Хуулийнхны шударга ёсны хэмжүүр нь Б.Махбалын хэрэг байгаасай

Untitled-1-9Ердөө дөрвөн сарын өмнө л нийгэм тэр чигтээ “тэсэрч” байв. Төрийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидаж, нэгнийхээ аминд хүрсэн нь олон нийтийн бухимдал, хорслыг дээд цэгт нь тулгаж байсан ч харамсалтай  нь өнөөдөр  мартагнах өнгө аястай боллоо. Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хохироосон хэрэг хариуцлага нэхсээр байгааг өчигдөр ар гэрийнхэн нь хоёр дахь удаагаа сануулав.

Хэрэг гарсны дараа яамны удирдлагууд албан тушаалаа өгч “гал”-ыг жаахан намжаасан бол өдгөө хууль хяналтын байгууллагынхан хэргийг хамгийн хөнгөн зүйлчлэлээр шийдвэрлэх, замхруулах тийшээ хандаж буйд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа олон нийтэд хэллээ.

Б.МАХБАЛЫН “АР ТАЛ” ХЭН БЭ?

Төрийн яаманд архидан согтуурч  хүний амь нас хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх хүлээлт, шаардлага нийгэмд бий. Тэр ч утгаараа хууль хяналтын байгууллагын хэр шударга ажилладаг эсэхийг Б.Махбалын хэрэг хэрхэн шийдвэрлэснээр хэмжигдэх учиртай. Гэтэл хуулийнхан нотлох баримтыг дутуу үнэлж, хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхэнд мэдэгдэхгүйгээр шүүхэд шилжүүлсэн, хамгийн хөнгөн зүйлчлэлээр шийтгэх гэж байгаа талаар ар гэрийнхэн өчигдөр мэдэгдсэн юм.

Харин энд нэг хардлага бий. Төрийн байгууллагад архидаж, хүний амь нас хөнөөсөн хэрэг яагаад ийнхүү замхрах тийшээ хандаж буйг Б.Махбалын “ар тал”-тай холбож хардах хүмүүс ч байна. Учир нь салбарын сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ Б.Махбалыг авчрахдаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ж.Гантөмөрийг халсан. Өөрөөр хэлбэл,  Ж.Бат-Эрдэнэ сайдын хууль бус тушаал гарган барин авчирсан Б.Махбал гэж хэн бэ гэдгийг хэвлэлүүд цөөнгүй хөндсөн байдаг. Тухайлбал, Б. Махбалын хувьд ЗТХЯ -ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ирэхийнхээ өмнө УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Ж.Бат-Эрдэнийг 2007-2012 онд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхад Б.Махбал Зам, тээврийн бодлогын газрын дарга байсан гэсэн мэдээлэл бий. Тэр дунд Б.Махбалыг улсын нэгдүгээр хүнтэй холбох учиг ч гарч ирж байв. Б.Махбалын улс төрийн чиг, угшлыг нь хөөж үзвэл яах аргагүй МоАХ руу хөтөлж буй аж. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд байхад хамт ажиллаж байсан гэх холбоо сүлбээ ч яригддаг.

“ТҮҮНИЙ ОРОНД ӨӨР ХҮНИЙГ ТОМИЛОХ САНАЛ ИРҮҮЛЖ БАЙСАН”

Эхнэр дөрвөн хүүхэд нь өнчирч үлдсэн дээрх харамсалтай хэргийн талаар өнгөрсөн есдүгээр сарын 26-нд талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн анх удаа олон нийтэд хандсан юм. Тэр үед талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Миний хүү Т.Гомбосүрэнг архичин, архи уудаг байсан гэж янз бүрээр бичих боллоо. Би хүүгээ архи дарснаас хол хүмүүжүүлсэн” гээд гар утсан дээрх бичлэгийг дэлгэж байв.

Бичлэгт Т.Гомбосүрэн Махбал даргын өрөөнд хүлээж байна гэх утгатай харилцан яриа үлдсэнийг хэвлэлийнхэнд дэлгэх үеэр авга ах  нь “2018 хоёрдугаар сараас хойш миний дүүгийн ажлыг авахаар улайран, санаархаж байжээ. Түүний оронд өөр хүнийг томилох санал ирүүлж байсан. Гэвч АТГ-аас тухайн хүнийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, томилоогүй байгаа юм. Хэрэг гарсны дараа дүүгийнхээ өрөөнд ороход компьютер нь асаалттай, түлхүүр нь сандал дээр өлгөөтэй, Махбалын өрөөнд орсон байгаа юм. Миний дүүгийн амь насыг хохироосон хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг холбогдох газрын хүмүүсээс хүсч байна. Энд хэн нэгний ашиг сонирхол байна” гэсэн юм.

Р.Төмөрхуяг: Б.МАХБАЛЫГ ХАМГИЙН ХӨНГӨН ЗҮЙЛ АНГИАР ШИЙТГЭХ ГЭЖ ГЭЖ БАЙНА

Тэгвэл хоёр сар га­руйн дараа буюу өчиг­дөр талийгаач Т.Гомбо­сүрэнгийн аав, өмгөөлөгч нар дахиад олон нийтэд хандахдаа ноцтой мэдээлэл хийлээ. Хууль хяналтынхан хэргийг замхруулахвий гэхээс эмээж, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж буйгаа хэлсэн юм.

Энэ талаар талийгаа­чийн аав Р.Төмөрхуяг “Хүүгийнхээ ясыг өн­дөл­зүүлээд хурал хийхээс аргагүй боллоо. Хуу­лийн­хан үнэн мөнийг олчих болов уу гэж хүлээсэн ч бодож, санаснаар болох­гүй байна. Хуулийн байгууллага энэ хэргийг татаж аваад их тодорхой нэмэлт байцаалт хийгээд сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Үнэн зөвөөр шийдэх нь үү гэж бодож байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд итгэл алдарлаа. Үнэн зөвөөр шүүх нөхцөл үүссэнгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсангүй. Зарим нотлох баримт байхад лавшруулж, мэдээлэл авсангүй. Бидний сэтгэлд хүрэхгүйгээр хэргийн материал бүрдүүлээд прокурорт өглөө. Прокурор бидэнд мэдэгдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Прокурор зүйлчлэлийг нь буулгаад, хөнгөрүүлээд, хамт хэрэгт авагдаж байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалыг хам­гийн зөөлөн зүйл ангиар ял оноосон байна.

Энэ хэрэг бол албан тушаалын хэрэг. Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байсан. Энэ бодол санааг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Д.Цогтгэрэл нотолсон. Сайдын өрөөнөөс эхэлсэн архидалт өдөржингөө үргэлжилж амь насыг хөнөөсөн. Ажлыг нь авахын тулд амь насыг хөнөөсөн гэдгийг дэд сайд нь нотлоод өгчихсөн байхад цагдаа, прокурор хэрэгссэнгүй. Хууль хяналтын байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөлгүй тоглоом болгоод өнгөрөх гэж байгаад харамсаж байна. Хууль зүйн сайдад 14 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлнэ. Цагдаагийнхан хэргийн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,  прокурор дээр очихоор зүйл ангийг нь буулгаж байна” гэлээ.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Прокуророос  гарсан шийд­вэртэй санал нийлэх­гүй байна. Хэтэрхий хайнга хандаж байна. Өнгөрсөн аравдугаар сард “Ажил албан тушаалтай нь холбогдуулж талийгаачийн амь насанд халдсан  байж болзошгүй нөхцөл байгаа учраас хэргийг илүү нягт нямбай шалгах ёстой” гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас гомдлыг шийдэх боломжгүй  гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа  дахин гомдол  гаргахад  гомдлыг шийдээгүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Хэргийг шүүхэд шилжүүлж байгааг хэвлэлээс олж уншлаа. Нэг талаас төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт явуулах үүрэгтэй, нөгөө талаас хохирогчийн эрхийг хамгаалах функцтэй үүргээ хэрэгжүүлж байгаа прокурорын байгууллага хууль зүйн хүрээнд ажиллаж чадсангүй. Хэт яарсан, шийдвэр гаргасан нь хохирогчийн эрхийг дахин хохироох үндэслэл болж байна.

Прокурорын байгууллага анх Эрүүгийн хуулийн  10.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар ердийн хүн амины хэрэг гэж үзэж байсан бол шалгалтын явцад мөрдөн байцаах албанд хэрэг шилжсэнээс хойш 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгээр буюу хэргийг хүндрүүлж шалгасан. Гэхдээ ажил албан тушаалтай холбоотой үндэслэлээр биш өөр үндэслэлүүдээр шалгасан. Мөрдөн байцаалт дууссаны дараа хүндрүүлж шалгаж байснаа өөрчлөөд ердийн хүн амины хэрэг гэж үзээд шүүхэд шилжүүлсэн байгаа юм.

“Хэргийн зүйлчлэлийн асуудлыг өөрчилсөн нь буруу. Үүн дээр хүндрүүлэх ёстой” гэсэн бидний гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байхдаа хэргийг шүүх рүү шилжүүлсэнд гомдолтой байна. Талийгаачийн хувьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулж түүний амь насанд нь санаатай халдсан болзошгүй нөхцөл байдал илэрсэн.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр  зүйлийн нэг дэх  хэсэг буюу  ердийн хүн амины хэргийн ял шийтгэл 8-12 жил хорих ял. Харин 10.1 дүгээр зүйлийн  хоёр дахь хэсэг хүндрүүлэх нөхцөл буюу хүний амь  насанд санаатай халдсан бол 12-20 жил  хорих эсхүл бүх насаар нь  хорих ял оноодог. Ял шийтгэлийн хувьд асар их ялгаатай”  гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих