Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахыг шаарджээ
Хэнтий аймгийн МАХН-ын мянгатын хурал өнгөрөгч бямба гаригт хуралджээ. Хурлаар мянгатын Хяналт, ёс зүйн дэд хороогоо сонгож, намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагаа байгуулсан байна. Түүнчлэн уг хурлын үеэр нэгэн эсэргүүцлийн бичгийг гаргасан аж. Уг бичгийн агуулга нь төрийн эрх баригч зарим нөхдүүд албан тушаалаа ашиглан МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрөөс гаргах гэж увайгүй авирлаж байгаад эгдүүцэж буйгаа илэрхийлсэн байна.
Тухайлбал, “Үзэл бодлоо хамгаалан МАХН-аа хэвээр авч үлдсэн гишүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй төрийн эрх баригчид албан тушаалаа урвуулан ашиглаж МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр хүндийг унагах, улмаар улс төрийн тавцангаас холдуулах зорилгоор түүний гэр бүл, хамтран зүтгэгчдийг гүтгэх, дайрч доромжлох төдийгүй баривчлан хорьж саатуулах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байгаад МАХН-ын гишүүд бид гүнээ эгдүүцэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж доорхи шаардлагыг тавьж байна” гэжээ.
Ингэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн гишүүд, хамтран зүтгэгч нарыг хууль бусаар тагнах, хорьж цагдах үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах зэрэг шаардлагуудыг тавьж, хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгджээ.
Т.ГЭРЭЛ
URL: