Утаа нийслэлийнхний амьдралын 0.7 жилийг “залгиж” байна

FG_ISfVIkMЖилийн бүхэл бүтэн долоон сард хорт утаагаар амьсгалж буй нийслэлчүүдийн дундаж наслалт 0.7 жилээр багасаж байна. Энэ тооцоог Чикагогийн их сургуулийн эрдэмтэд гаргасан  байна. Агаарын чанарын амьдралын индексийг дэлхийн хэмжээнд тооцсон тус үзүүлэлтээр сүүлийн 16 жилд нийслэлчүүдийн дундаж наслалт агаарын бохирдлын улмаас тогтмол багасаж буй аж. 2001 онд нүдэнд үл үзэгдэгч PM 2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10.8 хувиар их байхад дундаж наслалт 0.3 жилээр хорогдож байжээ. Харин 2016 онд энэ хугацаа 0.7 жил болж нэмэгдсэн байна. Өчнөөн тэрбум төгрөгөөр утаатай “тэмцэх” тусам нийслэлийн иргэдийн амьдрал ийнхүү улам хорогдсон байх юм. Энүүхэндээ гэж хэлэхэд, энэ судалгааг үзээд туйлын их баярласныг яана. Яг урьд орой нь гэртээ харих замд таван алхмын цаадах харагдахгүй, амны хаалттай ч хоолой хорсож, амьсгаа давчдаж, бухимдлаа арай ядан барьж байсныг ч хэлэх үү, ахиухан олз авласан анчин шиг л хөөрөв.

Яагаад гэвэл, одоо албан тушаалтнуудын “Одоогоор агаарын бохирдлоос болж хүн нас барсан гэдгийг яг таг тогтоогоогүй байгаа” гэдэг зөвхөн өөрсдийн хар толгойг бодсон бас дэндүү басамжилсан тайлбарын эсрэг дэлгээд үзүүлчих баримттай болсон учраас.

Чикагогийн их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа үр дүнд олборлох түлшний утаа бол хүний насыг богиносгож буй хамгийн том шалтгаан гэдэгт санал нэгджээ. Тодорхой хэлбэл, үл үзэгдэгч тоосонцор нь хүнийг тамхидалт, ХДХВ, зам тээврийн осол зэргээс ч илүү үхэлд хүргэж байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://aqli.epic.uchicago.edu… цахим хуудсаар орж үзэж болно. Энэ бол манай эрх баригчид ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг илтгэх хангалттай үзүүлэлт юм.

Даанч бид дэндүү хүлцэнгүй байсаар эрх баригчдыг хэтэрхий давраачихаж ээ. Утааг буруулахад дорвитой арга хэмжээ аваач гэж хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээ тэврээд жагсаж үзлээ, хөр цасны жаварт хүйтэн цемент дээр хүртэл хэвтэж үзлээ. Гэвч төрийн ордон дүнсийдгээрээ дүнсийж, төрийн түшээд гэдийдгээрээ гэдийсэн хэвээр.

Хоёр жилийн өмнө сайд дарга нар “Утааг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал”, харин жилийн өмнө “Хандлагаа өөрчилье” гээд л нэг их сүржигнэж билээ. Хариуд нь иргэд чадах ядахаараа утаа уугиулахаа багасгаж, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хувь хувьдаа эрвийх дэрвийхээрээ л санаачилга өрнүүлсэн. Одоо ч гэсэн утаагаа багасгаж чадсан сайн туршлагуудыг хэвлэл мэдээллийнхэн уйгагүй сурталчилсаар байгаа. Харамсалтай нь, одоо амь амиа бодохоос өөр аргагүй болж. Өнгөрсөн хоёр жилд эрх баригчид уриалж уриалчихаад өөрсдөө таг чиг болох нь тэр. Энэ гээд нэрлэчих ажил, тэр гээд заачих үр дүн даанч алга.

• 2001 онд нүдэнд үл үзэгдэгч PM 2.5 тоосонцор ДЭМБ-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10.8 хувиар их байхад дундаж наслалт 0.3 жилээр хорогдож байжээ.

• Ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөг болгох боломжтой гэж үзсэн.

• Өчнөөн тэрбум төгрөгөөр утаатай “тэмцэх” тусам нийслэлийн иргэдийн амьдрал улам хорогдсон байх юм.

Ингээд хэлэхээр өөдөөс өнөөх баахан уулзалт хэлэлцүүлэг, үндэсний хөтөлбөр, утаагүй зуух, шахмал түлшээ ярих байх л даа. Гэхдээ уучлаарай, утаатай суурин, угаартай агаар чинь Улаанбаатараас эргэн тойронд 50 км хүртэл тэлчихээд байна. Танил маань тун саяхан “Амралтын өдрөөр утаанаас хол, агаарт гаръя гээд төв аймаг хүртэл явсан ч утаанаас гарч чадалгүй буцаад ирсэн” хэмээсэн. Урьд нь нийслэлээс зүүн тийш Хонхор хүрээд л агаар тунгалаг сайхан харагддаг байсан бол одоо Налайх өнгөрөөд ч үзэгдэх орчин хязгаалагдмал, утаа суунаглах нь энүүхэнд боллоо.

Хүүхдээ тэвэрсэн ээжүүд өдөр шөнөгүй эмнэлэг бараадаж, “Сурагчдын амралтаар цэвэр агаарт өвлийн байшин түрээслүүлнэ”, “Хүүхдийн хүчилтөрөгчийн аппарат зарна” гэх зарууд хаа сайгүй л үзэгдэх болов. Арга ядахдаа “Бага насны хүүхэдтэй бол хүүхдээ аваад зугтаа. Хөдөө хамаатан садантай нь хөдөөдөө, байхгүй нь Зуслан, Дархан, Эрдэнэт, Хайнань Тайвань өөр хаашаа байдаг юм байшин түрээслээд зугт. Сар бүр эм, эмчилгээнд зарж буй мөнгө, санхүү, сэтгэл, мэдрэлээ гамна, хайрла” гэх зэрэг “зөвлөгөө” хаа газрын ярианы уур амьсгалд зонхилж байна.

Өнөөгийн эрх баригчид, шийдвэр гаргагчид утааны асуудлыг шийдэж чадахгүй. Утааг бууруулна гэдэг нь худлаа амлалт. Эдийн засаг 17 хувь хүртэл өссөн хамгийн мөнгөтэй жилүүдэд ч энэ зовлонгоосоо салж чадаагүй байж одоо улсаараа өрөнд орсон, төсвийн алдагдалтай, хамаг зардлаа тануулсан байхад эрх баригчдад итгээд хэрэггүй ээ. Эрх баригчдад үхлийн энэ хөндийг задлах сонирхол, чадамж бас сэтгэл байхгүй.

Энэ онд утааг бууруулах бодлогын ажлууд угаасаа хэрэгжихээс өнгөрсөн. Найдвар тавьж байсан гэр хорооллын дэд төвүүдийн явц удаан, сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт ч саад ихтэй байна. Ипотекийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөг болгох боломжтой гэж үзсэн ч бодит байдал дээр өнгөрсөн жилийнхээс гавьсан зүйл алга.

Харин үүний оронд даатгалын хураамжаасаа эрсдэлт бүлгийн хүн амын эмчилгээ, сувилгааны зардлыг хөнгөлүүлж, эцэг эхчүүд ч өөрсдөө нөхөн олговор шаардвал утаа багасахыг харж сууснаас илүү үр дүнтэй. Хугацаа ч хожих биз. Ерөөсөө л амь амиа бод.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих