ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ БУЦААН АВАХ ИРГЭДИЙН НЭРС ГАРАВ
БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад нутаг буцсан эрх бүхий монгол иргэдээс тус улсын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн шимтгэлээ буцаан авах шимтгэлийн нэхэмжлэх баримт бичгийг хүлээн авах, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албатай “Харилцан ойлголцлын санамж” бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.
Уг санамж бичгийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад нутаг буцсан шимтгэл буцаан авах эрх бүхий монгол иргэдээс шимтгэлийн нэхэмжлэх баримт бичгийг хүлээн авах, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн Албанд хүргүүлэн шийдвэрлүүлэх, хариуг нь мэдэгдэх, мөн буцаан олголттой холбоотой асуудал, өргөдөл гомдлыг шийдвэрлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.
Энэ удаа БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлээ буцаан авах эрх бүхий 4057 иргэдийн нэрсийг гаргасан байна.
Эдгээр нэр бүхий иргэд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлээ буцаан авах боломжтой аж. Шимтгэлээ буцаан авах эрх бүхий иргэд http://www.ndaatgal.mn/ болон http://www.ndaatgal.mn/tailan/files/butsaan%20olgoltiin%20ners.pdf гэсэн цахим холбоосноос нэрсээ харж болох юм байна. Уг хэлэлцээр хийгдэж эхэлснээр БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх үүссэн /давхардсан тоогоор/ 10676 монгол иргэдийн 11,0 тэрбум воннын шимтгэл буцаан олгогдоод байгаа аж.
Н.Туяа
URL: