Английн Хатан Хаан 2-Р Елизабета ард түмэндээ хандаж зул сарын мэнд хүргэлээ
Английн хатан хаан 2-р Елизавета ард түмэндээ хандаж уламжлалт зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Хатан хаан 2-р Елизавета зул сарын мэндчилгээндээ улиран өнгөрч байгаа 2011 онд улс орон болоод гадаад ертөнцөд болсон онцлох үйл явдлыг дурьдаж, алдаа оноо, ололт амжилтаа цэгнэн дүгнэжээ. Английн хатан хаан 2-р Елизавета хаан ширээнд заларсныхаа дараа хамгийн анх 1957 онд ард түмэндээ хандаж зул сарын мэндчилгээ дэвшүүлснээс хойш энэ жил 54 дахь удаагаа уламжлалт баярын мэндчилгээгээ хүргэжээ.
2-р Елизавета ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ энэ жил гэр бүлийн үнэ цэнийг онцгойлон хөндсөн байна. Жилээс жилд Английн хатан хааны ард түмэндээ хандан хэлж байгаа зул сарын мэндчилгээ зөвхөн агуулгын хувьд төдийгүй мөн хэлбэрийн хувьд ч бага зэрэг өөрчлөгдөн хувьсаж ирсэн. Хатан хааны мэндчилгээг телевизээр шууд хүлээн авч үзэхээс гадна You Tube дахь түүний интернэт сайтнаас үзэх боломжтой юм. Ард түмэндээ хандаж Зул сарын мэндчилгээ хүргэхээсээ өмнө Английн хатан хаан гэр бүлийнхнийхээ хамтаар баярын өглөө Гэгээн Мария Магдаленагийн сүмд очиж, мөргөл залбирал үйлдсэн байна. Энэ сүм нь Хатан хааны эдлэн газар байрладаг Норфолк мужийн Сандринхемд байдаг юм. Сүмд болсон ёслолд ханхүү Уильямын гэргий Кембрижийн ахайтан анх удаа оролцжээ.
Ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ хатан хаан Елизавета өнгөрсөн хавар болсон ач хүү-ханхүү Уильямын хуримын ёслолыг онцлон хэлж, түүнчлэн өнгөрсөн 6-р сард 90 нас сүүдэр зооглосон өөрийн нөхөр, Эдинбургийн гүнгийн төрсөн өдрийг ч дурьдсан байна.
Хатан хаан мэдэгдлээ:-Өнгөрсөн онд миний гэр бүлд болоод улс оронд маань олон чухал, онцлох үйл явдал болж өнгөрлөө. Улс оронд маань төдийгүй Британийн хамтын нөхөрлөлийн орнуудад ч, дэлхий дахинд ч чухал үйл явдлууд өрнөлөө гэж эхлүүлжээ. Британийн хамтын нөхөрлөлийн орнуудаар хийсэн айлчлал, Австралид болсон үер усны гамшиг, Шинэ Зеландад болсон газар хөдлөлт гээд олон үйл явдлыг дурссан байна.
URL: