М.Энх-Амар: Хөнгөн үйлдвэр эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй зээл олгох боломжтой

15446006175c10bc291a5ba

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө жинхэнэ эзэддээ очдоггүй, УИХ гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын ар гэрийнхэнийг тэтгэх “тэтгэмж” болон очдог тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод багагүй хугацаа өнгөрлөө.

Тиймээс бид энэ удаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг хүртэх ёстой жинхэнэ эзэд болох хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн байр суурь болон албаны эх сурвалжийн байр суурийг та бүхэндээ хүргэхийг зорилоо.

Э.Азжаргал: ЖДҮХС-гаас тавьж байгаа шаардлага нь маш өндөр

/Маяара трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч/

-Хүмүүс надад, “ЖДҮХС-гаас зээл бүтээгээд өгье. Оронд нь авах зээлийн чинь 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг урьдчилж авна” гэх мэтээр хандаж байсан л даа. Надад тийм сонирхол байгаагүй. Яагаад гэхээр, ЖДҮХС-гаас тавьж байгаа шаардлага нь маш өндөр. Зээл авах гэж байгаа мөнгөн дүн дээрээ нэмээд түүнээсээ ч их хэмжээний барьцаа хөрөнгө шаарддаг. Тийм хэмжээний барьцаа хөрөнгө надад байхгүй учир би орон сууцаа зарж байгаад энэ бизнесээ эхлүүлсэн. Банкны зээл  авъя гэхээр хүү нь маш өндөр. Бид үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүндээ өртөгөө шингээдэг. Тэгэхээр бид монголд орж ирж байгаа импортын барааны үнэтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж авч чадахгүй шүү дээ. Дээр нь монголд худалдан авах чадвар муу учир үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авах хүн олдохгүй.

Хамгийн гол нь ЖДҮ өнөөдөр маш цомхон, бага зардлаар үйлдвэрлэл хийх боломжтой бизнес байх ёстой. Гэтэл төрөөс тэдэнд маш том шаардлага тавьчихдаг. Тэдгээр шаардлагыг нь ЖДҮ хийж байгаа хүмүүс үнэндээ хангаж чадахгүй байгаа. Одоо монголын жижиг дунд үйлдвэрлэгчид бүгдээрээ подволд үйл ажиллагаа явуулж байгаа. Хөөрхий, “Мишээл экспо” дээр зохион байгуулдаг жил бүрийн үзэсгэлэнгээс очоод ЖДҮ хийж байгаа хүмүүсийн бодит байдал, бүтээгдэхүүнийг харах боломжтой. Хэрвээ бүтээгдэхүүн хийж баялаг бүтээж байгаа жинхэнэ үйлдвэрлэгч тэр мөнгө нь олддог байсан бол өнөөдрийн монголын үйлдвэрлэл өөр хэмжээнд очих байсан биз, хэн мэдлээ. Тийм хүмүүстээ ийм өндөр шаардлага тавьж байна. Өнөөдрийнхөө бизнесийг яая гэж байгаа хүмүүс юун тэр 10 хувийг нь өгөөд зээл авах. Барьцаа нь ч байхгүй, борлуулалтын орлого нь ч хүрэхгүй л байгаа шүү дээ.

Ер нь ЖДҮХС гэдэг зүгээр нэг цаас, төсөл хүлээж аваад л банк руу явуулж, Зээлийн батлан даалтын сан баталгааг нь гаргадаг л газар болсон шүү дээ. Түүнээс биш, бизнес дээр нь зөвлөөд, бизнесийг нь босгож ирж байгаа юм алга. ЖДҮХС ямар ч хэрэггүй бүтэц байхгүй юу.

АНУ-ын ЖДҮ-ийг хөгжүүлэх газарт нь би очиж үзсэн. Тэд нарын ажиллаж байгаа бүтэц үнэхээр өөр. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд тусалдаг, тендерт ороход нь тусалдаг, зөвлөгөөг нь өгдөг. АНУ-ын хамаг сайн мэнторууд бизнес дээр нь үнэ төлбөргүй зөвлөж байна. Бүх арга зүйгээр нь дэмждэг. АНУ-ын эдийн засгийг дэмжиж байгаа гол үйлдвэрлэл нь ЖДҮ байгаа юм. Сүүлд гарч ирж байгаа нь технологийн бизнес.

Н.Эрдэнэхишиг: Бидэнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломж олгооч 

/Ховд аймгийн “Eco shoes” гутлын үйлдвэрийн захирал/

 -Би баруун таван аймгийнхныг гутлаар хангах хүсэл мөрөөдөлтэйгөөр хөдөлмөрлөж яваа энгийн нэгэн бизнес эрхлэгч. Манайх 2013 онд үйлдвэрээ жижиг дунд үйлдвэрийн зээлээр эхэлж байсан. Тухайн үед ЖДҮ-ийн зээл нээлттэй орон нутагт төслөө сонгон шалгаруулаад санхүүжилтээ өгөөд явдаг байсан. Гэтэл сүүлийн хоёр жил орон нутагт санхүүжилт байхгүй гээд төсөл авахгүй үнэхээр хэцүү байна. Учир нь манайх таван жил түрээсийн байраар явсан учраас өнгөрсөн хавар өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болох гээд бага хүүтэй урт хугацаатай зээл хөөцөлдөөд олоогүй.

Эцэст нь, банкнаас өндөр хүүтэй зээл аваад хүүнд нь дарамтлуулаад л амьдарч байна. Тухайн үед нь үнэхээр санхүүжилт байхгүй юм байна даа гэж бодож байсан чинь санхүүжилт нь аль хэдийн эзнээ олчихсон байсан юм байна. Тиймээс эрхэм гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууддаа хандаж “Бидэнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авах боломжийг олгооч, олдсон ганц боломжийг минь битгий хулгайлаач” гэж хэлмээр байна.

Харин дараа нь бид ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амартай уулзаж Хөнгөн үйлдвэр эрхлэгчдийг төрөөс ямар байдлаар дэмжиж ажилладаг талаар тодрууллаа.

-Хөнгөн үйлдвэр эрхлэгчдээ төрөөс яаж дэмждэг вэ?

 -Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гэж УИХ-аас батлагдсан бодлогын баримт бичиг байдаг. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт энэ чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих, Үйлдвэржилт 21, 100, Ноолуур гээд үндэсний хөтөлбөрүүд бий. Түүнчлэн хөнгөн үйлдвэр, ЖДҮ-үүдийг хөгжүүлэх чиглэлээр татварын хөнгөлөлт, тоног төхөөрөмжийн гааль НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт дэмжлэгүүд, ЖДҮ хөгжүүлэх сан, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлүүд, Жайкагийн хөнгөлөлттэй зээлийн төсөл гэх мэт дэмжлэгүүд байдаг. Дээрээс нь 2016 онд дөрвөн салбарын татварыг 90 хувиар хөнгөлсөн. Энд боловсруулах шатны үйлдвэрүүд, барилгын материалын үйлдвэрлэл орж байгаа. Иймэрхүү байдлаар төрийн зүгээс татвар, санхүүгийн дэмжлэг үзүүлээд орж байгаа. Одоо эмээлтэд баригдаж байгаа аж үйлдвэрийн парк, Налайхад баригдаж байгаа барилгын материалын аж үйлдвэрийн парк хоёр ашиглалтад орчих юм бол энэ салбарт нэлээд өөрчлөлт гарна гэж харж байгаа. Ер нь бол техник эдийн засгийн үндэслэл бүх юм нь гараад бэлэн болчихсон. Одоо дэд бүтцийн ажлыг нь бий болгох ажил хөрөнгө санхүүгийн байдлаас болоод хугацаа алдаад байна.

-Мал аж ахуйн салбараас гарч байгаа түүхий эдийн үнэ өдрөөс өдөрт буурч, үнэ цэнэ ээ алдсаар байна?

-Мал аж ахуйн салбар болон хөдөө аж ахуйн салбараас бэлтгэж байгаа түүхий эд маань анхан шатны боловсруулалт хийгдээд л дийлэнх нь экспортонд гарчихаж байна. Өөрөөр хэлбэл, бид эцсийн бүтээгдэхүүн хийж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах шаардлагатай байна. Өөрөө хэлбэл, гадны өндөр технологи, хөрөнгө оруулалт орж ирээд энэ байгаа түүхий эдээр гадныхан өөрсдөө, өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагыг хангасан үйлдвэрлэлээ эрхлэх боломжийг нь нээж өгөх шаардлагатай байгаа юм. Ингэснээрээ хагас боловсруулагдаад гарч байгаа түүхий эдээрээ эцсийн бүтээгдэхүүн хийгээд гадагшаа гаргах боломж бүрдэнэ. Мөн мал аж ахуйн салбараас гарч ирж байгаа түүхий эд илүү нэмүү өртөг шингэж, хөрөнгө нь энд үлдэх боломжтой. Уг нь манайд энэ чиглэлийн үйлдвэрүүд байгаа ч бүх түүхий эдээ аваад угаагаад, сүлжээд, нэхээд бэлэн болгох боломж байхгүй, хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм. Үүний улмаас жил бүр 9 мянган тонн ноолуур, 30 мянган тонн ноосны зөвхөн шороо нь Монголд үлдэж байна.

-Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн гол төлөөлөл болох оёдлын үйлдвэрүүд бас хөнгөн үйлдвэртээ багтдаг. Тэд бүтээгдэхүүн чинь  үнэтэй байна гэхээр “Төрөөс дэмжлэг байхгүй. Банкны өндөр хүүтэй зээл авчихсан болохоор өөр арга байхгүй” гэх хариултыг өгдөг?

-ЖДҮ, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах нэг субъект бол төр. Төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрээ дэмжих боломж бол байгаа.  Үүнтэй холбоотой тогтоол 2016 онд гарч байсан. Энэ нь төрийн байгууллагуудад аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих худалдаж авах тухай юм. Мөн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулинд дотоодынхоо үйлдвэрүүдэд давуу байдлыг бий болгох тухай заалтууд байдаг. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт төдийлөн хангалтгүй байдаг. Тиймээс салбарын зүгээс нэлээн шахаж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд төрийн худалдан авалтаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих аян өрнүүлж байсан. Харин бага хүүтэй зээлийн тухайд бол хөнгөлөлттэй олгогдож байгаа зээлүүд арилжааны банкнаас бага хүүтэй байгаа учраас эрэлт ихтэй байдаг. Тиймээс арилжааны банкны хүүг бууруулах асуудал бас яригдаж байна. Тодруулбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгогдож байгаа зээлийг арилжааны банкаар дамжуулж олгоод зээлийн хүүг нь бууруулж болох юм. Ингэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хүүг бууруулж  1 юм уу 2 хувь болгоод, үүн дээр арилжааны банкууд өөрийнхөө эрсдэлийг даасан хүүгээ нэмээд /3-4 хувь/ 8-аас дотогшоо буюу 5-6 хувийн хүүтэйгээр зээл олгох боломжтой гэж харж байгаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих