Барс, Алтжин, Бөмбөгөрт хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

48056365_2268799086723767_4416863016230846464_n-810x500Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт шалгалт хийж байгаа талаараа өнөөдөр /2018.12.12/ мэдээлэл хийлээ.

Шалгалтад шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд, хүнсний худалдааны төвүүд, өндөг хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудыг хамруулж байгаа ажээ.

Урьдчилан сэргийлэх шалгалтад 85 аж ахуйн нэгж, 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд  хамрагдсанаас 116 зөрчил илэрчээ.

Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүдэд хаяг шошгын зөрчилтэй 39 гаруй сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авсан байна. Мөн эдгээр газруудад зарж байсан хадгалалтын хугацаа нь дууссан 22 төрлийн 1.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгажээ.

Шинэ жилийн баяр болох гэж байгаа энэ үед иргэдийг худалдан авч буй зүйлийнхээ хаяг шошгыг сайн шалгахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Хуулийн дагуу Монгол Улсад худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний шошго нь англи, орос, монгол хэл дээр байх ёстой ажээ. Хэрэв ямар нэгэн зөрчилтэй бүтээгдэхүүн борлуулж байгаатай таарвал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст өөрийн биеэр мэдэгдэж болохоос гадна 70128012 дугаарын утсанд холбогдон мэдээлэл өгч болох ажээ.

Тус шалгалт арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх тухай ч мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих