Францад онц байдал зарлалаа

f30c7a4b1095eb7a4d448799be535Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн даваа гарагт телевизийн шууд эфирээр мэдэгдэл хийж, улс орондоо эдийн засаг, нийгмийн онц байдал тогтоож байгаагаа зарласан билээ. Тэрбээр мөн ирэх он хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 еврогоор нэмж, ажилтнуудын оны эцэст авдаг үр дүнгийн шагналын мөнгөнөөс татвар тооцохгүй байхаар болсноо зарласан.

Ерөнхийлөгч ийнхүү өөрийн арга хэмжээгээ авсан ч шар хантаазтануудын бослого эсэргүүцлийн хөдөлгөөн зогсохгүй гэдгийг зохион байгуулагч нар нь мэдэгдээд буй юм. Шар хантаазтануудын эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлаас болж төмөр зам, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагууд хохирол амсч байгаа бөгөөд зөвхөн Парис хотод болсон эмх замбараагүй байдлын улмаас үүссэн хохирлын хэмжээ тэрбум еврод хүрсэн талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байна. Ерөнхийлөгч Макроны хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь төсөвт 8-10 тэрбум еврогийн ачаалал үүсгэж байгаа бөгөөд энэ санхүүжилтийг олох аргыг одоогоор эрэлхийлж буй талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Оливье Дюссо мэдэгджээ. Францчуудын олонх нь дөрвөн долоо хоног үргэлжилсэн жагсаал цуглааны хариуд санал болгосон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны хямралын эсрэг авах арга хэмжээнүүдийг амжилттай хариулт болсон гэж үзэж байна.

“OpinionWay” компани Макроныг үг хэлсний дараа 991 хүнээс санал асуулга авсан байна. Макроны ард түмэндээ хандаж хэлсэн үгийг санал асуулгад оролцогчдын тал хувь нь итгэл үнэмшил төрүүлэхээргүй гэж үзсэн бол 49 хувь нь түүний хэлсэн үгийг эерэгээр үнэлжээ. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын дийлэнх нь буюу 60-70 хувь нь Макроны жагсаал цуглаанд оролцогчдод өгсөн хариултыг нийцтэй гэж үзэж байгаа аж. Францын Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа “Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглааныг зогсоохыг санал асуулгад оролцогчдын тал гаруй хувь буюу 54 хувь нь дэмжсэн бол 45 хувь нь үүнийг үргэлжлүүлэх ёстой гэж үзжээ. Түүнчлэн оролцогчдын 66 хувь нь “шар хантаазатнууд”-ыг дэмжиж байгаа бол 34 хувь нь дэмжихгүй байгаа аж.

С.Хорлоо

www.unen.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих