С.Эрдэнэ: Хятадууд доллар бол цаас юм гэдгийг маш сайн ойлгосон
-Тавантолгойн хувь заяаг он гарангуут шийднэ гэж байсан. Яг хэдийгээр хэлэлцэх гээд байна вэ?
-Тавантолгой бол дэлхийд гайхагдсан стратегийн том орд. Бид энэ ордыг нэн яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэмд үр дүнгээ өгөх нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдсэнгүй. Түүнчлэн мордохын хазгай гэдэг шиг эхнээсээ л хууль зөрчсөн үйлдлүүд явагдаж ирсэн. Ийм байдлаар удаан явах юм бол Тавантолгой монголчуудад биш гаднынханд өгөөжөө өгнө. Бидэнд баялгаа ухуулсан хоосон, цөлжсөн нутаг дэвсгэр л үлдэх аюул нүүрлээд байна. Тийм учраас Д.Ганхуяг гишүүн бид хоёр Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьсан. Одоогоор хариугаа аваагүй л байна.
-Тавантолгойн асуудал анхнаасаа л хууль зөрчсөн гэж та хэллээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
- УИХ-ын 27-р тогтоолыг 2007 оны хоёрдугаар сарын 6-нд баталсан байгаа. Энэ тогтоолын 4-рт Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой, Асгат, Цагаан суварга зэрэг орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших тухай саналыг эхний ээлжинд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг өгөн даалгах сугай гээд заасан. Гэтэл 2008 оны гуравдугаар сарын 19-нд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойгоос Ухаа худагийг таслаад MCS-д эзэмшүүлэхээр өгсөн. MCSкомпани 1999-2008 оны хооронд лицензийн төлбөр гээд нэг сая ам.доллар төлсөн байдаг. Гэтэл одоогоор Ухаа худагийн нүүрсний нөөцийн үнэлгээ нь 4-5 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, MCSнэг сая ам.доллараа дөрвөн мянга дахин өсгөсөн байгаа юм. Эндээс эхэлж луйвар явагдаж эхэлсэн. Үүнээс гадна, УИХ-ын 39-р тогтоолын 1.1-д Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар гүйцэтгүүлэх гээд заасан байгаа. Түүнчлэн Тавантолгойн нүүрс олборлох “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 50 хүртэлх хувийг Монголын ард түмэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлнэ гэж заасан. Гэтэл өнөөдөр юун 50, дөнгөж арав, арван хувийг нь л эзэмшиж байна шүү дээ. Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд байна.
-Тавантолгойн ордыг дахин хувааж, Цанхийн баруун хэсгийг дотоодынхонд, зүүн хэсгийг нь гадаадынханд өгөх тухай яригдаж байна. Тэгэхээр энэ ч гэсэн хууль бус үйлдэл үү?
-Тэгэлгүй яах вэ, харамсалтай нь энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдэд УИХ хяналт тавьж чадахгүй байна. Түүнчлэн хуулиа хамгийн сайн биелүүлэх төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрдэнэс МНГ мэдсээр байж хууль зөрчөөд байгааг юу гэж ойлгох вэ. УИХ-ын тогтоол, шийдвэр байсаар байтал шүү.
-Тавантолгойд оператор компаниар оролцох тендер зарлаад гадаадын гурван компани сонгон шалгаруулалтад үлдсэн гэсэн. Тэдгээр компанийн аль нь илүү шанстай байгаа бол?
-Сонгон шалгаруулалтад үлсэн гурван компани маш их хэл амтай байгаа. Хоёр нь нэг компанийн гарал үүсэлтэй. Хамгийн харамсалтай нь сонгон шалгаруулалтад үлдсэн нэг ч үндэсний аж ахуйн нэгж байхгүй. Яахаараа заавал гадаадынханд өгөх гээд байгаа. Хууль бусаар авсан гээд байгаа Ухаа худагаас “Энержи ресурс”-ийнхан нүүрс олборлоод ашиглаад болоод л байна шүү дээ.
-Засгийн газар Тавантолгойг ашиглахдаа үндэсний аж ахуй нэгжүүдийг 100 хувь дэмжинэ гэж зарлаж байсан. Үүний дараа үндэсний аж үйлдвэрүүдийн нэгдэл болох “Монгол 999” ХХК байгуулагдсан санагдаж байна?
-Засгийн газар, төрөөс явуулж байгаа бодлогын ам ажил хоёр нь байнга зөрдөг.Тухайлбал, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгнө гээд төсөвт суулгасан 800 гаруй тэрбум төгрөгийн тал хувийнх нь эх үүсвэр байхгүй. Төсөв хэлэлцэж байх үед эх үүсвэргүй мөнгийг төсөвт суулгаж болохгүй гээд байхад л ирээдүйгээсээ зээлнэ гээд оруулсан. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа урьдчилгаа авна гээд. Гэтэл өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчаа зарлаагүй, гэрээ байгуулаагүй байна. За яах вэ, хөрөнгө оруулагчаа зарлаж, гэрээ байгууллаа гэхэд тэр компани нь урьдчилгаа төлөх ч юм уу, үгүй ч юм уу гэдэг нь эргэлзээтэй. Ер нь, төсвийг хэзээ ч эх үүсвэргүй баталж болдоггүй л байхгүй юу.
-Энэ сараас эхэлж 21 мянган төгрөгөө өгч эхэлнэ. Энэ мөнгө төрийн дансад бий юу?
-Эхний хэдэн сарын мөнгө бол байгаа байх. Харин цаашид яаж өгөхийг мэдэхгүй.
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд бүрэн оруулаагүй байхад жижиг Тавантолгой гэх мэт газруудаас олборлож байгаа нүүрс Хятад руу их хэмжээгээр гарч байгаа. Хятадууд ч нүүрсний нөөц бүрдүүлээд эхэлсэн гэж байгаа. Харин хилээр гарч байгаа тэр их хэмжээний нүүрсний татвар гэж хэдэн төгрөг улсад орж ирсэн бол?
-Хятадууд нүүрсний нөөц бүрдүүлж байгааг нуугаад байх асуудал биш. Хятадууд өнөөдөр валютын нөөцийг доллар гэж харахгүй, байгалийн гаралтай түүхий эд гэж харж байгаа. Тэд доллар бол цаас юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Одоо тэдний бодлого өөр болж, өөрсдийн үндэсний уурхай, орд газраа хаагаад нөөцөлж эхэлсэн. Тэгээд гаднаас стратегийн ач холбогдолтой түүхий эдийг маш их хэмжээгээр импортлох бодлого барьж байгаа. Бидний хувьд өнөөдөр мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ үүнд төрийн тодорхой бодлого байх хэрэгтэй. Уг нь төр судалгаа дүгнэлт хийж, бодлогоо тодорхойлох ёстой байтал мөнгө олохын төлөө их багагүй уралдаж байна. Асуудал тавьж, шүүмжлэхээр хүлээж авахгүй байгаа нь бүр ч харамсалтай. Ер нь бол Д.Зоригт сайдыг огцруулах тухай асуудал оруулсны гол шалтгаан нь энэ шүү дээ. Сайд салбарынхаа ажлыг хийж чадахгүй байна, Засгийн газарт асуулга тавихад үнэн бодит мэдээлэл өгдөггүй, УИХ-аас баталсан хууль, тогтоолыг удаа дараа зөрчсөн. Татварын тухайд бол улсын төсөвт хэдэн төгрөг орж ирсэн талаар мэдэх юм алга. Энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй байна. Миний сонссоноор мэдэгдэхүйц их хэмжээний мөнгө орж ирээгүй.
-Тавантолгойн ордыг Оюутолгойн араас орох нь гэж хардаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Үүнтэй та санал нийлэх үү?
-Төсөв батлах гэж байхад би “Та нар эх үүсвэргүй, цоорхойтой төсөв баталж дараа нь тухайн хөрөнгө оруулагчтай хийх гэрээнд шахаанд оров” гэж хэлж байсан. Цаад компани дуртай нөхцлөө тавина, тэгээд хүлээж авахгүй гээд яах юм бэ. Хэрэв хүлээж авахгүй гэвэл төсвийн эх үүсвэр байхгүй, сүүлд нь төсвөө нөхөж чадахгүй баларна. Энэ мэт асуудлууд байна.
Н.Хулан
URL: