Э.Батшугарыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дуудаж, тайлбар авсан тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Түүнийг төрийн өмчийг давуу эрхээр, хууль бусаар хувьчилж авсан хэрэгт буруутгаж буй. Харин түүнийг дээрх хэрэгт холбогдуулан саяхнаас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ. Э.Батшугарт холбогдсон хэргийн талаар тодруулахад нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчиж, хувьдаа завшсан гэх хэрэгт Н.Энхбаярын шадар туслах асан Б.Тулгыг өнгөрсөн сарын 22-нд саатуулсан. Гэтэл ут хэрэгт түүний ах Б.Хуяг холбоотой байж болзошгүй хэмээн үзсэн. Учир нь Э.Батшугарын гэгдэж буй “Ремиф” компанийг анх Б.Тулгын нэр дээр байгуулсан байдаг. Харин хожим нь ут компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Хар дун” гэдэг компанийг байгуулж, захирлаар нь Б.Тулгын ах Б.Хуяг ажиллаж байжээ. Энэ хугацаанд тэрбээр “Хар дун” компанийн нэр дээр “Өргөө” зочид буудлыг хууль зөрчиж хувьчилж авсан байх магадлалтай аж.
Д.СҮХ
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: