МАЛААР БАЯН МАХААР ХОМС МОНГОЛ

Энэ өвөл, ирэх хавар махны үнэ дийлдэхээ болино гэж халуун намраар л жиг жуг хийлцсэн. Үнэхээр ч махны үнэ чангарсаар байна. Мах идэхээсээ өнгөрөв бололтой гэж өвөр зуураа ярилцах хүмүүс захаас аван тааралдах болж. Бид өөрсдөөсөө хэдэн арав дахин илүү малтай, махаар дутагдаж, махны үнэнд дарлуулж суух ч ёсгүй хүмүүс л дээ. Өвөл наашлангуут гулууз гулуузаар нь мах бэлтгэж базаадаг айлын тоо жилээс жилд цөөрч бор хоногийг өнгөрөөх төдийхнийг арай чамай худалдан авагсад олширлоо. Таван ам бүлтэй айлын хувьд өвлийн идэш болох нэг үхэр, ганц хоёр богийн мах авахад 700 мянган төгрөг хол давна. Энэ бол хамгийн хямдаар тооцоолсон үнэ. Тухайлбал нэг үхрийн махыг дунджаар 160 орчим кг гэж үзээд бөөний үнэ 3900 төгрөгөөр бодоход 624 мянган төгрөг. Хөдөө суманд танил тал, ах дүүтэй бол энэ үнээс наанадаж 100-150 мянган төгрөгөөр хямд авах боломжтой. Дундаж орлоготой айлуудын хувьд энэ хэмжээний үнийг яаж ийгээд аргалчихна. Харин үүнийг дийлэхээсээ дийлэхгүй нь олонхи, юун тэр өвлийн идэштэй манатай.

Хөдөө тал минь малаар дүүрэн байтал хөргөгч сав минь махаар дутмаг байдаг нь юу юуны учир вэ? Уг нь намрын сүүлээр махны үнэ буурдагсан. Гэвч махны үнийг буурахаар өвлийн идшээ базааж авах манатай юм л боллоо. Урьд жилүүдэд бас ч үгүй идэшний цагаар махны үнэ алдаг оног доошилдог байсансан гэж хөөрхий мах мөрөөдсөн монголчууд шүүрс алдан дурсах. Загасчны морь усгүй гэдэг л энэ байх даа.

Махны үнэ тэнгэрт хадах шалтгаан нөхцлийг олон талаас харж болох аж. Хамгийн эхний бөгөөд гол шалтгаан нь манайд ченжийн тогтолцоо баттай оршин тогтносоор байгаа явдал. Малчдын гар дээрээс хэрэглэгчийн гарт хүртэл дор хаяж гурав дөрвөн дамжлагатай. Ченж тус бүр дамжуулан борлуулсныхаа хөлсийг нэмнэ. Нэг ёсондоо бид ченжээс ченжийн хооронд дур зоргоор нэмсэн үнэнд өдгөө ийнхүү дарлуулан суугаа гэхэд болох. Хэн нэгэн махны ченж байгаа цагт монгол хүн малын махаа бодит бөгөөд боломжийн үнээр авах гэдэг худал зүйл. Зах зээлийн чөлөөт нийгэмд амьдарч байгаа хүн мал махны наймаа эрхлэх нь  дурын хэрэг. Тэд хэнээс хэдэн төгрөгөөр аваад өөрийнхөө ажлын хөлсийг хэдээр үнэлж хэдэн төгрөгөөр мах борлуулах нь ч хэнд ч хамаагүй болсон зүйл. Дурын нэг мах худалдаалагчаас  махны үнэ яагаад өсөөд байгааг лавлангуут цаанаас ирж байгаа үнэ нь өндөр хэмээн ам таглана. “Цаана” гэдэг нь нэгэн дамжлага ченж. Тэрхүү ченжийг нь олж сураглан мөнөөхөн үнийн талаар асуувал мөн л “цаанаас” шалтгаалсан гэх. Энэ л ченжийн цаана нуугдсан ченж, түүний ард байгаа шат дараалсан ченжүүд махны үнэн дээр ноён сууж байгаа хэрэг.

Өл залгуулах төдийхөн хоног өдрийг өнгөрөөж байгаа айл өрх нийслэлийнхний ихэнх нь. Гэтэл нэг кг махыг 5000 байтугай тавин мянгад хүрлээ ч торох юмгүй худалдан авагсад буюу эрхэм дээдсүүд маань махны үнийг тогтвортой байлгахад тэгтлээ ч анхаарахгүй байх нь зүйн хэрэг биз. Яахав, жил бүрийн хавар махны үнийг тогтвортой хэмжээнд барих нэртэй хөрөөдөж жижиглэсэн ясан үйрмэгтэй, амт шимтгүй мах худалдаанд гаргадаг заншил тогтоож буй. Гэвч хэд гуравхан төгрөгний хямдыг харж муу мах идсэнээс шинэ махны үнэр авсан нь дээр гэж үзэх нь ч олон.  Энэ жил Улаанбаатарт 12 мянган тонн, Дархан Эрдэнэтэд 1000 тонн, бусад аймаг тус бүр 100 тонн мах нөөцөлнө. Нөөцийн мах нийлүүлэх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж 22 болсон нь нэг талаар махны нийлүүлэлтэнд айх юмгүй мэт боловч нөгөө талаар мах тойрсон бизнес ихээхэн ашигтай томоохон байр суурьтай байгааг харуулж байгаа юм. Энд мөнөөх л ченжийн үйл ажиллагаа явагдаж л байгаа гэсэн үг. Мөн мах нөөцлөх компаниуд маань “цаанаас” авсан өртгөө боломжийн хэмжээнд нэмж нийлүүлж таараа. Үүн дээр нийлүүлэх махны нэг килограмм тутамд улсаас 500 төгрөгийн урамшуулал олгох гэнэ. Тэгэхээр  тухайн компани чамлахааргүй ашиг олно. Гэхдээ хаврын хахир тарчиг цагаар өл залгуулах махыг маань бэлдэх буянтангууд хэд гурван төгрөгийн ашиг хонжоо олох нь юуны хамаа. Чухамдаа түүнийх нь чанар хийгээд үнэ нь мань мэтийгээ туйлдуулах хэмжээнд бүү байгаасай гэж залбирах л үлдсэн мэт.

Маханд дуртай монголчуудын нэг би бээр мах магнаг болох шалтгаан нөхцлийг таамаглан гомдоллох нь барагдахгүй аж. Дөч орчим сая малтай хэрнээ мал эмнэлгийг хэрэггүй мэт хол хаячихсан явдал манайхны том алдаа болсон. Мал эрүүлжүүлэх, вакцинжуулах асуудал орхигдсон учраас мах экспортлох асуудал ч тун дэгэн догонтой.  Чанарын хяналтыг яаж ийгээд давсан мах нь гадагшаа гарахдаа ч хямдхан. Өнгөрөгч жил хоёр доллар гаруйхнаар экспортолж байсан үхрийн нэг кг махыг энэ жил 3.5 ам доллараар экпортлохоор төлөвлөсөн аж. Энэ нь одооны ханшаар 4850 төгрөг. Энэ үнэ нь “Хүчит шонхор” захын жижиглэнгийн үнийн дундаж ханштай дүйцэж байгаа юм. Малын өвчлөл ихтэй орны тоонд ордог манай махыг өдий зэргийн үнээр авч байвал их юм биз. Манай улс махны үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц боломжоор хаанахын аль ч улсаас дутахааргүй. Мал эмнэлгүүдийг дахин сэргээж, малчдын хариуцлага санаачлагыг дэмжин дээшлүүлж мал махны чанар, эрүүл ахуйг бодлогоор анхаарах зайлшгүй шаардлага манайд аль эрт бий болсон. Малын өвчлөлөөс болоод хэд хэдэн улс манайхаас багагүй хэмжээний мах авах гэрээгээ цу­цалж байсан ч удаатай. Зарим нутагтаа бэлчээрийн даац хэтэр­тэл өссөн монгол мал ийнхүү дотооддоо олдохоо больтол үнэ нь хадаж, гадаадад гарцгүй болтлоо чанаргүйдэж байгаагийн учир хаана, хэнд вэ. Гэхдээ экспортолж байгаа үнэ нь л энэ болохоос манай мах гадагшаа гарсан хойноо чамгүй үнэ хүрдэг сурагтай. Малын өвчлөл их, чанар аюулгүйн баталгаа муу энэ тэр гэж гоочлогдон байж хоёр гуравхан доллараар үнэлэгдэн хил давдаг мах хүрэх эзэндээ бол хэдэн арван ч доллараар үнэ хүрдэг гэнэ. Урд хөршид л гэхэд чанараасаа шалтгаалан 12-30 хүртэл долларт хүрдэг гэсэн яриа бий.  Ийм үнэ хүрч чадаж байгаа юм чинь мал махныхаа чанарыг хангалттай хэмжээнд анхаараад эхэлвэл экспортын махныхаа үнийг нүүр улайлгүй нэмэх боломж манайд бий шүү дээ.

Энэ мэтээр махны наад цаад, гадаад дотоод үнийг тойрон тоочоод байвал хэлэх зүйл ч их, бухимдан унтууцах зүйл ч олон аж.  Аймаг сум даяараа хөдөлж байж үй түмээр өсөөд байгаа малынхаа тоог чүү ай гаргаж авдаг манайхны хувьд махны үнэ дээр ингэж толгойгоо өвтгөж, мах идэх үү байх уу гэдэгтээ тултал тарчигхан суух даанч өрөвдөлтэй санагдана.

Г.Урантуяа

montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих