“Бөртэ Чоно” наадамд нэр дэвшигч Ганхуягын Нандинзаяа

15446722555c11d3ff16c05

Энэхүү наадамд Монголын баг тамирчид 4 алтан медаль хүртэж Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа Индонезийн тэнгэрт эгшиглүүлэв. Энэ бахдам амжилтын нэг эзэн нь буудлага спортын тамирчин Ганхуягын Нандинзаяа билээ. Тэрбээр Азийн наадамд алт болон хүрэл хос медаль хүртэж спорт сонирхогчдоо баярлуулсан.

Тэрбээр алтан медалийн эзэн болохдоо 1175 оноогоор Азийн наадмын шинэ дээд амжилт тогтоон давхар цохилт хийсэн. Мөн Холимог хос төрөлд Г.Нандинзаяа, Н.Баяраа нар 346.6 оноо авч шилдэг тавд шалгарсан юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө Инчоны Азийн наадамд өрсөлдсөн Ч.Нарантуяа 50 м-н урт бууны хэвтээ төрөлд 624.1 оноотой Азийн наадмын дээд амжилтыг шинэчилж байсан юм. Ийнхүү монгол бүсгүйчүүд сүүлийн хоёр Азийн наадмын урт бууны төрөлд рекорд амжилтыг шинэчлэн бичлээ.

Г.Нандинзаяагийн аав буудлага спортын ОУХМ Ж.Ганхуяг гэдэг хүн бий. Олон олон тэмцээнд аав охин хамтдаа явж спортын оргилд хүрэхийн төлөө хичээдэг билээ. Монголын мэргэн буудагчид Гар бууны төрөлд л найдвар тавьдаг байсан бол одоо урт бууны бүсгүйчүүддээ анхаарал хандуулдаг болсон нь тэдний хичээл зүтгэлийн үр шим биз ээ. Аав охин хоёрын хүсэл арлын Японд биелж Токио 2020 олимпийн наадамд өндөр амжилт гаргах болтугай.


URL:

Сэтгэгдэл бичих