AГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭГДСЭН АЖЛЫН ОРЛОГЫГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 сарын 20-ны өдрийн 523 тоот тушаалаар батлагдсан “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх заавар”-т Тат¬варын ерөнхий газрын даргын 2011 оны 12 сарын 08-ны өдрийн 728 тоот тушаалаар дараах утга бүхий заалтуудыг нэмсэн байна.

Нэмэлт заалтаар хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого”-ыг татвар ногдох орлогоос чөлөөлөх боломжтой болжээ.

Харин ингэхдээ Засгийн газраас гаргасан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг үндэслэх юм байна. Мөн “Хувь хүн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног, төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого”-ыг чөлөөлөх юм байна. Ингэхдээ тухайн орон нутгийн агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрхэлж буй нэгжийн тодорхойлол­тыг үндэслэх аж.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн болон нөлөөлөхүйц бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдаа арилжааг дэмжиж, үүнээс олох орлогоос нь татвар авахгүй байхаар зааж өгсөн байна.

Н.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих