Монгол Улсын мал сүрэг 36 сая толгойд хүрлээ
Мал тооллогын урьдчилсан дүнгээр энэ оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36 сая 800 мянгад хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 3276.3 мянга буюу 10 хувиар өссөн байна. Урьдчилсан дүнгээр адууны тоо толгой 2093.0 мянга, үхэр 2315.1 мянга, тэмээ 279.6 мянга, хонь 15509.1 мянга, ямаа 15809.0 мянга болжээ. Харин 2010 оныхоос адуу 172.7 мянга, үхэр 139.1 мянга, тэмээ 10.0 мянга, хонь 1028.7 мянга, ямаа 1925.8 мянган толгойгоор тус тус өссөн байна.
Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсөж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1.8-22.2 мянган толгойгоор буурсан байна.
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос таван төрлөөр өсчээ. Өвөрхангай (403.5 мянга), Архангай (304.8 мянга), Баянхонгор (294.4 мянга), Завхан (282.9 мянга), Говь-Алтай (279.3 мянга) аймагт хамгийн өндөр өсөлттэй байна.
Улсын хэмжээнд малын нийт тоо 2010 оныхоос 273 сум, таван дүүрэгт өсөж, 56 сум, дөрвөн дүүрэгт тус тус буурчээ. 150 суманд таван төрөл дээрээ өсөж, 13 суманд таван төрөл дээрээ буурсан байна.
Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 43.1 хувь, ямаа 43.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 1.5 пунктээр өсөж, харин адуу, үхэр, хониных 0.1-1.1 пунктээр буурч, тэмээнийх өмнөх оны түвшинд байна.
Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл (3220.7 мянга), Архангай (2984.0 мянга), Төв (2961.6 мянга), Өвөрхангай (2414.0 мянга), Хэнтий (2352.0 мянга) аймгууд орж байна. Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл:
Адууны тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсөж, 1 аймагт буурсан бөгөөд адууны тоогоор Төв (222.9 мянга), Архангай (218.7 мянга), Булган (185.7 мянга), Сүхбаатар (164.8 мянга), Хэнтий (155.0 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.
Үхрийн тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсөж, гурван аймагт буурсан бөгөөд үхрийн тоогоор Архангай (335.8 мянга), Хөвсгөл (305.2 мянга), Төв (184.9 мянга), Булган (180.3 мянга), Хэнтий (168.0 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.
Тэмээний тоо 15 аймагт өсөж, зургаан аймагт буурав. Өмнөговь аймаг хамгийн олон буюу 88.7 мянган тэмээ тоолуулсан байна.
Хонины тоо 17 аймаг, Улаанбаатар хотод өсөж, дөрвөн аймагт буурсан байна. Хонины тоогоор Архангай (1464.4 мянга), Төв (1462.1 мянга), Хөвсгөл (1415.8 мянга), Булган (1181.8 мянга), Хэнтий (1128.5 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.
Ямааны тоо Орхоноос бусад аймагт өслөө. Ямааны тоогоор Баянхонгор (1417.2 мянга), Хөвсгөл (1347.8 мянга), Өвөрхангай (1120.9 мянга), Төв (1088.8 мянга), Говь-Алтай (1045.0 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.
Б.Баяртогтох
URL: