МАНАН-гийн эрх баригчдын луйвардаж завшсан их хөрөнгөөр гэр хорооллыг бүрэн орон сууцжуулах боломжтой байлаа
2018 оны 12 сарын 11-ны өдөр.
Улаанбаатар хот.
Өдгөөгөөс 70 жилийн өмнө буюу 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлан дэлхийн бүх улс орны төр засаг хэрэгжүүлэх ёстой нийтлэг зорилт болгон дэвшүүлж, хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн уг тунхаглалын дагуу хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих, дагаж мөрдөх ёстойг зарлан тунхагласан юм. Ингэснээр эрхтэн дархтануудын дураараа дургих явдлыг хязгаарлан хумьж, харин энгийн хүмүүс, иргэдийн эрх, эрх чөлөөг тогтоон баталгаажуулсан юм.
Харамсалтай нь өнөөдөр энэхүү тунхаглал батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш бүтэн 70 жилийн хугацаа өнгөрсөн байхад МАН-АН-гийн төр засаг, тэдний гар хөл болсон хууль, шүүхийн ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуулинд тусгагдсан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, боловсролтой болох, хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрөө шударга үнэлүүлж хүрэлцэхүйц цалин авах, хууль, шүүхийн өмнө тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг Монгол хүний заяагдмал, салшгүй эрх, эрх чөлөөг алхам тутамд зөрчиж, улстөр-бизнесийн МАН-АН хэмээх гэмт бүлэглэл дур зоргоороо авирлаж, шударга ёсыг шаардсан улс төрийн сөрөг хүчин, хүнийг хавчин гадуурхаж, үзэн ядаж, мөрдөн мөшгөж, айлган сүрдүүлж, хууль ёсыг завхруулж байгаа нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг үргэжлүүлж буй гэмт үйлдэл мөн хэмээн хариуцлагатай мэдэгдэж эрс буруушааж байна.
МАН-АН-гийн бүлэглэлийн нэг толгойлогч Ц.Элбэгдорж: “Хууль зүйн сайд Ц.Нямдорж л Н.Энхбаярыг шоронд хийгээд өгөөч гэж өдөр болгон шахам шалаад байсан шдээ“ хэмээн хээв нэг ярьж байгаа нь цадигаа алдсан МАН-АН өөрсдийнх нь буруу ташаа үйл ажиллагааг нь шүүмжилж эсэргүүцсэн хүн, байгууллагыг хэрхэн хуйвалдан хэлмэгдүүлдэгийг өөрсдөө илчилсэн нэгэн нотолгоо мөн гэж үзэхээс өөр аргагүй.
Түүнчлэн үндэслэлгүйгээр удаан хугацаагаар шоронд хоригдож байхдаа амь насаа алдсан Д.Амарсайхан, иргэддээ тухайн үеийн үнээс хэд дахин доогуур үнээр нүүрс борлуулсаны төлөө хэлмэгдсэн Л.Гансүх нар, С.Зоригийн хэргийн талаар гэмт хэрэг хийсэн эсэх нь баттай тогтоогдоогүй ч гэмт хэрэгтэн болсон хүмүүс зэрэг МАН-АН-гийнханы ажиллуулсан хэлмэгдлийн машины цуст хүрдэнд амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон олон арван хүн, тэдний ар гэрийнхний тухай энэ өдөр сануулах нь илүүдэхгүй гэж үзэж байна.
Хэлмэгдүүлэлтийн хар машин МАХН-ын гишүүд, дэмжигчдийг бусдаас онцгойлон ялгаварлан гадуурхаж, тэднийг сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэнийх нь төлөө мөрдөн мөшгөж, тагнан туршиж, утас, цахим сүлжээг нь хянаж, гэмт хэрэгт санаатайгаар холбогдуулж ирсэний нэгэн тод жишээ бол УИХ-ын 2016 оны сонгуулиар МАХН-ын Сонгуулийн төв штабын Ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян анх МАН-ын 60 тэрбумын луйвар булхайг илчилж олон түмний сонорт хүргэснийх нь төлөө түүнийг хараат шүүхээр оруулан гэм буруутай хэмээн хүчээр ял тулгаж, торгууль төлөх болон МАН-ын удирдлагаас уучлал гуйхыг үүрэгдүүлсэн шийдвэр гаргасан, мөн МАН-АН-гийн гар хөл болсон төрийн тусгай албад 2017 онд МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг тагнан мөрдөж, энэхүү хууль бус ажиллагаандаа гадаадын иргэнийг татан элсүүлж, түүний оролцоотойгоор зохиомол хэрэгт холбогдуулж, Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран сонгуулийн дүнг будлиантуулахдаа их хэмжээний мөнгө тарааж, алслагдсан зарим аймаг, сумын тог цахилгаан, цахим сүлжээг тасалж, сонгуулийн саналын хуудсыг өөрчилсөнөөр ард түмнийхээ сонгох, сонгогдох эрхэд халдсан ноцтой гэмт хэргийг үйлдсэн юм.
МАН-АН бүлэглэл:
-Монгол төрийн албыг худалдаж, зөвхөн нийслэлээс 60,0 тэрбум төгрөгийг босгож хууль зөрчсөн,
-Улсын мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсныг оффшор бүртгэлтэй компанид шилжүүлэн хууль бусаар төрийн өмчийг хувийн компанид найр тавин өгсөн,
-Эрдэнэтийн 51 хувийг барьцаалж Монгол Улсыг өрөнд оруулан их хэмжээний мөнгө хөрөнгө завшсан,
-АСЕМ-ын хуралдааныг зохион байгуулсан нэрийдлээр 300,0 орчим тэрбум төгрөгийн мөнгө хөрөнгийг хууль бусаар зарцуулсан,
-“Төмөр замын төсөл” хэрэгжүүлэх нэрийдлээр 300 орчим сая ам.долларын хэмжээний мөнгө хөрөнгийг үрэн таран хийсэн,
-“ЖДҮ-ийг дэмжих сан”-гаас УИХ, Засгийн газрын гишүүд албан тушаалаа ашиглан, албан тушаалын эрх мэдлийг хэтрүүлэн олон тэрбум төгрөгийг онцгой бага хүүтэй зээл авч, хууль бусаар их хэмжээний ашиг олсон,
-“Оюутолгойн ХОГ”, “Дубайн гэрээ” зэргийг хууль бусаар байгуулж Үндсэн хуулинд бичигдсэн ард түмний мэдэлд байгаа өмчийг гадныханд найр тавин өгч хууль зөрчсөн,
-“Таван толгойн орд”-ын хамгийн ашигтай хэсгийн талаар хуль бус шийдвэр гаргаж Үндсэн хуулинд бичигдсэн ард түмний мэдэлд байгаа өмчийг МАН-АН-гийн төлөөлөл бүхий нэр бүхий иргэд, компаниудад үнэгүй өгч хууль зөрчсөн,
-Их хэмжээний мөнгө хөрөнгийг оффшор дансанд нуусан,
-“Чингис бонд”, “Самуурай бонд”, Төрийн банкны хөрөнгийг хуйвалдан хуваарилах байдлаар завшсан
зэргээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Монгол Улс, монголын ард түмэнд их хэмжээний хор хохирол учруулсаны улмаас нийт иргэдийн гуч гаруй хувь нь ядуу зүдүү амьдралтай, Монгол Улсын гадаад өр 28,0 тэрбум ам.долларт хүрч нялх балчираас авахуулаад хамгийн өндөр настай буурал хүртэл хүн бүр 25,0 сая төгрөгийн өртэй болсон байна.
Тэгвэл МАНАН-гийн эрх баригчдын увайгүй, ичгүүргүй луйвардаж завшсан энэ их мөнгө хөрөнгөөр гэр хорооллыг бүрэн орон сууцжуулах, Улаанбаатарын утааг шийдвэрлэх, олон мянган ажлын байр бий болгох, цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа багш, эмч нарын цалинг хүссэн хэмжээнд нь хүргэн нэмэгдүүлэх, Монгол орноо эрчимтэй хөгжлийн замд эргэлт буцалтгүй оруулах боломж байсан билээ.
МАН-АН-гийн нэр хүнд өдрөөс өдөрт унаж, ард түмэн тэдний бодит нүүр царайг улам бүр танин мэдэж, жигшин зэвүүцэх тусам МАХН, түүний удирдлагын нэр хүнд өсч байгаа нь үнэн билээ. МАН-АН-гийн удирдлага МАХН-аас, хамгийн гол нь манай намыг дэмжиж байгаа ард түмнээс айн сандрахдаа МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийг ялгаварлан гадуурхах ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлж, тэднийг айлган сүрдүүлэхийн тулд мөрдөн мөшгиж, зохиомол хэрэг үүсгэж, хүчээр ял тулгаж байна.
МАХН-ны дэд дарга Ц.Оюунбаатарыг ямар ч нотлох баримтгүй гэрчгүй зохиомол хэрэгт ял тулгаж, ЭМСайд С.Ламбаагийн А/214 тоот “”Тэмээн пологийн Улсын аваргын тэмцээний зардлыг гаргасан “ тушаалыг хэрэгжүүлэхэд амаар нөлөөлсөн гэж буруутгаж, хэлмэгдлийн хонгилоор явуулж, шударга ёсны төлөө тэмцэгчийн амийг таглах, тэмцлийг нь зогсоохыг оролдож байна.
Тэмээн пологийн Улсын аваргын тэмцээнийг холбогдох байгууллагууд иргэд болон банкнаас зээл авч зохион байгуулсан, гарсан зардлыг нь ЭМСяамны сайд С.Ламбаа тушаал гарган олгож, ТББ зээл, өр төлбөрөө төлөөд дууссан, энэ асуудалд Ц.Оюунбаатар огт оролцоогүй, түүний гаргасан шийдвэр, албан бичиг нэг ч байхгүй гэтэл зохиомол хэрэгт яллахаар МАНАН-гийн гар хөл болсон хуулийнхан улайран зүтгэж байна.
МАН-АН-гийн дуулгавартай зарц болсон, эздийнхээ хууль бус захиа даалгаврыг үг дуугүй даган биелүүлдэг хууль, шүүхийнхэн Барилга, хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт гарын үсэг зурж, нийт танхимаараа хэлэлцэн гаргасан хамтын шийдвэр болох Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, 223 айлыг түрээсийн орон сууцанд оруулсаныг нь өлгөн авч түүнийг ганцааранг нь онилж, бусдаас онцгойлон ялган буруутгаж, хохирогчгүй зохиомол хэрэгт хүчээр ял тулган их хэмжээний торгууль ногдуулж, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хасч хэлмэгдүүлэв.
Шударга ёсны төлөө тэмцэж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг АТГ-ын мөрдөгч Ч.Жаргалбаатар гэгч МАНАН-гийн удирдлагын захиалга, дарга нарынхаа өгсөн хууль бус даалгавраар мөн адил бусдаас онцгойлон ялгаварлан онилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “ЖДҮ-тэй холбоотой” мэтээр гүтгэлэг тарааж, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 7.2-т “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэсэн заалтыг санаатайгаар үл хэрэгсэж, нэр төрд нь халдаж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна.
МАНАН-гийн гэмт бүлэглэлээс албан тушаалд томилогдож, тэднээс ил далдаар санхүүжиж, цол авч, одон медаль хүртэж, 1-хэн хувийн хүүтэй зээлийн орон сууц, хангамж авч, олигархиудын хань хамсаатан болсон этгээдүүд хууль, шүүхийн байгууллагад үүрлэж, бүхэл бүтэн сүлжээ бий болгожээ.
Одоо энэхүү гэмт бүлэглэл, тэдний сүлжээг задалж, хүний эрх, эрх чөлөөний талаар зохих боловсролтой, өндөр ёс зүйтэй, шударга хуульчдыг сонгон шалгаруулан томилж, хууль, шүүхийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын хараа хяналтанд оруулах шаардлагатай болжээ.
МАХН, түүний мянга мянган гишүүд, дэмжигчид энэхүү шударга тэмцлийг цаашид ч манлайлах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Улс дахь хүний эрх, хэлмэгдүүлэлт, хууль, шүүхийнхний завхралтай холбоотой бодит байдлыг НҮБ, “Эмнести Интернэшнл” байгууллага, Хүний эрхийн олон улсын байгууллага, нийгэмлэгт хүргэж, хүний эрхийг хамгаалах бүх нийтийн тэмцэлд хүн бүрийг идэвхитэй оролцож, өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна. Эс тэгвээс шударга ёс тогтоосой хэмээн тэсгэлгүй хүлээж байгаа олон түмний зарим нь хуучин ба шинэ МАН-АН-гийн улайрсан тэмцлийг шударга ёс тогтоохын төлөө тэмцэл мэтээр андууран хүлээн авч, цаашид ч хууртсаар, төөрөгдсөөр байх байдал ажиглагдаж байгаад сэтгэл зовниж, ийм байх нь гагцхүү зүсээ хувиргаж байгаа МАН-АН-д л ашигтай шүү гэдгийг анхааруулан сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Улс төрийн намын харьяалал, үзэл бодлын ялгааг үл харгалзан шударга бусын “ХАНА ХЭРЭМ”-ийг нурааж МАН-АН хэмээх амь бөхтэй аймшигт үзэгдлээс бүрмөсөн салснаар хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ ёсоор сэргээн тогтоож, Монгол хүн эх орондоо санаа сэтгэл амгалан тайван, ажил төрөлтэй, амьдралдаа хүрэлцэх орлоготой амьдрах үндсэн нөхцөл бүрдэнэ гэдгийг эрдэм ухаантай, эр зоригтой түмэн олныхоо сонорт хүргэж байна.
Монгол хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх тэмцэлд нэгдэх уриаг СОНСОГТУН, ДЭМЖИГТҮН!
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
URL: