Б.Баярсайханы ёс зүй

30r7vt5ckruuhbiq2jk1er8fu2_b

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн ярианы хит сэдвүүдийн нэг нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы бандаашны явдал болоод байна. Яамаараа Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, агаар салхинд гарахдаа хөгжөөнт тоглоомын үеэр эрхэм Төрийн нарийн бичгийн дарга бандаашаа тайлж өгч дэггүйтсэн байдаг. Энэхүү мэдээлэл сайтуудад гарсны дараа яамныхаа хэвлэлийн төлөөлөгчийг уг мэдээллийг бичсэн гэж хардаж, гүтгэсэн тухай мэдээлэл нь даарин дээр давс нэмж олон нийтийн сүлжээнд Б.Баярсайхан даргын бандаашны хэрүүл утгаараа газар аваад байна.

Үүнээс өмнө Б.Баярсайхан нь төрийн албан хаагчийн албан ёсны анкетаа худал хуудуутай бөглөсөн нь мөн л дуулиан тариад амжсан. Тэрээр 1991 онд Багшийн коллежийн Дуу хөгжмийн ангийг дипломын дээдтэй дүүргэсэнээ анкетан дээрээ Монгол Улсын Багшийн сургууль дүүргэсэн мэтээр бичсэн мөн 1999 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх сэтгүүл зүйн 6 сарын курс төгссөнөө Монгол Улсын Сэтгүүл зүйн сургууль төгссөн гэж мэдүүлсэн нь хэвлэлийнхний хурц хараанд олзлогдоод байгаа юм.

Анкетыг нь үзвэл тэрээр 1999-2002 оны хооронд гадны 4 сургууль төгсч амжжээ. Үнэн бол үнэхээр гайхалтай өндөр боловсролтой гэж ойлгохоор. Үүний тулд төгссөн сургуулиудынхаа дипломуудыг олны өмнө дэлгэх хэрэгтэй л дээ. Үгүй бол угийн өөнтөгч олон нийт Б.Баярсайхан даргад “курсжав” нэр өгөөд амжсан, бандааш хочинд нь энэхүү таагүй хоч бас нэмэр болох вий. Энэ тухайд эрхэм төрийн нарийн бичгийн дарга нэгийг бодож буй биз ээ.

Ер нь бол төгссөн курсүүдээ эгнүүлж бичээд төрийн яамны нарийн бичгийн дарга болчихдог бол цаашид төрийн албанд ийм муу зуршил хэвшил болох хор уршигтай. Нөгөөтэйгүүр төгссөн сургуулиа төрийн албан хаагчийн анкетан дээр худал, ташаа мэдүүлнэ гэдэг төрийн өндөр албан тушаалтан тэр тусмаа Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргад байж боломгүй ёс зүйгүй үйлдэл. Шуудхан хэлэхэд Б.Баярсайхан дарга төрийг хуурч, доромжилсон гэж үзнэ. Үүн дээр бандаашны хэрэг нэмэгдвэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болж байгаа юм.

Уг нь ёс зүйн босго, тотго, ёс зүйн цэвэр ариун байдал гэдэг бол алив төрийн дархлаа, эрхэмсэг оршихуй билээ.


URL:

Нэр: ИРГЭН Огноо: 12 December 2018

УРлагийн л талын,социолизмын үзлээр бол хөнгөн,хуумгай л нөхөр байх нь дээ.

Сэтгэгдэл бичих