж, ББСБ-уудын дүрмийн санд аливаа зээдийн хөрөнгө орох боломжгүй гэж мэдэгдсэн. Мэдэгдлийн агуулгыг нарийвчлан ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгө буюу дүрмийн сандаа өөрчлөлт оруулах бүрд СЗХ-нд хандаж, зөвшөөрөл авах хуультай. Дүрмийн сангаа ямар ангилал бүхий хөрөнгөөр нэмэгдүүлж,хорогдуулж байгааг Санхүүгийн зохицуулах, хороо нэг бүрчлэн хянадаг. Тэгэхээр хувь нийлүүлсэн хөрөнгө рүү аливаа зээлийн санхүүжилт орж ирэхгүй.
Харин үйл ажиллагааны явц, санхүүгийн харилцааны эргэлт дунд зээлийн төрөл бүрийн хөрөнгүүд энэ салбар руу орж, гарч байхыг үгүйсгэхгүй. Учир нь, төрөл бүрийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг өөрөөр хэлбэл ББСБ-аа хянахаас биш тэдгээрийн харилцагчдыг нэгд нэгэнгүй хянаж, орлого ашгийг нь нотлуулаад байж чадахгүй.
-ЖДҮХС-гийн зээл ББСБ руу ороогүй гэж бүрэн үгүйсгэх боломжгүй гэсэн үг үү?
-ББСБ бол хадгаламж татдаггүй, зээлээр дүрмийн сангаа бүрдүүлдэггүй. Эдгээр онцлогийг Санхүүгийн зохицуулах хороо журам дүрмээрээ зохицуулчихсан. Энэ зохицуулалт, хууль, журмаа мөрдүүлэх нь бидний үндсэн ажил юм. Гэвч ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудлаар нэр бүхий улстөрчдөөс ББСБ-тай хамааралтай эсэхээ тодорхойлуулах, энэ салбар руу хөрөнгө мөнгө байршуулаагүйгээ батлуулах гэх мэт өргөдөл, хүсэлт ирж байна. Бид шаардлагатай асуудлаар газар дээрх хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтаар нарийвчилсан шинжилгээ хийн, гүйлгээ бүрийг нэгбүрчлэн нягтлаад ирэхээр анхаарал татсан зарим асуудал байна. ББСБ-ын хувьд нотлох шаардлагагүй, нотлохоос хуулиар хамгаалагдсан орлогууд, мөн хувьцаа эзэмшигч болон компани хооронд авлага, өглөг үүсгэх зэрэг сувгууд байдаг. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийг ББСБ руу шууд болон шууд бусаар оруулсан байхыг бүрэн үгүйсгэх боломжгүй байна.
Л.Тулга
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: